sonin.mn
АБУ-ДАБИ. /Reuters/. “Solar Impulse 2” нисэх онгоц Абу-Даби хотод газардсанаар нарны эрчим хүчээр ажилладаг онгоцоор дэлхийг тойрох анхны аялал дууслаа.
 
Швейцарийн нисгэгч Бертран Пиккар Египетийн нийслэл Каир хотоос онгоцоо жолоодон Арабын Нэгдсэн Эмирт Улсын нийслэл Абу-Даби хотод амжилттай газарджээ. Ингэснээр өнгөрсөн оны 3 дугаар сарын 9-нд Абу-Дабигаас эхэлсэн аялал амжилттай дууслаа.
 
Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хөхиүлэн дэмжиж, сурталчлах зорилгоор тэрбээр өөрийн хамтрагч Андре Боршбергийн хамтаар уг нисэх онгоцыг ээлжлэн жолоодсон юм.
 
“Ирээдүй сайхан харагдаж байна. Ирээдүй гэдэг бол та. Ирээдүй гэдэг бол одоо юм” гэж Абу-Дабид өөрийг нь алга ташин угтаж авсан хүмүүст хандан нисгэгч Пиккар хэлжээ. 17 үе шат бүхий аяллын явцад дөрвөн тив, гурван тэнгис болон хоёр далайг туулсан байна.
 
Хамгийн урт зайн нислэг нь Японы Нагоя хотоос АНУ-ын Хавай аралд хүрэх аялал байсан аж. Тодруулбал, 8924 км зайг бараг 118 цагийн хугацаанд туулжээ. Мөн энэ нислэгээрээ Боршберг нэг хүний суудалтай нисэх онгоцоор зогсолтгүйгээр хамгийн хол замыг туулсан гэх ангилалд дээд амжилтын эзэн болсон юм.
 
“Solar Impulse2” нь суудлын автомашинаас хүнд биш боловч далавчны далайц нь “Boeing 747” загварын нисэх онгоцныхтой адил хэмжээтэй буюу 38.8 м урт ажээ. Энэ онгоцны нисгэгчийн бүхээг нь телефон утасны бүхээгтэй адил хэмжээтэй учраас нисгэгчид өндөрт нисэхдээ хүчилтөрөгчийн баг өмсөх шаардлагатай бөгөөд нисч байх үедээ ердөө 20 минут л унтах боломжтой гэнэ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг