sonin.mn
Эдийн засгийн өсөлт саарах байсан 
 
Монгол Улсын Засгийн газраас бондыг нийт өртгөөр нь тооцвол чамгүй тоо гарах нь лавтай. Өнгөрсөн оны эцсээр Засгийн газар бонд гаргаж олон улсын санхүүгийн зах зээл дээрээс 1.5 тэрбум ам.доллар босгосон. Энэ бондыг тухайн үедээ хүмүүс янз бүрээр л ярьж, дүгнэж байсан.
 
Зарим нь "Чингис" бондыг босгоогүй бол Монголын эдийн засгийн өсөлтийн хурд эрс саарах байсан. Үүний зэрэгцээ төгрөгийн ханш сулрах байлаа. Монголд уул уурхайг дагасан бүтээн байгуулалтын томоохон ажлууд бий. Үүнийг хийхэд энэ хөрөнгө зарцуулагдах ёстой." гэцгээж байв.
 
Гэтэл нөгөө хэсэг нь "Бонд босгох нь зөв хэдий ч цаг хугацааны хүчин зүйлийг тооцоогүй гаргасан нь бондын хүүгийн төлбөрт баригдах аюул дагуулсан. Энэ бондын хүүгийн төлбөрт Монгол Улс хоногт 196 мянган ам.доллар буюу 270 сая төгрөг төлж байна.
 
Хөхөө өвлийн хүйтэнд ямар юмныхаа бүтээн байгуулалтын ажил хийх юм бэ?" хэмээн шүүмжилж байлаа. Энэхүү шүүмжлэл үнэний ортой байв. Тиймээс Засгийн газрын тэргүүн, Сангийн сайд нар уг бондоос орж ирсэн мөнгийг Төв банкинд шилжүүлж, арилжааны банкуудаар тарааж эргэлтэнд оруулж байгаа талаар дурьдаж байсан.
 
Мэдээж үүнээс өөр зам Засгийн газарт ч байхгүй. Бондын мөнгийн арилжааны банкуудад бондын хүүнээс арай дээгүүр үгүйдээ хүүгийн алдагдлыг нөхөх хэмжээгээр арилжааны банкуудад зээлдүүлээгүй бол Монгол Улс ихээхэн алдагдал хүлээх байв.
 
 
"Чингис” Бондын зарцуулалт “нүдээ” олж чадав уу? 
 
Одоо "Чингис" бондын хөрөнгөнөөс Тавантолгойд 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц байгуулахад 50 сая ам.доллар, “Гудамж" төсөлд 200 сая ам.доллар, 12 аймгийн төвийг нийслэлтэй холбох 1800 орчим км авто замын ажилд 368 сая ам.доллар, Гашуунсухайт, Тавантолгой, Сайншандын чиглэл дэх "Шинэ төмөр зам" төсөлд 200 сая ам.доллар, ноос, ноолуурын салбарыг дэмжихэд 68.8 сая ам.доллар гаргахаар болсон.
 
Мөн уг бондын хөрөнгөөс нийслэлийн гэр хорооллын 12 газар дахин төлөвлөлт хийх, дэд бүтэц татах, шинэ бүтээн байгуулалтын ажилд 130 сая ам.доллар, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийг дэмжихэд 27.7 сая ам.доллар, хүлэмжийн аж ахуй байгуулахад 16.7 сая ам.доллар, ноос боловсруулах, угаах,
 
цаашлаад хивсний үйлдвэрлэлд 45 сая ам.доллар, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 13.5 сая ам.доллар, орон сууцжуулах ажил буюу хуучин угсармал орон сууц барьж байсан байшин үйлдвэрлэх комбинатыг сэргээхэд 14 сая ам.долларыг тус тус гаргахаар шийдвэрлэв.
 
Харин одоо зарцуулалтыг нь төлөвлөөгүй 347 сая ам.доллар байгаа дуулдана. Засгийн газрын тогтоолоор баталсан есөн төсөлд Хөгжлийн банк "Чингис" бондоос санхүүжилт олгох ёстой.
 
Орон нутгийн авто замын төслүүдэд 590 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоос 36 хувь, нийспэлийн орон сууцны болон гэр хорооллын дэд бүтцийн төслүүдэд 198 тэрбум төгрөг олгохоос 26 хувийг нь тус тус гаргасан байна.
 
Мөн Тавантолгойн дулааны цахилгаан станцын ажилд 1.5 тэрбум, шинэ төмөр зам төсөлд 130 тэрбум төгрөгийг олгожээ. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн төслүүдэд олгохоор баталсан 270 тэрбум төгрөгөөс 30 тэрбум төгрөгийн гэрээ байгуулагдаад байна.
 
Гудамж төсөл, Байшин үйлдвэрлэх комбинат, төрийн орон сууцны корпорацийн санхүүжилт хуваарийн дагуу олгогдож байна. Үүнээс гадна төмөрлөгийн үйлдвэр болон Монголын иргэний агаарын тээврийн дахин санхүүжилтэнд зориулан "Чингис" .бондоос хөрөнгө гаргах асуудал ойрын үед Засгийн газрын хуралдаанаар шийдэгдэх бололтой.
 
Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт хийх 12 байршил дээр нэмж найман байршилд төлөвлөлт хийхээр нийслэлийн удирдлагууд шийдвэрлэсэн байна Энэ асуудал ч мөн Засгийн газрын хуралдаанаар орж эцэслэн шийдвэрлэгдэнэ.
 
 
Бонд бол хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламж биш, ердөө л өр
 
Гэвч эдгээр төсөл, төлөвлөсөн ажлууд цаг хугацаа алдаж оройтож эхэлснийг Засгийн газар хүлээх ёстой. Уг нь чухал гол төслүүдийг аль өвлөөр хэлэлцэн батлаад хавар эрт эхлүүлэх хэрэгтэй байв. Харин бондын хөрөнгийг ашгаа хурдан өгөх төсөлд зарцуулж чадсан эсэхэд эдийн засагчид болон судлаачид янз бүрээр л хэлж байна.
 
Энэ талаар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн хэлэхдээ "Чингис бондыг босгож чадсан нь нэг талдаа эдийн засгийг тогтвортой байлгахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Харамсалтай нь бондын мөнгийг үр дүнтэй ашиглаж чадсангүй. Эдийн засгаа ч импортоо ч улам хүндрүүллээ.
 
Зөвхөн зам, барилгын салбарт бондын хөрөнгийг түлхүү оруулснаар бусад салбарт ачаалал өгсөн. Зүй нь эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэрүүд байгуулах, валютын нөөцөө нэмэгдүүлэх чиглэлээр зарцуулсан бол үр ашиг өндөртэй байх байлаа. Харамсалтай нь тэгж чадсангүй" гэв.
 
Харин эдийн засагч Д.Жаргалсайхан "Одоо "Чингис" бондын талаар дүгнэлт хийх хэрэггүй гэж бодож байна. Энэ мөнгийг босгох бус зарцуулах нь хамгийн чухал асуудал. Тухайлбал, "Чингис" бондын хөрөнгөөр МИАТ-д онгоц худалдаж авах ямар хэрэгтэй юм бэ. Ер нь онгоцыг түрээсээр ашиглахад л болно.
 
Бондын хөрөнгийг дэд бүтэц рүү түлхүү оруулж байна. Эцэст нь бондын мөнгийг эргүүлж төлөх асуудал байгаа. "Чингис" бондын өгөөжийг гаргаж чадахгүй бол төлбөрөө цагт нь төлж чадахгүйд хүрнэ. Дахиад л зээл авах асуудал тулгарч, өртэй болно. Бондыг төлөх үед төсөвт маш том нөлөө, дарамт үүснэ. Энэ бол сөрөг тал." гэлээ.
 
Байдлыг ажихад богино хугацаатай бондын хөрөнгийг урт хугацаанд, үр ашгаа өгөх төслүүдэд оруулсан нь илэрхий байна. Жишээ нь авто замын ажлаас мөддөө ашиг гарахгүй. Харин ч муу хийвэл түрүүчээсээ эвдрэл үүсч дахиад л зардал гарна. Хотын "Гудамж" төсөл, энээ тэрээ гэр хорооллын дахин төлөвлөлтөөс бүр юу ч орж ирэхгүй.
 
Харин шинэ төмөр зам, Тавантолгойн цахилгаан станц бол өөр хэрэг. Ойрын үед уул уурхайгаас орох их орлого, экспортоо бодсон ч бид эдгээр төсөлд хөрөнгө зарахаас аргагүй. Нэгэнт эдийн засагт 1.5 тэрбум ам.доллар оруулсан юм чинь тэр хэмжээгээр дотоодын нийт бүтээгдэхүүн өсч, эдийн засгийн өсөлт ажиглагдах нь лавтай.
 
Гэхдээ бондоор "бөмбөгдөж" эдийн засгаа босгоно гэдэг санаа хэр оновчтой бодлого бол. Бонд гэдэг бол хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламж ч биш, ердөө өрийн бичиг гэдгийг бодох хэрэгтэй.
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин