sonin.mn

Монгол Улсын ерөнхий сайдын ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулагдсан Эдийн засгийн чуулга уулзалт өнгөрсөн долоо хоногт хоёр өдрийн турш Төрийн ордонд үргэлжилсэн юм. Эдийн засгийн чуулга уулзалтын хаалтын үйл ажиллагаанд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож саналаа хэлсэн юм.

Монгол Улсын төрийн тэргүүн "Эдийн засгийн чуулга уулзалт нь жилээс жилд өргөжин агуулгын хувьд баяжиж, тэр хэрээр асуудлыг шийдвэрлэх хүрээнд хэлэлцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулж чадаж байгаа нь чухал ололт гэж үнэллээ. Гэвч гүйцэтгэл алга гэж хэлсэн юм. Гэхдээ Монгол Улсын хувьд дотооддоо асуудлаа ярилцаж чадаж байгаа нь бусад орнуудтай харьцуулахад хамгийн давуу тал гэж онцлоод цаашид асуудлыг шийдвэрлэх талд өмнө гаргасан саналуудаа хэрэгжүүлэх нь чухал байна гэдгийг тэмдэглэлээ.

Харин Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд чуулга уулзалтыг хааж хэлсэн үгэндээ, өнгөрсөн хоёр жилд зохион байгуулсан эдийн засгийн форумаас гаргаж байсан санал санаачлагууд шийдлээ олоод явж байгаа нь ч бий. Басхүү олоогүй нь ч бий гэдгийг хэлж байна. Мөн энэ удаад зохион байгуулсан эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын эдийн засгийн их өсөлтийг хөгжил болгон хувиргах, тэр дундаа байгалийн баялгийн тэгш хуваарилалт бий болгохын тулд гарц хайсан болохыг онцлон тэмдэглэсэн юм.

Хөгжилд хамтдаа уриан дор болсон энэ удаагийн Эдийн засгийн чуулга уулзалтад гадаад, дотоодын 1000 гаруй төлөөлөгч оролцож, эдийн засгийн их өсөлтийг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэхийн тулд юун дээр анхаарах. Тэр дундаа хувийн хэвшлийн салбарынхны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд юун дээр анхаарах шаардлагатай талаар хөндсөний зэрэгцээ нефтийн хараат байдлаас гарахын тулд төр засаг ямар бодлого баримтлах асуудалд тогтож ярилцлаа.

Мөн эрчим хүчний хэрэглээг хангахын тулд цаашид эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх, эрүүл мэндийн салбарыг шинэчлэхэд хувийн хэвшлийн салбарынхан хэрхэн оролцох гэх мэт олон асуудлыг хөндөж санал дэвшүүллээ. Нефтийн бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг ОХУ-аас импортолдог Монгол Улсын хувьд гадны хараат байдлаас гарч бие даахын тулд ирээдүйд төр засаг ямар бодлого барих, хувийн хэвшлүүд нь түүнд хэрхэн оролцож эдийн засгийн аюулгүй байдлаа хангах вэ гэдэг асуудлыг салбар хуралдаанаар хөндлөө.

Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Содном, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын зөвлөх А.Ундраа, "НИК" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Халиунбат, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны Салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын дарга Б.Ганбаатар, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын орлогч дарга П.Сарангэрэл нарын хүмүүс оролцож хэлэлцүүлэг өрнүүлэн гарц хайлаа.

Жил ирэх тусам Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ өсөн нэмэгдэж, өнгөрсөн онд гэхэд 1.3 сая тоннд хүрчээ. Үүнийг 2009 оныхтой харьцуулахад 61.4 хувиар өссөн байна. Судалгаагаар 2015 онд энэхүү нефтийн хэрэглээ 1.5 сая гаруй тоннд хүрнэ гэсэн судалгааг эрдэмтэн судлаачид гаргажээ. Гэхдээ нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ ийн өсөхөд уул уурхайн салбарын эрчимтэй хөгжил нөлөөлж байгааг хэлэв.

Үүнийг дагаад нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсч байгаа аж. Монгол Улсын хувьд гуравхан хоногийн нефтийн бүтээгдэхүүний нөөцтэй болсон өдрүүд ч байжээ. Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч ажилласны дүнд хомсдлоо даруй арилгажээ. Гэвч ийм байдал дахин давтагдахгүй гэх баталгаагүй бөгөөд үнэ ханшийн асуудал хоёрдугаарт орж байгааг ч хөндлөө.

Төлөөлөгчид "Төр нефтийн бүтээгдэхүүний импортыг гартаа авч, өнөөгийн импортлогч компаниуд жижиглэн худалдааг хийх нь зохистой" гэсэн саналыг ч дэвшүүлсэн юм. Харин үүнд "НИК" ХХК-ийн гүйцэтгэх захирал няцаалт өглөө. Тэрбээр, "Төр нефтийн импортыг гартаа авбал ОХУ-ын зүгээс илүү том барьцаа шаардана. Нөгөө талдаа үнэ өнөөгийнхөөс доош бууна гэдэг хүлээлт талаар болно" гэж тайлбарлаж байна.

Учир нь өнгөрсөн оны зургадугаар сард нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсч, Засгийн газрын сайд нар ОХУ-ын холбогдох газруудын төлөөлөлтэй хэлэлцээр хийхээр очиход том төсөл дээр хамтран ажиллах санал тавьжээ. Энэ нь эргээд үндэсний аюулгүй байдал, мөн эдийн засгийн аюулгүй байдлыг хөндөхөөр чухал асуудлууд үүсгэсэн тухай онцоллоо.

УИХ-аас Газрын тосны талаар баримтлах төрийн бодлогыг батлан гаргасан. Бодлогод газрын тосны ордоо түшиглэн төрийн оролцоотой боловсруулах үйлдвэр байгуулахаар тусгажээ. Бодлогыг оролцогчид дэмжиж байгаагийн зэрэгцээ гол нь үндэсний аж ахуйн нэгжүүд нь газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах нь чухал гэж үзлээ. Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын орлогч дарга П.Сарангэрэлийн тайлбарласнаар Монгол Улсын түүхий нефтийн тогтоогдсон нөөц хангалттай биш аж.

Тиймээс газрын тосны нөөцийг тогтоох чиглэлээр эрчимтэй ажиллах бодлогыг салбарын яамнаас барьж байгаа аж. Одоогоор энэ чиглэлээр 14 компани 18 газарт хайгуул хийж буй аж. Үүнээс хоёр газарт түүхий нефтийн нөөц тогтоогдсон. Эхнийх нь Дорнодын 19 дүгээр талбай, 196 сая тонн түүхий нефть байна гэдэг тоо гарсан ч үүнээс ашиглах боломжтой нь өрдөө 2 сая тонн аж.

Зүүн баянгийн ордоос тойм нөөц 20 сая гэж тогтоогдсон ч ашиглах боломжтой нөөц нь 2 сая гэж гарчээ. Иймд төрөөс дан ганц боловсруулах үйлдвэрлэлийн төлөвлөлт хийгээд ирээдүйгээ тодорхойлох нь бэрхшээлтэй, мөн л түүхий эдийн хомсдолд орж мэдэх талтай. Тиймээс Дархан-Уул аймагт Японы хөрөнгө оруулалттай газрын тосны үйлдвэр байгуулахыг бодлогоор дэмжиж буй юм байна. Учир нь тус үйлдвэр түүхий нефтээ ОХУ-аас импортолно.

Жилдээ 2 сая тонн түүхий тос боловсруулж бүс нутгаа хангах төлөвлөгөөтэй. Хөрөнгө оруулалтад 600 орчим сая доллар шаардаж буй бөгөөд үүнийгээ таван жилийн дотор нөхөх аж. Энэхүү үйлдвэрийг барьж байгуулах ажилд төр шуурхайлж, дэмжлэг үзүүлэх нь чухал байна гэдэг саналыг энэ үеэр Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Содном хэллээ.

Учир нь түүхий нефтийг зах зээлийн үнээр аваад байх бололцоотой. Ер нь Монгол Улсын хувьд бүс нутгаа хангах хэд, хэдэн жижиг үйлдвэрийг барихаар төлөвлөсөн ч, гол нь түүхий нефтийн нөөцтэйгээ холбоотой байгаа тухай албаныхан мөн онцолж байна. Учир нь БНСУ зэрэг орнууд жилд 150 сая тонн түүхий нефть боловсруулдаг үйлдвэртэй байхад манайх энэ жишгээр үйлдвэр байгуулах бололцоогүй. Шалтгаан нь түүхий нефтийн нөөц тийм ч хангалттай биш байгаатай холбоотой гэж үзэж байна.

Тиймээс нүүрсний арвин их нөөцтэй орны хувьд түүнээс шингэн түлш гаргах, хий гаргах аргад суралцах нь чухал аж. Үүнд хүрэхэд таваас зургаан жил шаардана. Мөн боловсон хүчнээ сургах бэлтгэх, техник технологио суурилуулах гээд бүтээн байгуулалтын томоохон ажил шаардах болох ч энэ нь боломжтой хувилбар гэж үзлээ.

Мөн тэд энэ саналыг дэвшүүлэхдээ гол нь монголчууд өөрсдөө энэ ажлыг хийх ёстой гэж үзэж байна. Тодруубал, дотоодынхоо газрын тосны нөөцөд тулгуурласан нефть боловсруулах үйлдвэртэй байхын зэрэгцээ гадаадаас түүхий нефтээ оруулж ирэн боловсруулдаг үйлдвэртэй болчихвол Монгол Улсын хувьд ганц улсаас 100 хувь шахам хараат байдаг байдал хязгаар-лагдана гэж үзэж байна. Гэхдээ энэ болтол ОХУ, Хятад улсаас нефтийн бүтээгдэхүүнээ импортолно.

Хомсдол үүсгэхгүйн тулд төр өөрийн гэсэн нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх шаардлагатай. Одоогоор төрд өөрийн гэсэн агуулах сав байдаггүй тул хувийн хэвшлийн агуулах савыг түшиглэн нефтийн нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй юм байна. Эхний ээлжинд нефтийн нөөц бүрдүүлэхэд зориулж УИХ-аас таван тэрбум төгрөг төсөвлөж өгсөн ч энэ нь ердөө хоёр хоногийн нөөц бүрдүүлэхэд хүрэлцэх хөрөнгө аж. Тиймээс төрийн мэдлийн нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд УИХ анхаарч төсөв хөрөнгийг тавьж өгөх шаардлагатай аж.

Нөгөө талдаа нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөх бүрийд Засгийн газраас нефть импортлогч нарт татварын хөнгөлөлт үзүүлж ирсэн. Ингэснээр Гаалийн болоод Онцгой албан татварыг нефтийн бүтээгдэхүүнд оногдуулахгүй болжээ. Хэрвээ төр НӨАТ-ын хөнгөлөлтөө 0 болгох юм бол одоо дахин үнэ өсөхөд зохицуулах мөханизмгүй болох аж. Тиймээс уул уурхайн компаниуд нийт нефтийн бүтээгдэхүүний 60 хувийг ашиглаж байгаа нөхцөлд энэ талд ирж буй хэрэглээг татвараас хөнгөлөхгүй байх чиглэлийн бодлогыг төр барих ёстой гэх санаа ч энэ үеэр гарлаа.

Хоёр дахь өдрийн хуралдааны гол сэдэв нь "Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу" байв. Хуралдаанд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар нар оролцов. Эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд уул уурхайг тахин шүтсэн Монгол Улсын эдийн засаг энэ хэвээрээ үргэлжилбэл хэзээ ч хөгжилд хүрэхгүй гэдгийг анхааруулаад байгаль экологид халтай хүрэн эдийн засгаас дэлхийн өндөр хөгжилтэй улсууд татгалзах болсоныг ярилаа.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжсөн. Монгол Улс ч чамгүй мөнгөжиж, дэлхийд бас ч үгүй байгалийнхаа баялгаар танигдаад байгаа. Эдийн засгийн өндөр өсөлтийг авчирсан гэх уул уурхайн салбарын балгаар өнөөдөр Монголын байгальд чамгүй их хор хөнөөл учирсныг мэргэжилтнүүд шүүмжиллээ.

Уул уурхайн олборлох үйлдвэрлэл явуулж байгаа гэвч компаниуд алтыг нь аваад авдрыг нь хаяна гэгчээр ухаж сүйтгэсэн байгалиа эргэж хэзээ ч анхаарч үздэггүй, нөхөн сэргээлтийн ажилд ганц зоос зарцуулдаггүй, байдгийг нь ухаж цөмлөөд өөрсдөө л баяжаад байгаад төр засгийг буруутгах хүн ч байлаа. Үүнд хяналт тавих ёстой салбарын яамдууд, Улсын мэргэжлийн хяналтын өрөнхий газар юу ч хийдэггүй, нүдэн балай чихэн дүлий өнгөрдөг. Зарим төрийн албан хаагч уул уурхайн компаниас авлига авчихдаг болохоор асуудлыг дараад байна гэх шүүмжпэл энэ үеэр гарсан.

Монгол Улс зөвхөн нүүрсээс эрчим хүч гаргах бус нар салхи, ус гээд сэргээгдэх эрчим хүчээ ашиглан эрчим хүчний салбараа хөгжүүлэх, эдийн засгаа ногооруулахыг эрдэмтэн судлаачид шаардлаа. Монгол Улс хүрэн эдийн засгаас ногоон руу шилжихэд ЭХЗГ-ын Зохицуулагчдын зөвлөлийн дарга Р.Ганжуурынхаар бол нэг ибэрхшээл байгаа аж. Энэ нь эрчим хүчний салбарт өрсөлдөх чадвар байхгүй байгаа явдал.

Монгол Улс чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэн ч эрчим хүчний салбарт хувийн хэвшлийнхний оролцоо тэг байгаа гэнэ. Тиймээс ядаж л төр 51, хувийнхан 49 гэсэн харьцаатай байж эдийн засаг ногоорох санал гарав. "Инноваци ба ногоон өсөлт" сэдвийн дор нүүрс үү, салхи уу гэдгийг хэлэлцэв. УИХ-аас баталсан "Шинэ бүтээн байгуулалт" зорилтот хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар нь 100 мянган айлын орон сууцыг 2016 он гэхэд улсын хэмжээнд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байгаа бөгөөд үүний 75 мянга нь Улаанбаатар хотод баригдана.

Гэтэл өдөр ирэх тусам эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж, тэр хэрээр өнөөгийн Дулааны цахилгаан станцууд цахилгаан станцуудад нийлүүлэгдэж буй нүүрсний үнэ өнгөрсөн таван жилийнх-тэй харьцуулахад нь хоёр дахин өсчээ. Багануурын нүүрс нэг тонн 21 мянган төгрөг бол Шивээ-Овоогийнх нэг тонн 16 мянган төгрөг.

Дөрвөн жилийн өмнө Шивээ-Овоогийн нүүрс нэгтонн 8000 төгрөгийн үнэтэй байсан. Тиймээс энэ бодлого цаашид үргэлжлэх ёстой. Мөн түүнийг дагуулаад эрчим хүчний үнэ, дулааны үнийг чөлөөлөх шаардлага бий болно. Харин энэ үед төрөөс эцсийн хэрэглэгчдэд очих цахилгаан, дулааны үнэд хөнгөлөлт буюу татаас олгоод эхэлбэл энэ салбар өөрөө аяндаа сэргэх боломжтой гэж Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт хэллээ. Өнгөрсөн хугацаанд төр дулааны цахилгаан станцуудад 15 тэрбум төгрөгийн татаас олгосон байна. Одоо тэгвэл энэхүү татаасыг иргэдэд олгож болох гэнэ. Ийм алхам хийхгүй бол эрчим хүчний салбар Монгол Улсын хувьд ямагт алдагдалтай ажиллаж, хэрэглэгчдийн нуруун дээр ирэх ачаа улам хүндэрсээр байх аж.

Эх сурвалж: "Геологи уул уурхайн мэдээ"