sonin.mn
Тамхины хяналтын ту-хай хууль батлагдаад хоёр жилийн нүүр үзлээ. Гэтэл хянах механизм нь тодорхой бус, энэхүү хууль жинхэнэ утгаараа хэрэгжиж байна уу, эсвэл ашиг орлого хайсан, цагдаа хувцастай хүн бүрийн орлого олох нэг хэлбэр болоод байна уу. Энэ асуултад хариулт авахаар дараахь сурвалжлагаа бэлдлээ. 
 
Ажлын байр албан өрөө, гадаа гудамжид ч тамхи татаж болохгүй гэсэн хууль хэрэгжээд хоёр жил өнгөрсөн ч мөрдөгдсөнгүй. Байрны өмнө талбайдаа хүүхдээ салхилуулж буй хүн, гудмаар алхаж байгаа залуус тамхи татаж харагдана. Түргэн үйлчилгээний цэг, дэлгүүрүүд ч тамхи ширхэглэн зарсаар л байна. Энэ хүн бүрийн нүдэнд ил байгаа нь тодорхой. 
 
Нэгэн ТҮЦ-ийн худалдагч эмэгтэй зураг авч байгаа намайг харчихжээ. Хоёр хоёроороо очиж тамхи авах залууст ширхгийн тамхи өгчихөөд дараа нь очсон хоёрт “Тамхи ширхэглэхгүй байгаа” гэж хэлчихээд “Наан чинь хүн зураг аваад байна” гэх нь сонсогдов. Түц болон дэлгүүрүүдийг үргэлж хянаад байх боломжгүйн дээр энэ мэт жижиг газрууд ашиг орлого олох цаашлаад оршин тогтнохын тулд тамхи ширхэглэн зарахгүй байна гэж үгүй бололтой. 
 
Нөгөө талаасаа хуулийн хэрэгжилтийг хянах тогтолцоо нь тодорхойгүй байна гэх хүмүүс таарч байлаа. Сурвалжлага авч явахдаа цагдаа нартай таарч тамхины хуулийн хэрэгжилтийн тухай сонирхлоо. Тэдний хэлж байгаагаар ажлын байрны тамхидалт дотоод журмын дагуу цэгцэрсэн байх гэнэ. Учир нь албан газрууд дотоод журамдаа ажлын байранд болон албан өрөөндөө тамхи татахгүй байхыг тусгаж өгсөн нь хэрэгжих магадлалтай. 
 
Харин гудманд тамхи татаж байгаа хүмүүст тусгай цэг байгуулж өгөх шардлага байгааг дуулгаж байв. Судлаачдын үзэж байгаагаар тамхины хэрэглээ тодорхой хэмжээгээр буурсан гэнэ. Сурвалжлага бэлдэж явахад хууль хэрэгжиж эхэлснээр тамхины худалдаа далд хэлбэрт шилжсэн нь харагдаж байлаа. Хууль зааснаар дараахь байдлаар тамхи худалдаалахыг хоригложээ.
 
Тус хуульд Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор, нийтийн үйлчилгээний газар тамхи татахыг хориглохын зэрэгцээ тамхи борлуулах аливаа цэгт тамхины нэр, үнэ, тамхин бүтээгдэхүүнийг биетээр дэлгэн тавихаас бусад хэлбэрээр мэдээлэл өгөх гэж заасан байдаг.
 
Харамсалтай нь дээрх заалт амьдрал дээр хэрэгжиж байгаа мөн л зүйл алга. МУИС-ойролцоох нэгэн ТҮЦ-ээс тамхи байгаа эсэхийг лавлабал “Ширхэг нь 300 төгрөг гэв. Улмаар 900 төгрөг сарвайхад өөдөөс гурван ширхэг тамхи нууж өгчихөөд цонхоо хаачихлаа. Харин тэндхийнг гар дээрээс бохь, чихэр худалддаг иргэд хайрцапгай тамхиа цүнхэндээ хийчихээд сурагласан хүн бүхэнд зарж байлаа.
 
Хорьж цагдахаас илүү ухамсарт нь нөлөөлөх хэрэгтэй
 
-Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй олон хүн бий. Цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагууд, бүх шатны Засаг дарга нар. Тэр ч бүү хэл хөдөө орон нутгийн цагдаа нар ч хяналт тавих эрхтэй гэнэ. Үүнээс үүдэн нууцаар тамхи зардаг дээрх иргэдийг таарсан цагдаа болгон торгодог гэнэ. Тухайлбал хөдөө орон нутгаас хотод түр орж ирсэн цагдаа нар хүртэл холбогдох хэлтэст чинь мэдэгдэнэ шүү гэж сүрдүүлэн торгууль авдаг ажээ. 
 
ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгч иргэдтэй уулзаж явахад тэдний ихэнх нь “тамхи заруулахгүй гэж хааж боож байхаар иргэдийн ухамсарт нөлөөлөх нь хамгийн үр дүнтэй. Тухайлбал, хүүхдэд багаас нь эхлээд архи, тамхины сөрөг үр дагаврыг харуулсан сургалт сурталчилгаа хийх нь зөв. Тавдугаар ангийн хүүхэд орж ирээд тамхи асуух нь бий. Байхгүй гэхээр уурлаад цонхыг маань хагалаад явсан удаа ч байдаг. Энэ бол тэдний буруу биш шүү дээ. Шат шатны байгууллагуудын бодлогын алдаа. Тиймээс сургуульд байхаас нь л хүүхдэд мэдлэг олгох нь чухал байна” гэж байв. 
 
Тэдний хэлж байгаагаар тамхи заруулахгүй гэж хааж боож байхаар зарах зөвшөөрлийг нь өгөөд, татвараа хурааж авах хэрэгтэй гэнэ. Тэгээд түүгээрээ тамхины эсрэг сурталчилгаа хийвэл зохион хэмээцгээж байв. Харин иргэдийн хувьд энэ хуульд өөрчлөлт оруулах хэд, хэдэн заалт байгаа тухай хэлж байлаа. Тухайлбал, тамхи татах цэггүйгээс гудамж талбайд татахаас өөр аргагүйд хүрч байгаагаа учирлаж байлаа. Тамхинаас гарч болно, заавал тамхи татах албагүй шүү дээ гэж хэлэх хүмүүс байгаа байх. 
 
Гэвч тамхинаас гарна гэдэг хүссэн зоргоор болдог тийм амар зүйл биш. Нэгэнт татаад сурчихсан хүмүүсийн хувьд энэ нь тун хэцүү даалгавар. Тиймээс ч үйлчилгээний газруудад тусгай тамхи татах өрөө, гудамж талбайд цэг байгуулахыг иргэд сонины хуудсаар уламжилсан юм.
 
Тамхины хуулийн хэрэгжилтийн талаар иргэд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
 
Баянзүрх дүүргийн иргэн М.Алтангэрэл: -Энэ хууль цоорхойтой болсон. Харин хуулийн цоорхойг нөхөх эрхийг нь ТҮК-ийн ажилтнуудад өгчихмөөр байгаа юм. Өөрөөр хэлбэл тэд хэн, хаана тамхи татаж байгааг ажлаа хйиж байхдаа л харчихна. Тэд торгуулийнхаа мөнгийг дийлэхгүй хэвтэж тамхи татдаг улсыг харин ч ухамсарлатал нь загнаад, торгоод өгчих нь тодорхой. 
 
Хэрвээ торгуулийнхаа мөнгийг төлж чадахгүй бол цагдаад дуудаад “албадан эмчилгээ” гэдэг шиг албадан хөдөлмөр эрхлүүлэх л хэрэгтэй. Удаа дараа ингэж хууль зөрчвөл бариад хорьсон ч яахав дээ. Харин байгууллагуудад бол торгох эрхийг нь цэвэрлэгчдэд торгох өгчихбөл "Тамхины хяналтын тухай хууль" утгаараа хэрэгжинэ.
 
Баянзүрх дүүргийн иргэн Б.Баатархүү: -Би тамхи татдаггүй. Олон нийтийн газар гудамжид тамхи татаж буй хүмүүс цөөнгүй харагдаж л байна. Энэ хуулийг хэрэгжүүлж байгаа нь зөв ч гэсэн хууль зөрчин тамхи татаад буй хүмүүст хэн хариуцлага тооцох нь тодорхой бус хэрэгжилт нь хангалтгүй байна.
 
Чингэлтэй дүүргийн иргэн С.Сэрээтэр: -Энэ зөв зүйтэй хууль гэж боддог. Г эхдээ тамхи татах тусгай цэг байгуулж өгөх хэрэгтэй.
 
Баянгол дүүргийн оршин суугч н.Болдхуяг: -Хууль хэрэгжиж эхэлснээс хойш тамхи татаж байгаа хүн цөөхөн таардаг болжээ. Бүх нийтээрээ тамхи татахгүй болчихвол их сайхан байна. Би гэхэд л тамхины утаа үнэрлэж чаддаггүй хүн. Тамхины эсрэг хуулийг дэмжиж байна.
 
М.Янжинлхам
Эх сурвалж: "Нийслэл таймс"