sonin.mn

-Өнөөгийн Улаанбаатар шиг болоод байсан Английн нийслэл Лондон хот утаанаасаа хэрхэн яаж салсан тухай-

Энэ өвөл та бүхэн анзаарч харсан бол нийслэлийн их утаанд өглөөгүүр замын зарим цагдаа нар маск зүүсэн байсан. Яг ийм байдал Английн Лондон хотод гарч байжээ. Гэхдээ 50 жилийн өмнө. Тодруулбал, 1952 оны оны өвөл, арванхоёрдугаар сарын эхний өдрүүдэд Лондон хотод агаарын антициклон тогтжээ. Салхи тогтворжиж агаарын чийгшил аажмаар нэмэгдсээр таван өдрийн дотор Их Британийн нийслэлд дөрвөн мянга гаруй, дараагийн нэг, хоёрдугаар сард найман мянган хүн гэнэт нас барж байжээ.

Ёстой л Лондон дээгүүр үхлийн утаан хөшиг татаж, аюулын харанга дэлдсэн эмгэнэлт явдал болж. Тэр үед Лондон хотод үзэгдэх орчин хязгаарлагдмал болж, олон сургууль, цэцэрлэг хаагдаж, нийтийн тээвэр доголдож, дэлгүүр, үйлчилгээний газрууд хаалгаа барьж, айл өрхүүд байшин, гэр орондоо утаа нэвтрэхээс сэргийлэн хаалга, цонхоо битүүлж байв. Гэвч харамсалтай нь тэдгээр нь ямар ч нэмэр болох нь үгүй, хүмүүс шөнийн цагаар гэртээ таалал төгссөөр байв.

Тэр үед Лондон хотод үйлдвэржилт улам цэцэглэж, хотын хүн амын тоо өсч, нүүрс их хэрэглэх болсон байна. Анхандаа лондончууд нүүрсийг эвгүй үнэр гаргадаг, утаа болон хаягдал их, хөө тортогтой хэмээн хотын захиргаанд гомдол гаргаж байжээ. Түүнээс өмнө бүр XIX зууны үйлдвэржүүлэлтийн үед ч тэр Лондон хот мөн ид цэцэглэн хөгжиж байсан боловч 1873-1891 онуудад амьсгалын замын өвчлөлттэй холбоотой нас баралт өндөр байжээ.

Энэ нь тухайн үед томуу, томуу төст өвчний дэгдэлт өвлийн улиралд ихэсдэгтэй холбоотой байсан боловч хамаг бурууг утаанд бус хүйтэнд чихэж, хүйтрэлээс болж байна гэж үндсэн шалтгаан, эх сурвалжийг өөр зүйлээс эрэх шалтаг болгож байж. Тэр үед хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настнууд зэрэг дархлааны систем харьцангуй султай хүмүүс нас барагсдын дунд зонхилж байж.

Харин бидний өгүүлээд буй 1952 оны өвлийг хүртэл Лондонгийн оршин суугчдын хувьд ч, Засгийн газрын холбогдох байгууллагуудын хувьд ч "утаа" үхэлд хүргэх хүртэл аюул учруулна гэж хэн ч санаагүй байсан гэдэг.

Ингээд тэд 1952 онд яав? Юу хийв? Лондончууд нас баралтын шалтгааныг ул суурьтай судалж, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй болов. Юун түрүүнд, өвчлөлтийн эх үүсвэрүүдийг тогтоох явдал чухал байлаа. Судалгаа хийж, түүгээр үйлдвэрийн болон айл өрхийн дутуу шаталтаас ялгарсан тоосонцор, хорт хийнүүд, цаг агаарын огцом өөрчлөлт, мөн дизель түлшээр ажилладаг нийтийн тээврийн олон зуун автобусны утаа зэрэг нь өвчлөлд голлон нөлөөлж байгааг тогтоожээ.

Англи улс энэ бүхнээс сургамж авч, дараагийн дөрвөн жилд олон өөрчлөлт хийв. Энэ нь агаарын бохирдлын бүсчлэл тогтоох, хатуу түлшний хэрэглээг бууруулж цахилгаан болон хийн түлшний хэрэглээг дэмжих, үйлдвэрүүдийг хот болон суурьшлын бүсээс гаргах, цахилгаан станцуудыг хүн ам багатай дүүргүүд рүү дэс дараатай нүүлгэн шилжүүлсэн явдал байлаа.

Ингээд 1956 онд Английн парламент дээр агаарын тухай хуулийг баталж хэрэгжүүлсэн юм. Энэ хуулийн дагуу агаарын бохирдлыг бууруулах олон арга хэмжээ авсны дотор Лондон хотод "агаарын хяналтын бүсүүд" бий болж, зөвхөн угаасан нүүрс, цахилгаан болон байгалийн хий хэрэггэж эхэлсэн учир агаарын бохирдлыг сааруулан, аажмаар арилгаж чаджээ.

Хүн төрөлхтөн хотжиж, үйлдвэржилтийн эрэн эхэлснээр олон ололт, дэвшилт гарсан боловч түүний сүүдэрт цөөнгүй асуудлууд урган гарч ирсэн нь хот орчмын агаар, хөрс, усны бохирдол болоод байна. Үүний хамгийн эмгэнэлтэй жишээ нь дээр дурдсан 1952 өвлийн Лондонгийн "ҮХЛИЙН УТААН ХӨШИГ" байсан юм. Энэ бүхэн нэг л өдөр гэнэт тохиосон хэрэг биш байлаа.

Эх сурвалж: "Бизнес таймс"