sonin.mn

Хүн төрөлхтөн өнөөдөр байгалийн эсрэг санаатай бус юм гэхэд хийж бүтээж буй зүй л, амьдарч байгаа нөхцөл байдал, үйлдлээрээ байгалийн эсрэг хандсаар…

Жишээ нь, өнөөдөр уул уурхайн компани алт олборлоо гэхэд мэдээж газар хөндөж, ухаж буй. Энэ үйлдэл нь хүн байгальдаа шууд халдаж буй хэрэг. Үүнийг үзэх нь ээ эх дэлхийдээ санаатайгаар аюул учруулж буй мэт. Нэг ёсондоо өөрсдийгөө сүйтгэж буй…

Гэхдээ уул уурхайнхан газар ухаж алтыг нь авахтай зэрэгцэн өөрсдийн энэ үйлдлийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж багасгах зорилгоор нөхөн сэргээлт хийдэг. (Манайд энэ тал дээр “Монполимет” зэрэг дотоодын компаниуд өөрсдийн хүчээр идэвхи санаачлагтай ажилладаг. Гадаадынхнаас “Пибоду энержи” зэрэг компани сүүлийн үед дэвшилтэт технологи нэвтрүүлж төгс гүйцэтгэхийг хичээж буй).

Хэдий тийм ч уул уурхайнуудын орхигдсон газар, шороон дээр хогийн шарилж ургаж, хөрсний эвдрэл дээд цэгтээ хүрч, түүнээс үүдсэн утаа тортог, тоосонцор агаарыг бохирдуулж, элс, шороо амьгүй болсоор, цөлжилтөнд 40 хувь хүртэл нөлөөлж буйг эрдэмтэд дүгнэсээр…

…Бас ус байна. Уул уурхайн үйл ажиллагаа усыг хамгийн ихээр бохирдуулж, сүүлдээ тамирдуулж “боож алдаг”. Та бүхэн Заамарыг санаж байгаа байх. Одоо тэнд мал байтугай ан амьтан ч шиншлэхээ байж, “онгон” зэлүүд газар болсныг мэдэж байгаа. Мал амьтан, усгүй болохоор мэдээж яаж хүн суурьших вэ дээ. Амьдрал “конец” гэсэн үг.

Манай төр, засгаас 1998 оноос хойш уул уурхайхнаа дэмжиж байна хэмээн “Алт” хөтөлбөр хэрэгжүүлж ирснээс олон гол горхи, нуур ус ширгэснииг өмнөх нийтлэлдээ дурдсан. Өнөөдөр дэлхий нийтээр “Ногоон хөгжил”-ийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх үүднээс нүүрснээс эрчим хүч гаргаж авахаа аль болох хязгаарлаж, цэнхэр гаригийн улс гүрнүүд сэргээгдэх эрчим хүчнийхээ 80-90 хувийг уснаас гарган авдаг болсон гэх.

Зарим нэг улс эрчим хүчнийхээ 85 хувийг гол уснаас авдаг тооцоо гарсан ч усны нөөц 50 хүртэл хувь шавхагдах магадлалтай болсныг Дэлхийн усны хүрээлэнгээс саяхан анхааруулсан. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар усны нөөц улс орнуудад сүүлийн хэдэн жилд асар ихээр хорогдож, үүний улмаас дэлхийн хэмжээнд газрын гүний усны нөөц алдагдаж, бидний хойч үе цэвэр усны гачигдалд орж ам нь цангаастай амьдрах вий гэсэн болгоомжлолыг төрүүлсээр байна.

Өдгөө дэлхийн зарим улс орон гаднаас цэвэр ус худалдан авах дээрээ тулж, энэ талаар хэлэлцэж байна. (Манай улсад гэхэд усны нөөц 40-өөд хувиар дундарч, 1530 уст цэг хатаж ширгэсэн мэдээ бий). Чухам ийм байдал хүрэх сануулга уу гэлтэй Оросын эрдэмтэн А.А.Сапелкины өгүүлснээр манай дэлхийд эхлээд газар хөдөлөлт болж галт уулын идэвхжсэн үйл ажиллагаагаар цаашлаад усны үер дэлхийн мөхөлд хүргэж болох юм гэсэн бий.
Энэ нь байгаль дэлхийгээ хүн төрөлхтөн бид буруу эзэмшээд байвал тэр нь гэмт хэргийн адилаар хийсэн үйлдлийнх нь төлөө бурхан биднийг гэсгээх вий, далай болоод газрын хэвлий рүүгээ дайрч, өгөөжийг буруу ашиглавал заавал хариу ирнэ гэсэн сануулга гэлтэй. Тэгээд хамгийн гол аюул нь өнөөдөр хүн төрөлхтөн өөрийн энэ санаатай гэмээр санамсаргүй үйлдлээрээ байгалийн эсрэг гэмт хэрэгтэн болж хүмүүжиж буй нь аймшиг гэсэн бий. /Энэ нь байгаль орчноо сүйтгэж буй үйлдлийн хажуугаар бидний үл хайхран өнгөрдөгөөс эхэлдэг/.

Үүнийг Америкийн эрдэмтэн Споу бүр ч “тодорхой” бичсэн бий. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт хүмүүсийн сөрөг нөлөөллөөс    үүдэлтэйг сүүлийн 10 жил гаруй судалж байгаа тэрээр “Өнөөдөр хүн төрөлхтөн байгалийн баялгаа цөлмөн дээрэмдсээр байнам. Газар эхийнхээ элэг зүрхийг нь урьж тасдан, гэдэс дотрыг нь хүү татах мэт ийнхүү авирлан, дээр нь уламжлалт ёс жаягаа мартаж, байгаль эхийн нэрээр өч төчнөөн хөрөнгө мөнгө цацан үргэлжлүүлж байгаа хүн төрөлхтөний энэ үйлдэл мөхөлд хүргэнэ” гэсэн юм.

Норвегийн эрдэмтэн И.Рэндерс, Оросын судлаач Д.Горшов нар байгалийн нөөцийн хомсдол, амьдрах орчны доройтол цаашид өнөөгийн энэ хурдцаар үргэлжилвээс наанадаж 2020, цаанадаж 2040 онд дэлхийн нөөц баялаг шавхагдаж, сүйрэл болно гэсэн дүгнэлт нь эцсийн дүндээ байгалийг эзэмдэх бус харин түүний өөрийгөө нөхөн сэргээх буюу гадны нөлөөлөл, ачааллыг дэлхийн био орчин дааж гаргах чадавхитай зохицохоос өөр аргагүйд хүрээд байгааг нэг ёсондоо хэлжээ.

Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул, “Гурван голын эхийг хамгаалах ард иргэдийн холбоо” ТББ-ын тэргүүн А.Түмэнбаяр
Эх сурвалж: “Геологи уул уурхайн мэдээ” сонин