sonin.mn

Төрийн аливаа шийдвэр нь иргэдийн ая тухтай, амар амгалан амьдрахад чиглэгддэг. Ядахдаа л тийм байх боломжийг бүрдүүлэх мэт харагдах учиртай. Ер нь ч тэгээд иргэдийн саналыг авч “Та бүхнийхээ төлөө шар махтайгаа хатталаа ажиллана” гэж төрийн жолоог атгалцсан хүмүүс илтээр муу зүйл хийгээд байдаггүй. Тэд иргэдэд эргээд ажлаа тайлагнах цаг ирэхийг сайн мэддэг.

Харин иргэдэд амлалт өгч биш аль нэг даргын таалалд нийцэж очдог дунд шатны төрийн албан хаагчид иргэдийг ихээр гомдоодог юм. Иргэдээс төрдөө гомдсон гомдлын ихэнхийг дунд шатны хурган дарга нарын хүнд суртал бүрдүүлдэг. Зүй нь бол татварын мөнгөнөөс минь цалинжиж байгаа болохоор бидний төлөө л үйлчлэх ёстой. Гэтэл гар тэнийлгээгүй бол хэнд ч үйлчилдэггүй.

Засгийн газрын тогтоол гарчихаад байхад арван жилийн хугацаанд бүрэн биелүүлдэггүй явдал байна. Тодруулбал, Засгийн газрын 2006 оны тавдугаар сарын 24-ний өдөр гаргасан 116 дугаар тогтоол юм. Уг тогтоолоор Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн хойно байх Эрүүл мэндийн хоёрдугаар төвийг тэнд түрээсээр үйл ажиллагаа эрхэлж байгаа эмнэлгүүдэд нь бүрэн хувьчлах тухай шийдвэр. Гэвч өнөөдрийг хүртэл энэ тогтоол хэрэгжээгүй байна.

Хэрэгжээгүйн дээр олон удаагийн шүүх хуралдаанаар Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүл гэсэн шийдвэр гарсан боловч хэрэгжүүлээгүй байгаа нь юм. Хувьчлах шийдвэр яагаад гарсан хийгзэд тогтоол хэрэгжээгүй талаар тун товчлон хүргэе.

Эрүүл мэндийн сайдын 2001 оны тушаалаар Эрүүл мэндийн нэг, хоёрдугаар төвийг иргэдэд үйлчлэх төв болгохоор хувийн эмнэлгүүдэд түрээсийн гэрээгээр ашиглуулахаар шийдвэрлэсэн байдаг. Тодруулбал, иргэдэд шүд, мэс засал, эмэгтэйчүүд гэх мэт эрүүл мэндийн төрөлжсөн бүх үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжтой болгосон хэрэг л дээ.

Ингээд Эрүүл мэндийн яамнаас ерөнхий түрээслэгчийг томилж ажиллуулан уг барилгыг хувийн эмнэлгүүдэд түрээсэлжээ. Ингэж байтал 2005 онд Төрийн өмчийн хороо, Мэргэжлийн хяналтын газраас тус төвд шалгалт хийсэн байна. Шалгалтаар түрээсийн мөнгийг Эрүүл мэндийн яамнаас томилсон ерөнхий түрээслэгч хувьдаа ашиглаж байсан нь тогтоогджээ. Харин ажил үйлчилгээ явуулж байсан эмнэлгүүдийн зүгээс ямар ч зөрчил илрээгүй байна.

Тэд төлөх ёстойгоо төлөөд ажлаа хийгээд явж байсан хэрэг. Тиймээс Төрийн өмчийн хорооноос энэ байрыг түрээслэж байгаа 12 эмнэлэгт нь хувьчлах тухай саналаа Засгийн газарт танилцуулсан байна. Энэ үеэс л хотын төвд ойрхон байршилтай энэ байрыг өөрийн болгох гэсэн хүмүүсийн урт гар хутгалдаж эхэлжээ. Түрээсээр байр эзэмшиж байсан эмнэлгүүдийг сонин хэвлэлээр түрээсээ төлдөггүй байсан мэтээр бичүүлж, шүүхэд өгч, тог, дулааныг нь тасалсан байна. Эмч, өвчтөнүүд хүндхэн нөхцөлд ч үйл ажиллагаа явуулсаар байж.

Түрээслэгчид түрээсээ тогтмол төлсөн дээр анхны үнийг нь төлсөн учир хувьчилж авах боломж бүрджээ. Ингэж байтал “Мишээл” хэмээх уушигны эмнэлэгт хүн эндсэн байна. Үүн дээр нь дөрөөлж дарамталсаар Эрүүл мэндийн яамнаас тус эмнэлгийн Сонгинохайрхан дүүрэгт байх Эрүүл мэндийн нэгдүгээр төв рүү явуулан оронд нь тухайн жил ганц хүний бүрэлдэхүүнтэй гэсэн аж ахуйн гэрчилгээтэй байгуулагдсан Геронтологийн төвийг оруулчихжээ.

Засгийн газрын 2006 тавдугаар сарын 24-ний өдрийн 116 дугаар тогтоолоор бүрэн хувьчлах учиртай байранд төрийн байгууллага оруулчихав. Үүнд тухайн үед Эрүүл мэндийн сайд байсан Т.Ганди, Төрийн өмчийн хорооны Өмч хувьчлалын хэлтсийн дарга байсан Ц.Нанзаддорж нар холбоотой. Ингээд Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх гэхээр Геронтологийн төв байргүй гэх шалтгаанаар байлгасаар өдийг хүрсэн байна. Ингээд л эцэс төгсгөлгүй шүүхийн маргаан өрнөчихөж байгаа юм.

Ийм нөхцөл байдалтай өдийг хүртэл явж иржээ. Үйл ажиллагаагаа ч төрийн байгууллагатай хамт байдгаас шалтгаалаад өргөжүүлж чадахгүй байгаа нь энэ. Ингээд ахмадуудын хөгшрөлтийг судалдаг, дэмжлэг үзүүлдэг Геронтологийн төв хэмээх байгууллага ажиллаж эхэлсэн аж. Гэвч нэг байранд хамтраад явахад тун төвөгтэй хөрш гэдгийг бусад эмнэлгүүд нь хэлж байгаа юм. Байранд орсон даруйдаа ерөнхий түрээслэгч болохоор зүтгэснээсээ эхлээд тараа таниулжээ.

Мөн удаа дараа шүүхэд хувьчлалыг хүчингүй болгох хүсэлт гаргаж эхэлсэн байна. Түүний дээр байрны ашиглалтын зардал ус, дулааны мөнгөө өгдөггүй аж. Тиймээс дахиад л шүүх хуралдаан болж эхлэв. Шүүхээс Засгийн газрын тогтоолыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс маргаан гарсан байна гэж дүгнээд Засгийн газрын тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх шийдвэрийг холбогдох байгууллагуудад нь хүргүүлжээ.

Гэвч Төрийн өмчийн хорооны холбогдох албан тушаалтнууд ажлаа хийхгүй. Геронтологийн төв гараад очих газаргүй гэсэн шалтгаанаар арван жил болж байна. Удаа дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас тогтоолыг хэрэгжүүлэхийг үүрэгддэг ч дургүйд хүчгүй байдалтайгаар оршсоор байгаа юм.

Харин дунд шатандаа Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлээгүйгээс тухайн байранд байгаа эмнэлгүүд хүндхэн байдалд оржээ. Эрүүл мэндийн хоёрдугаар төвийн байшин нь 1960 онд ашиглалтад орсон. Тиймээс Мэргэжлийн хяналтын газрынхан тухайн эмнэлгүүдэд орчин нөхцлөө сайжруулах шаардлага тавих болсон байна. Мөн үйл ажиллагаа нь олонд танигдсан эмнэлгүүд үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэхээр боломжгүй болчихоод байгаа аж. Төрийн байгууллага байранд нь байдаг болохоор байшингаа буулгаад шинээр барих нь байтугай өргөтгөл ч хийж чадалгүй өдийг хүрээд байгаа аж.

Түүний дээр ус, дулааныхаа мөнгийг бусдаар төлүүлдэг нэг байгууллага байгаа нь тээртэй. Гаднаас сайхан технологи оруулж ирмээр байгаа ч байрныхаа орчин нөхцөлөөс болоод чадахгүй олон жил өнгөрч байгаагаа харамсан ярих эмч. Ахмадуудаа хардаг, ханддаг байгууллага хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ Засгийн газрын тогтоолыг уландаа гишгэж, хувийн байгууллагуудын үйл ажиллагааг боогдуулан байж байх ёстой эсэх нь эргэлзээтэй. Өнөөдөр газар сайгүй хэмнэлтийн тухай ярьж байна. Хэмнэлтийн нэг арга нь талаар нэг тарсан адил чигийн байгууллагуудаа нэгтгэх юм.

Тодруулбал, ахмадуудын нэрийг барьж ажилладаг байгууллага ганц л байхад хангалттай. Угаас Сонгинохайрхан дүүргийн IX хороо буюу Баянхошууны эцсийн буудлын баруун талд гурван давхар тэвхийсэн байшинтай ахмадын эмнэлэг бий. Олон жилийн түүхтэй ахмадын эмнэлэг гэж нэршдэг байсан тус газрыг СХД-ийн ЭМН-ийн харьяа ахмадын III амбулатори гэж нэрлээд бүдэгрүүлэх янз оруулчихаж. Ахмадын өвчин судалдаг, дэмждэг байгууллага нь эмнэлгийнхээ дэргэд байвал иргэдэд ч хэрэгтэй юм.
Түүний дээр Геронтологийн төвийн шинэ байр буюу ахмадын эмнэлэг барихад зориулж улсын төсвөөс 4,7 тэрбум төгрөг гаргасан байдаг. 2011 онд шав тавьсан боловч Яармагт баригдаж байгаа 60 ортой эмнэлэг өдийг хүртэл ашиглалтад ороогүй байна. Царцаагдсан барилгуудын тоонд орчихсон адлуулж байсан нь хэвлэлээр нэг хэсэг гарсан. 60 ортой эмнэлэг барихад хангалттай мөнгө, газар гаргасан байтал ашиглалтад ороогүй хэрзгэр араг яс төдий байгаа нь шалгахад гэмгүй зүйл.

Энэ барилгын ажил дуусчихвал ахмадын эмнэлэг гурав болчихно. Тийм болохоор улс орныхоо эдийн засаг, хувийн хэвшпийнхээ хөгжил дэвшлийг бодоод нэгтгэчих хэрэгтэй юм. Ер нь тэгээд тогтоол нь арван жил өнгөрсөн ч хэрэгждэггтүй юм бол Засгийн газраар яах ч билээ дээ.

Ж.Энх
Эх сурвалж: "Нийслэл таймс"