sonin.mn
Улстөр судлаач, философийн доктор С.Молор-Эрдэнэ таван багц лекц унших гэж байгаа аж. Тодруулбап, Утгатай, итгэлтэй би байх, Хамтдаа сайн, сайхан амьдрах, Үндэсний хүслийн, Хангалуун амьдралын, болон Оюунлаг амьдралын филисофи. Түүнтэй уулзаж ярилцлаа.
 
 
-Цуврал лекц унших гэж байгаа юм байна. Яг ямар зорилготой лекц юм бэ. Таны лекцэнд сууснаар юу олж мэдэх юм бэ?
 
-Бид болохгүй байгаагаа мэдэж байгаа. Болохгүй байгаагаа ойлгодог болох ёстой л байхгүй юу. Ер нь буруу явчихсан юм байна гэдгээ ойлгоно. Нөгөөтэйгүүр мэргэжлийн биш хүмүүс худлаа их мэдэмхийрдэг юм байна. Хаана сурсныг нь мэдэхгүй, ямар хэлтэйг нь мэдэхгүй, ямар ном уншиж боловсорсныг нь мэдэхгүй байж харанхуйгаар хүмүүст үнэмшээд яваад байна. Гэтэл тэр хүмүүс чинь зүгээр гудамжинд яваа энгиин хүнээс ямар ч ялгаагүй этгээдүүд байгаа юм. Яаж ийж байгаад энд тэндээс диплом авчихсан. Худлаа, хуурамчаар...
 
Энд тэнд гадаадад явж байгаад нэг диплом өвөртлөөд ирчихсэн. Тэгээд маш буруу, огт худлаа зүйл яриад хүмүүсийг төөрөгдөлд оруулаад байна. Жишээлбэл, зүүд гэхэд л буруу тайлбарлачихдаг. Зүүд бол зөн билэг ч гэх шиг...
 
Гэтэл бид нар зүгээр л өдөр болсон үйл явдлыг шөнө тархи засаж янзалж байдгийг мэднэ. Шашин гэхэд л буруу ойлголттой. Бид нарыг аврах ч юм шиг ойлгоод байдаг. Үгүй шүү дээ. Биднийг хүмүүжилтэй болгоход л хэрэгтэй зүйл шүү дээ. Түүнээс биш эмчлэхгүй. Хүмүүс сүм хийд рүү очиж эмчлүүлэх гэж байна. Тэндээс эм аваад байна.
 
Тэгж болохгүй. Эмчээс л эм авах хэрэгтэй. Дуртай хүн эмийн жор бичиж байна. Ямар ч мэргэжлийн, анхан шатны ч мэдлэггүй хүн эм бичээд сууж байдаг. Энэ бол маш аюултай. Энэ олон аптек эмээр зодож байна шүү дээ, монголчуудыг. Өвөл болохоор эрүүл мэндээ баллах явдал бүр хэрээс хэтэрдэг.
 
Үнэн худал нь мэдэгдэхгүй эмийг ханиад хүрлээ гээд л дураараа аваад уучихдаг. Энэ байдал биднийг баллана шүү. Их, дээд сургууль гэхэд л фрофессор нэртэй, доктор цолтой улс сууж байдаг. Яаж байгаад авчихсан юм бэ, бүү мэд. Тэгээд л хүүхэд залуучуудын тархийг бузарлаж байна гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй байх.
 
Өөрсдийнхөө дотроос нэг хүнээ ректор болгочихож байна. Миний хэлэх гээд байгаа зүйл бол мэдлэг боловсролтой хүнээс нь л суръя. Бидний монголчууд сүүлийн 20 жилд мэдлэг боловсролтой болж чадаагүй. Тийм учраас гадаадаас мэдлэг боловсролтой хүнийг нь авчираад ядаж нэг тав арван жил тэдний үгийг сонсъё.
 
Их дээд сургуулиудын ректоруудыг сольё. Гадаадын мундаг хүмүүсийг тавья. Болно ш дээ. Шинжлэх ухааны академи ч ялгаагүй. Тав зургаан жил тэгж байж л бид жаахан учраа олж жинхэнэ мэдлэг гэдэгтэй танилцахгүй бол захын нэг өвчтэй солиотой нөхөр "сайхан" яриад л... Та нар мэдэж байгаа.
 
Хамгийн эхний жишээ бөө. Хоёрдугаар жишээ бол улстөрч. Сонгууль дөхөхөөр улстөрчид юу ярьдаг билээ. Ялах гэж хачин юм ярьдаг шүү дээ. Хөдөө орон нутагт оччихсон, удахгүй усаар ажилладаг машинтай болно гэж ярьж байна. Энэ чинь нийт нийгэм, иргэдийн боловсролын түвшин ямар доогуур байгааг л харуулж байгаа юм. Яагаад ийм болчихов.
 
Уг нь , бидний 99,9 хувь нь бичиг үсэгтэй гэж гадаадад гайхуулдаг л орон байсан. Тэгэхээр одоо бид буруу зүйлээ засч залруулах төөрөгдлөөсөө гарах гэж , л энэ лекцүүдийг уншиж байгаа юм. Би өөрийнхөө санааг хэлж байгаа юм биш. Германууд надад докторын цол өгөхдөө ямар надад өгсөн биш. 
 
 
-Уг нь боловсролын түвшингээр манай улс чинь гайгүй гэгддэг биш билүү?
 
-Юуг нь нуухав, өнөөдөр байгалийн салбар гэдэг ч юм уу дандаа материаллаг салбарт л боловсрол явагдаад байгаа болохоос бидний ухааныг хөгжүүлэх боловсрол огт явагдахгүй байна. Үнэхээр харамсалтай хэрэг.
 
Тийм ч учраас би энэ дутагдлыг арилгая гэж бодсон юм. Улс төр, нийгэм, эдийн засгаас эхлүүлээд л урлаг спортын салбар бүгд л онолгүй, боловсролын маш доогуур түвшинд явж байна. Гудамжинд явж байгаа хүнээс ялгаатай хүмүүс улстөр хийгээд яваад байдаг.
 
Гудамжинд явдаг жирийн иргэнээс ямар ч ялгаагүй хүн банк, төв банкны захирал, эдийн засгийн том албан дээр суучихдаг. Энэ бол маш буруу жишиг. Хамгийн сүүлд би Ар Монгол асуудалтай байна гээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид зориулж нэг нийтлэл бичсэн юм.
 
Тэнд, бид ерөнхийдөө доод түвшний хүмүүсээ дээрээ гаргачихсан байна. Сүүлийн 20 жилд дээд хүмүүсээ бэлдээгүй юм байна гэдгийг л хэлсэн. Ерөнхийдөө мэдлэг боловсрол хэмжүүргүй болчихсон байна, өнөөдөр. Ямар ч шалгалт, шалгуургүй болчихсон. Мэдэж л байгаа байх.
 
15, 20 давхар байшинг мэргэжлийн хяналтынхан шалгаж байж авдаг. Бүх юмыг нь хийчихсэн байхад байшинг хүлээж авдаггүй. Гэтэл хүний тархи толгойд хийж байгаа, ухааныг хөгжүүлэх ёстой лекц уншаад ном бичээд, хичээл заагаад байгаа хүмүүсийг хэзээ ч шалгадаггүй. Энэ л бидний аюул.
 
Тэр хүмүүс нийт олонд оюуны гэмтэл учруулдаг. Яагаад гэвэл өөрсдөө хичээл зааж байгаа оюутнуудаасаа ялгарах дээд хэмжээний боловсролгүй учраас тэр.Тийм ч учраас би лекцээрээ дамжуулан хүмүүст жишиж харах боломж олгохыг зорилгоо болгосон.
 
Жинхэнэ мэдлэг гэж юу байдаг юм бэ, алдаатай буруу мэддэг гэж юу байдаг юм бэ. Хүн төрөлхтний яриад байгаа, хүрч ирж бидэнд заагаад байгаа хүмүүсийн боловсрол нь ямар байдаг юм бэ.
 
Тэрнийг л мэдэж авч оюуны эрх чөлөөгөө олж авахгүй бол оюуны доод түвшинд оччихсон байна, монголчууд. Ерөнхийдөө л хүмүүс эрх чөлөөгүй, бялдуучилж, долигоносон, хүний сүүдэрт нуугдсан, ээж, ааваараа хувь заяагаа шийдүүлсэн, мухар сүсэгт амьдралаа даатгасан маягийн, бие дааж ухаанаа хөгжүүлэх чадвараар маруухан байдаг болчихож.
 
 
-Таныг боловсролын түвшин тааруу байгаад бухимдаад байгаа юм байна гэж ойлгож болох уу?
 
-Би МУИС-д философийн хичээл зааж байсан хүн. Тэр үед оюутан залуучуудыг харахад ерөнхийдөө 10 жилийн сургуульд ороод ирчихсэн юм шиг санагддаг байсан. Өөрөөр хэлбэл 10 жилийн сургуулийн үргэлжлэл явагдаад байдаг, их сургуульд. Зүй нь их сургуульд орсон залуу хүний ухаан хөгжөөд тэндээс гарах ёстой юм л даа.
 
Гэтэл куманист боловсрол олж авч чаддаггүй. Өнөөдөр бид дандаа зөрчил, будлиан, бухимдал, хэрүүлтэй, бүх юмыг эсрэг тэсрэг харьцангуй гэж буруу ойлгодог болж. Хүмүүс, өөр хоорондоо ялгаатай байх ёстой гэсэн сонин, буруу ойлголт яваад байдаг.
 
Уг нь бид адилхан боловсрол, үнэлэмжтэй, амьдралыг ойролцоо харцаар харж явах ёстой. Ялгарч болохгүй. Ялгарвал баларна. Энэ ялгаатай байдаг нийгмийг урагшилж хөгжихөд асар том тээг болдог. Шуудхан хэлэхэд миний хийгээд байгаа зүйлийг Монгол Улсын төр хийх ёстой. Товчхондоо би төрийн ажлыг хийж байгаа хүн.
 
Харамсалтай нь өнөөдөр төрийн хүмүүст ном уншиж өөрийгөө боловсруулах зав байхгүй. Хоёрт, хүн төрөлхтний мундаг номнуудыг уншаад ч ойлгохгүй. Хажууд нь байгаа зөвлөгч гэгддэг залуучууд нь ихэнхдээ гадаадад хоёр гурван жил болж, магистр болоод хүрээд ирсэн бас л олиггүй нөхөд байдаг.
 
Эсвэл бүр хуучны социализмын үеийн өвгөчүүл сууж байдаг. Тэдний мэдлэг боловсрол сүүлийн 20 жилд огт шинэчлэгдээгүй шүү дээ. Байдал ийм л байна. Гэхдээ яг одоо л энэ эгзэгтэй үед нь нийгмээ зөв чиглэл рүү оруулж философийг хүмүүнлэгийн танин мэдэхүйн замд оруулах хэрэгтэй.
 
Ний нуугүй хэлэхэд танин мэдэхүй огт байхгүй. Зарим нь сонин сонин ярьж байна шүү дээ. Би ганц нэг жишээ дурдъя л даа. Өглөө гурван цагийн үед чөтгөр сүнс гарч ирдэг гэж орост сургууль төгссөн, хоёр гурван дипломтой хүн яриад сууж байна. Уг нь би тоглож байна гэж бодсон юм.
 
Насанд хүрсэн хүн чөтгөрөөс айгаад гудамжинд гарахгүй байна гэдэг инээдэмтэй биз дээ. Түүнээс гадна хүүхдээ заавал ерөнхий  боловсролын сургуульд явуулж ном сургах ёстой байдаг. Гэтэл гандан руу ном сургана гээд явуулаад байгаа нь харамсалтай л хэрэг шүү.
 
Нийгмийн талаар ямар ч ойлголтгүй, мэдлэг боловсролоор хоцрогдчихсон, шашны өнөөдөр бус эрт дээр үед хүчинтэй байсан номлолоор номлогдоод дараа нь тэндээсээ гарч ирээд биднийгээ мөлжсөн, худлаа айдас төрүүлсэн юм хийдэг, өнөөдүүл нь. Охин эсвэл хүүгээ хүнтэй сууна гэхээр ламаас очиж асуудаг.
 
Хүүхдийнхээ хувь заяаг ламаас очиж асууна гэдэг чинь, бид 200-300 жилээр хойшоо ухарсан байна , л гэсэн үг. Өнөөдөр орчин үе. Залуу хүмүүсийн хайр дурлалыг ойлгохгүй ламаас асууна гэдэг ирээдүйд магадгүй сайхан амьдрах байсан хоёр хосыг хорлож байгаа хэрэг биз дээ.
 
Сүүлийн 20 жилд худлаа дипломаас гадна хэтэрхий их мөнгө хөөсөн. Мөнгөө хөөлөө гээд юу хожив. Ам.долларын ханш өслөө гээд байхад зогсоож чадахгүй л байгаа биз дээ. Хэрвээ мэдлэг боловсрол хөөсөн бол засаад янзалчих л байсан. Гэтэл эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг засч залуурлах хүнээ бид бэлдээгүй, байна.
 
Дандаа л зальдаж улстөржөөд явчихсан. Тийм учраас улстөрийн намд орох дуртай байгаагийн гол шалтгаан нь ямар ч мэдлэг бловсролгүй байсан орлогч сайд, сайд болчихдог л байхгүй юу.
 
Шуудхан хэлэхэд бид хамгийн нойль хамгийн бүтэхгүй нөхдөөрөө сайд хийлгэж байна. Ийм байхад яаж нийгэм хөгжих юм бэ. Иймэрхүү мэдлэг боловсролын тулгамдсан асуудлуудаа шийдэхийн тулд бид уулзаж ярилцах хэрэгтэй. Тэр боломжийг нээх ажлыг 25 лекцээрээ эхлүүлье гэж бодсон юм, би.
 
 
-Уламжлалт философи гэх ойлголг түгээмэл байдаг л даа. Ингэхэд бид яагаад заавал бусдын юмыг ашиглах ёстой гэж. Дэлхийг байлдан дагуулж байсан хаадын философи гэх ч юм уу янз бүрийн зүйл яригддаг шүү дээ?
 
-Бид дэлхийг мэдлэг боловсролоор байлдан дагуулаагүй. Цэргийн хүчээр л байлдан дагуулсан. Цэрэг байлдааны байлдан дагуулалт бол өөр асууал. Одоо АНУ интернэт, компьютер гээд мэдлэгээр байлдан дагуулж байна. Европ ч мэдлэгээр байлдан дагуулж байна.
 
Бид нарын барьж буй гар утас, өмссөн хувцас, видео камер гээд л бүх юм гадных. Тэгэхээр энэ хөгжлийг бий болгохын тулд мэдлэгийн философи дээрээ тулгуурласан. Гэтэл бид бүх юмыг гаднаас авч л хэрэглэдэг.
 
Нэгэнт гаднаас бүтээгдэхүүнийг нь авч хэрэглэж байгаа юм чинь ухаан маань бас тэр хэмжээнд хөгжих ёстой, Автомашинаар бид хичнээн их осол гаргаж хэдэн хүнийг алав. Яагаад гэвэл автомашин яаж барьдаг тэр соёл боловсролыг нь бид нар сураагүй , гадныхан юунд автомашин хэрэглэдгийг нь сураагүй.
 
Зүгээр л машин унаад л давхих гээд байна шүү дээ. Яг хүүхдийн паркад байгаа юм шиг. Ардчилал ч гэсэн тэдний л бүтээсэн юм ш дээ. Философийн бүтээл шүү дээ, ардчилал. Тэгш эрх, эрх чөлөө гэдэг чинь философийн бүтээл. Зүй нь тэр юмнуудыг нь оруулж ирэх ёстой.
 
Зөвхөн бараа, хувцас эдлэлийг нь оруулж ирэх биш шүү. Мэдлэг боловсролыг нь хамт оруу.иж ирэх ёстой, хамт. Харамсалтай нь бид мэдлэг, боловсролыг нь хаячихаад байгаа юм. Мэдлэг боловсрол гэдэг нэг л юм. Хаа ч хүчинтэй. Одоо бид Япон болон АНУ-ын их сургуульд очоод философийн лекц сонсох адилхан.
 
Платон, Аристотелийг л ярина. Өөр ялгаа байхгүй. Тийм ч ураас гадаад хүн лекц уншиж болдог. Герман хүн АНУ-д, Франц хүн Японд профессор болчихсон л явж байдаг. Яагаад гэвэл мэдлэг нь нэг учраас тэр шүү дээ.
 
Түүнчлэн бидний философи гэж нэрлээд байгаа хаадын ч гэдэг юм уу, монголчууд, шашны гэдэг философиуд суурь их муутай. Системтэй хөгжиж чадаагүй. Онолын дэс дараатай бичсэн номнууд байдаггүй, Гэтэл Маркс гэдэг ч юм уу том том философичдын номыг шууд бариад л уншдаг. Лениний хүртэл ном байгаа.
 
Ленин бол оросын философич. Гэтэл монгол хүний бичсэн философийн ном ерөөсөө байдаггүй. Хайгаад ч олддоггүй. Ном бичээгүй байна гэдэг чинь хоосон байнаа л гэсэн үг байхгүй юу.
 
Бид байж магадгүй гэж найдаж л байгаа болохоос яг ямар философи байсныг мэдэхгүй. Харин дэлхийд заагаад байгаа философи бол олон зуун жил хөгжөөд сайжраад, шүүмжлэгдээд засагдаж залруулагдаад ирсэн.
 
 
-Таны яриаг сонслоо. Лекцний чинь талаар сонирхлоо. Ингэхэд ер нь Монголд болж байгаа юм байна уу?
 
-Байхгүй.
 
 
-Бүр юу ч алга гэж үү?
 
-Байхгүй. Аргагүй шүү дээ. Бид 20 жил зөвхөн мөнгө л хөөсөн. Хоёрт, хувийнхаа амьдралыг хөөгөөд явчихсан. Нийгмийн амьдралд ер оролцоогүй. Би л, манай гэрийнхэн л болж байвал болчихно гэж бодоод яваад байсан. Яагаад өнөөдөр бидэнд болж байгаа юм байхгүй байна гэвэл нийгмийн амьдралд оролцохгүй байна.
 
Үргэлж л хувиа бодоод байна. Хувийнхаа жижигхэн амьдралаар л хөөцөлдөөд байна. Жишээлбэл, хоёр хүүхэд байж байлаа гэж бодоход өөрийнхөө хүүхдийг уснаас авардаг. Нөгөө хүүхдийг усан дотор орхичихдог. Ийм нийгэм байж болохгүй шүү дээ. Хүний хүүхдийг хамт аваад гарч ирэх ёстой.
 
Ийм хүмүүнлэг бус хүнлэг биш нэг нэгнийгээ хайрладаггүй, хувиа, гэрийнхнээ боддог. Ийм л сонин амьдралаар сүүлийн 20 жил амьдарлаа. Энэ байдлаасаа бид салах ёстой.
 
Хэт их мөнгө хөөсөн, мөнгийг дээгүүр тавьсан нийгэм угаасаа л нурж унадаг. Бид мөнгийг дээгүүр тавьсан учраас хэзээд нурж унана. Дээшлэхгүй. Яагаад гэвэл мөнгө юу ч бүтээхгүй. Мөнгийг ямар нэг юманд зориулж хэрэглэнэ үү л гэхээс юу ч бүтээхгүй шүү дээ, мөнгө гэдэг зүйл.
 
З.Есүгэн
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"