sonin.mn

Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах асуудал хууль тогтоох дээд байгууллагын түвшинд идэвхтэй яригдсан ч УИХ дээр хэлэлцэгдээд ганцхан саналын зөрүүгээр унасан. Улс орны хөгжилд дэвшил, ирээдүйн хувь заяатай шууд холбоотой энэхүү гэрээг эргэж харах хэрэгтэй гэж үзэж буй төрийн түшээдийн нэг УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.



-Оюу толгойн гэрээг засч залруулах хэрэгтэй гэдэг байр суурьтай гишүүд өмнөх парламентад байсан. Тэр байр суурь шинээр бүрдсэн УИХ-ын үед ч үргэлжлэх төлөвтэй. Үнэхээр муу гэрээ болсон болоод тэр үү?

-Улстөрчдийн хувьд үнэхээр муу гэрээ болсон эсэх талаар нэгэн дуугаар хэлж чадахгүй байгаа. Харин уг гэрээнд сэтгэл дундуур явж буй УИХ-ын гишүүн, толгой эрдэмтэд их их байгаа юм. Ард иргэд маань ч тийм ч сэтгэл хангалуун биш байгаа нь нууц биш. Тийм учраас гэрээний зүйл заалтаар нь задалж ярилцая гэдэг саналыг би тавьсан юм. Өөрөөр хэлбэл, гэрээний ийм ийм заалт монголчуудад ашиггүй болсон байна.

 

Энэ нь боломжийн болсон байна ч гэдэг юм уу тэгж тодорхой хандаж байж асуудлыг нэг тийш болгоно гэсэн үг. Ингэхийн тулд бүгдээрээ тойрч суугаад ярилцах шаардлагатай байгаа юм. Миний энэ байр суурийг олон улстөрч дэмжиж байгаа. Харамсалтай нь ингээд яриад эхлэхээр сэтгүүлчдийг худалдаж аваад бидний байр суурийг мушгин гуйвуулсан зүйл бичүүлэх хандлага гаргаж байна. Алт гэдэг шар металлаас болж монголчуудыг хоёр хувааж болохгүй шүү дээ.

 



-Гэрээнд өөрчлөлт оруулах байр суурь УИХ дээр унасан, ганцхан саналаар. Гэхдээ цаашид дахиж сөхөгдвөл хөрөнгө оруулагчид хэрхэн хандах бол?

-Гэрээнд өөрчлөлт оруулахыг аль нэг тал дангаараа шийдэхгүй. Нөгөө талтайгаа ярилцана. Тэгэхлээр гэрээнд өөрчлөлт оруулах уу, үгүй юу гэдгийг би хувьдаа урьдчилан хэлж чадахгүй. Ашигтай гэрээ болж чадсан байна уу, үгүй юу гэдгийг тал талаас нь ярилцаж тодруулах хэрэгтэй. Нээлттэй ярилцая л даа. Намууд нийлж сууж байгаад ярилцая. Эрдэмтдээ урьж ирүүлээд ярья. Ард түмэнд ашигтай өөр ямар хувилбар байж болох вэ гэдгийг хэлэлцье. Ингэж шүүн тунгааж, анализ хийж мэтгэлцсэний эцэст “Муу гэрээ болоогүй юм байна” гэдэг дүгнэлт гарвал би хувьдаа уучлалт гуйя. Байр сууриа илэрхийлж, гэрээг зүйл заалт бүрээр нь дахин задалж ярья гэдэг санал гаргах эрх надад байгаа шүү дээ.

 



-Эдийн засгийн хямрал Монголыг тойрохгүй нь бололтой. Хохирол багатай тойрч гарах ямар боломж байна вэ?

-Дэлхийн аль ч улс оронд хямралыг хохирол багатай тойрч гарах ганцхан боломж байдаг. Тэр бол ажил олгогчид буюу хөрөнгийн эзэд болох бизнес эрхлэгчид, нийгмийн баялагийг бүтээгч үйлдвэрчин, Засгийн газар гурав хамтарч сууж байгаад санхүүгийн хямралыг яаж туулж гарах вэ гэдгээ ярилцаж, гарах гарцаа зурах явдал юм. Ерөнхий сайдад хэлсэн ганц үг маань энэ л дээ.

 


-Хэдхэн хоногийн өмнө төсөвт тодотгол хийлээ. Манай улсын төсвийн алдагдал ямархуу хэмжээнд хүрснийг хэн хүнгүй мэдэж авсан байх. Ийм хүнд үед хүүхдийн мөнгө олгох саналыг УИХ дахь АН-ын бүлэг гаргаж, улмаар Засгийн газар дээр дэмжлэг авах шиг боллоо. Санхүүгийн эх үүсвэрийг нь архи, тамхины онцгой албан татврыг нэмэх замаар олно гэдгээ ч ил шулуун илэрхийлсэн. Ийм замаар төсөвт хүндрэл у ч р у у л а х г ү й х э н шиг санхүүгийн эх үүсвэрийг олохоор тооцоолсон бололтой юм.

 

Та хувьдаа үүнийг хэр зөв арга гэж үзэж байна вэ?

-Хүүхэд багачуудад cap бүр мөнгө олгох асуудлыг би дэмжиж байгаа. Мөнгө босгох боломж бий. Лондонгийн арбитрын шүүх дээр байгаа “Алтан дорнод”-той холбоотой өчнөөн мөнгөө олж авах хэрэгтэй. “Зоос”, “Анод” банкны зээлийн ер болох 100 тэрбум, Хадгаламж банкны 40 тэрбум, Оюу толгойгоос орж ирэх ёстой 5 тэрбум гээд манай төрийн авах ёстой мөнгө олон байна шүү дээ. Түүнээсээ хүүхэд багачууддаа олгож яагаад болохгүй гэж. Амалсан л бол хэрэгжүүлэх нь төрийн үүрэг байх ёстой.

 

Эх сурвалж:"Геологи уул уурхайн мэдээ"