sonin.mn

Нийслэлийн гудамжинд гараад харахаар эдийн засаг хямарсан ч юм шиг, хямраагүй ч юм шиг. Ажилд явах замдаа хувийн жижиг тэргээр халтуур хийгээд шатахууныхаа мөнгийг олчихдог бол одоо хөлсний унаа барихаар гар өргөх хүн ч ховор болжээ. Бараг бүгдээрээ л 500 төгрөг төлөөд автобусанд шахалдахыг илүүд үзэх болсныг харвал эдийн засаг үнэхээр хямарчихжээ гэж бодмоор.

Гэтэл гудамжаар дүүрэн том оврын жип хөндөлдөхийг харвал эдийн засаг хямраагүй ч юм шиг. Энэ жипний эзэд өдөрт лав 20-50 мянган төгрөг шатахуундаа зарцуулж байгаа даа. Гэхдээ тэд чинь ихэнх нь лизингийн машин хөлөглөсөн эрхмүүд байдаг гэх. Компанийн цалингаа тавьж чадахгүй байгаа мөртлөө 100 гаруй саяын лизингээр авсан машиныхаа төлбөрийг сар бүр алдахгүй төлөхийг хичээж яваа захирлууд ч байх.

Өөрөөр хэлбэл, тансаг хэрэглээнээсээ болж банкны боол болсон компанийн захирлууд л тэр хөндөлдөөд байгаа том жипнүүдийн эзэд юм шүү дээ. Нэг нэгнээсээ дутахгүй гэсэн хор шар, тансаглал өнөөдөр олон ч хүнийг банкны өрөнд оруулж, лизингийн “боол” болгож байна даа. Сарын бүх цалингаа машины лизингдээ өгөөд л цаана нь амьдралаа залгуулаад яваад байгаа миний таних олон хүн бий.

Гэхдээ тэд жижиг машинтай, машинаараа орой үдэш халтуур хийдэг хүмүүс. Харин том жип зээлдээд авчихсан, түүндээ бүх цалингаа өгдөг хүмүүс цаана нь амьдрах мөнгөө яаж болгодгийг чөтгөр бүү мэд.

Өртэй хүн өвдөх, үхэх ч эрхгүй. Өвдвөл ажлаа хийж чадахгүй, цалин авахгүй, зээлээр авсан том жипээ банкинд хураалгана. Үхвэл үр хүүхдэд нь үлдсэн ч юмгүй банк ирээд л зээлийн барьцаанд байгаа эд зүйлсийг бүгдийг нь хураагаад авчихна. Ёстой л нөгөө харгис капитализм гэдгийг энэ хэдэн арилжааны банкууд жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байх шиг ээ.

Гэхдээ энэ бол нэг хэрэг. Бизнес хийгээд, ажил хийгээд тухайн хүн хувьдаа зээлээр машин авна уу, байр авна уу өөрийнх нь асуудал. Байр машин лизингдэж аваад бүх мөнгөө зээлэндээ тушаагаад, комиссын хувцас өмсөөд, толгой цувдайгаар хоол хийж идээд явж байгаа хүн алийг тэр гэхэв. Харин ард түмний мөнгөөр тансаглан, гадаад дотоод хэсч, хүний өмсөөгүйг өмсч, идээгүйг идэж, эдлээгүйг эдэлж, авгай хүүхэд, нууц амрагаа гадаад, дотоодын өндөр төлбөртэй сургуульд сургаж, бүлтийтэл гоёж яваа төсөв захиран зарцуулах эрхтэй төрийн албан хаагч, төр засгийн өндөр эрх мэдэлтнүүд тансаг хэрэглээнээсээ татгалзах болоогүй л юм байх даа.

Ганцхан жишээ дурдахад УИХ-ын гишүүд унаа, утасны зардал гэж төсвөөс жилд хэдэн арван сая төгрөг авдаг. Зөвхөн УИХ-ын гишүүд ч биш Үндсэн хуулийн Цэцийн гишүүд, сайд, дарга нар бүгд л утас, унааны зардалд нэг хүнд л гэхэд хэдэн арван саяар нь төсөвлөдөг гаж тогтолцоо бий. Одоогоос 5-6 жилийн өмнө тэд ийм зардал авдаггүй байлаа.

Төр засгийн үйлчилгээний авто баазаас хэрэгтэй цагтаа унаа авдаг. Унаа хэрэглэх тодорхой лимиттэй байсан санагдана. Тэгвэл өнөөдөр УИХ, Засгийн газрын гишүүд, Яам агентлагийн дарга, дэд дарга нар гээд бүгд л том жип унадаг, түүнийхээ шатахууныг төсвөөс гаргуулдаг болжээ. Эдийн засаг хямарсан үед тансаг хэрэглээгээ аль болохоор бууруулах ёстой.

Тухайлбал, зардлыг сайд тус бүр дээр 50 хувиар бууруулах ёстой. Мөн эд хогшил, тавилга хэрэгслийн зардлыг хасах, томилолт, зочны зардлыг багасгах зэргээр нийтдээ 530 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах боломжтой гэж төрийн өндөр дээдсүүд наанаа ярьж байсан ч цаанаа бахь байдгаараа л байгаа бололтой. Үүнийг илтгэх нэгэн баримтыг дор дэлгэе.

17 тэрбумаар зөвлөгөө авна ч гэж юу байх вэ?

Манай улсын 2015 оны төсвийн тодотголд Засгийн газрын эх үүсвэрээр болон улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нийт 789 тэрбум төнрөг гаргахаар төлөвлөсөн. Харин үүний 17.5 тэрбум төгрөгийг нь “Эрдэнэс Оюутолгой" ХХК АНУ-ын нэг хуулийн фирмээс зөвлөх үйлчилгээ авахдаа зарцуулахаар тусгажээ. Энэ талаар өнгөрсөн даваа гарагт Засгийн газраас Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн жагсаалтын төсөлд тусгасан байдаг.

Эдийн засаг хүндрэлтэй энэ нөхцөлд байдалд орсон гэж үзвэл улсын төсвийг танаж байхад "Эрдэнэс Ооутолгой' компани Монголын ард түмний эзэмшиж буй 34 хувийн эрх ашгийг хамгаалах үндсэн үүргээ биелүүлж чадаагүй байж 17 тэрбум төгрөгөөр Америкийн компаниас хууль зүйн зөвлөгөө авахаар төсөвт оруулж ирж байна хэмээн УИХ-ын зарим гишүүн эсэргүүцэж эхэллээ.

Эсэргүүцэхээс ч аргагүй юм. Энэ бол тансаглалын нэг хэлбэр мөн. Бусдаас гуйлгүй өөрийн толгойгоор нэг төрийн өмчит компанийнхаа хууль зүйн асуудлыг зохицуулчихаж чадахгүй ийм л мулгуу толгойтой хүмүүсийг бид сонгожээ. 17 тэрбумаар зөвлөх үйлчилгээ авна ч гэж юу байхав. Мөнгөндөө ийм ариг гамгүй, цүл пал хийсэн байдлаар хандах юм бол шийдлийн гэх энэ Засгийн газар улс орноо хямралаас гаргаж чадахгүй улам л сөхрүүлэх бололтой.

Шийдлийн Засгийн газрынхан орон тоогоо цөөлөх тал дээр ч дорвитой ажилласангүй. Зарим яам хоёр дэд сайдтай болов. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зургаан зөвлөхөө дөрөв болгож ёс төдий цөөлсөн бол шадар сайд У.Хүрэлсүх дөрвөн зөвлөхөө цөөлөлгүй хэвээр нь үлдээлээ.

Ард түмэн бүсээ чангалсаар гэдсээрээ тасрах нь

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нэгэнтээ ард иргэдийг тансаг хэрэглээнээсээ татгалз хэмээн шууд хэлсэн удаатай. Тэрээр “өндөг үнэд орлоо, ард түмэн минь тансаг хэрэглээ болох өндөг идэхээ боль" гэв. “Мах үнэд орлоо, махнаас татгалз" хэмээн уриалав. Мөн юу ч билээ дотроо цөөн ширхэгтэй мөртлөө тоймгүй үнэтэй нэг зөөлөн чихрийн цуглуулгаас татгалзахыг уриалаад авсан. Шийдлийн Засгийн газар байгуулагдахад төсөв тун хүнд байлаа.

Эдийн засаг хямарсан тул ард иргэдийг бүсээ чангалахыг уриалав. Тэртэй тэргүй бүсээ чангалсаар байгаад голоороо тасрах шахсан иргэд цааш чангалах газаргүй болжээ. Нийслэлийн захын гэр хорооллын дэлгүүрүүд өнөөдөр ургамалын тосыг граммлан зарж байна. Будаа гурил, ногоо гээд бүх хүнсээ л граммаар авч гэр хорооллын иргэд өдөр хоногийг аргацааж байна. Атар талхыг таллан авч байна. Хүнсний лэлгүүрийн лангууны ард барьцаанд тавьсан зл зүйлс, бичиг баримтууд овоорч байна.

Гэр хорооллынхон толгой шийр, цувдайгаар хоол хийж иддэг болсон. Ингэж бодохоор мах авч лавшаа хийж иддэг байсан эртний сайхан цаг тансаглал байсан юм болов уу. Цааш бүсээ чангалах газаргүй болсон иргэдээсээ "Тансаглалаасаа татгалз” гэж хичнээн уриалаад нэмэргүй болжээ. Харин төрийн түшээд, төсөв захиран зарцуулагчид л тансаглалаасаа танаж, бүсээ бага ч атугай чангалбал ард түмний татварын хөрөнгийг идэж шамшигдуулсаар бүдүүрч гүйцсэн гэдэс гүзээ нь жаахан ч гэсэн нарийсахсан даа.

Төрд гарсан эрхмүүдийг “G" хороололдоо урья

Олон компаниуд үүд хаалгаа барив. Хууль хяналтын байгууллгууд ажлыг нь хийлгэхгүй завсар чөлөөгүй дарамталснаас тэр. Эрх бүхий албан тушаалтанд олсон жаахнаа авлига, хээл хахууль болгож өгсөөр сүүлдээ цөхрөнгөө барж дампуурч байгаа нь тэр. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос зугтав. Монголд бизнесийн таатай орчин бүрдэхгүй, албан татвар элдэв хуулиар хэт даграмталснаас тэр.

Ажилгүйдэл, ядуурал улам л нэмэгдэв. Хувийн хэвшил олноор дампуурч, гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос зугтсанаас тэр. Олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, утааг бууруулахад хангалттай их хөрөнгө зарсан ч нийслэлийн утаа улам ихсэв. Төрийн албан хаагчид утааг бууруулах мөнгийг шууд л халаасандаа хийснээс тэр. Энэ бүхэн муу ажилласан төрийн түшээдийн л буруу.

Гэтэл тэр буруу шийдвэр гаргасан эрхмүүд улам л тансаглаад, таргалаад байх юм. Татварын ерөнхий газрын өндөр албан тушаалтан их хэмжээний мөнгө завшсан нь илэрлээ ч гэх шиг. Төрийн байгууллагын нэг дарга хоёр нууц амрагтаа адилхан машин, байр авч өгч хооронд нь алалцуулаад, өөрөө дунд нь ял шийтгэлгүй цэвэрхэн мултарч үлдсэн төдийгүй, албан тушаал дэвшээд явж байгаа ч гэх шиг.

Болохгүй бүхэн дээгүүрээ л өрнөдөг бололтой. Эсвэл ард иргэд бид чинь бор амьдралын төлөө толгой өөд татахгүй явдаг болохоор элдвийн юм санаанд нь ордоггүй, харин ихэд завтай байдаг, ард түмний төсвийн мөнгийг хувааж иддэг төрийн нэр барьсан томчууд маань ийм янз бүрийн болох бүтэхгүй юманд орооцолдох нь элбэг байдаг юм болов уу.

Эцэст нь хэлэхэд эрхэм төрийн түшээд минь, манай гэр хоорооллоор нэг зочлоорой. Долоо хоноод явсан ч яахав. Зайсан, Нүхтэд байдаг тансаг шилтгээндээ яарах хэрэггүй. Та нарын ихэнх нь гэр хороололд амьдарч үзсэн л байх. Тэр цагаас чинь тэс өөр, утаа бохирдол ихтэй оршин суугчид нь туйлын ядуу болсон шүү. Та нарын амьдрал дээшилсээн, дээшилсэн.

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга байсан Ж.Баянсэлэнгэ л гэхэд хорооны Засаг даргаас шууд шаргал ордонд заларч, гэр нь Чингэлтэйн Зүрх уул орчмоос шууд Зайсангийн тансаг шилтгээнд шилжсэн. Төрд нэг гарвал амьдрал дээшилдэг л юм байна. Харин ард түмнээ сайхан амьдаруулах үндсэн үүргээ умартаж орхидог юм уу даа. Иймээс та нар манай гэр хорооллоор нэг зочлоорой.

Нэг сар ч болтугай автобусаар ажилдаа яваад, хэмнэсэн унааныхаа мөнгийг өвчин зовлонд нэрвэгдсэн хүмүүс, өнчин ядуу хүүхдүүдэд хандивласан ч болохгүй юм үгүй. Бас нусаа гоожуулсан бяцхан жаалуудын хамт бага насаа дурсан идэр есийн жаварт худаг дээр дугаарлаж үзээрэй. Гэхдээ хальтрахаас болгоомжлохгүй бол болохгүй шүү. Мөсөн дошин дээр унаад чөмгөө ташчихвал таны олон саяын эмчилгэзний зардал ард бидний халааснаас л урсах нь дамжиггүй.

Ц.Мөнх
Эх сурвалж: "Нийслэл таймс"