sonin.mn

Хотын удирлагаас тээврийн хэрэгслийг улсын дугаараар хөдөлгөөнд оролцуулах захирамж гаргаад басчиг бүтэн сарын нүүр үзэж байна. Ерөнхий төлөвлөлт үгүй болсон, өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр буй хүн ам, машинаа даахаа больсон Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хэт ачааллаас сэргийлэх зорилгоор гаргасан дээрх захирамжийн хэрэгжилт түгжрэл, ачааллыг бага ч болтугай хувиар бууруулж, өөрийн хувь нэмрээ оруулж байгаа хэдий ч хэрэглэгч олон түмэнд талх, сүү, махнаас аваад өдөр тутмын хүнсийг нь хүргэж өгдөг машинууд нэг өдөр явахгүй болсноор түгээлтэд саатал учирч, улмаар хүнсний бүтээгдэхүүн муудах хүндрэлтэй байдлыг араасаа дагуулах болов.


Нийслэлийн Баянгол дүүрэг. “Баясах” зуушийн газар ажиллуулагч Ц.Эрдэнэчимэг:

-Манайх БНСУ-аас оруулж ирж байгаа бэлэн хоолоор үйлчилдэг түргэн хоолны газар. Хажуугаар нь пирошки, хачиртай талх, шарсан зайдас хийж худалдаалдаг. Талхаас аваад пирошки, бэлэн хоолоо хангалтын компаниудаас татан авдаг. Мэдээж хүнс л болохоор бүгд шинэ байх ёстой. Манайх жижигхэн газар болохоор одоохондоо мэдэгдсэн зүйл алга.

Арай том цайны газар, дэлгүүрүүд хүндрэлтэй байна. Нэг өдөр саатахад л хүнс муудна ш дээ... Үүнийг шийдвэр гаргагчид эрх биш бодолцож байгаа байх гэж бодох юм. Манайхыг бодвол сүү, тараг зэрэг амархан муудах зүйл дээр хэцүү байгаа. ёстой л, Хотын даргаа! Автомашины дугаарын хязгаарлалтаас болж нялх хүүхдүүдэд очих сүү гашлах нь гэж хэлмээр байна.

 


Баянзүрх дүүрэг. “Манлай” цехийн эрхлэгч Н.Дариймаа:

-Манайх хэрчсэн гурил, бууз, банш хийж, савлан дэлгүүрүүдэд хүргэдэг. Хүргэлтийн ганц жижиг машинтай. Бид уг нь нэг хөргүүртэй, бага оврын зөөврийн тэрэгтэй болох гэж арай ядаж байна. Гэтэл дугаараар хөдөлгөөнд оруулах болсонтой холбоотойгоор ганц машин маань нэг өдөр зогсчихдог. Тэр хэрээр дэлгүүрүүд хүргэх бууз банш, хэрчсэн гурил маань саатдаг.

Саатна гэдэг нь бүтээгдэхүүн муудна гэсэн үг. Тухайн өдөр бүтээгдэхүүн маань хөргөгчид овоорчихдог. Бас дэлгүүрүүдэд байгаа үлдэгдэл бууз, баншаа татаж авч чадахгүйд хүрч байна. Ийм хүндрэлтэй байгаа. Тэр хэмжээгээр бүтээгдэхүүний маань чанарт нөлөөлж байна. Уг нь манайх байнгын хэрэглэгчидтэй л дээ....



“Өгөөж-чихэр боов” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Энхчимэг:

-Манайх нийслэлд 2500, хөдөө орон нутагт 200 гаруй харилцагчтай. Бид өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнээ 29 машинаар хүргэдэг. Дугаарын зохицуулалтаар 4-8 машин түгээлтэд гарч чадахгүй байгаа. Үүнээс болж манайх долоо хоногт 100 шахам сая төгрөгийн алдагдалд хүрч байна. Зөвхөн борлуулалтаас шүү дээ.

Мөн үүнтэй холбоотойгоор 3000 шахам харилцагч дэлгүүр худалдааны хохирол амсаж байна. Бүтээгдэхүүнээ шинээр нь түгээж чадахгүйд хүрсэн. Энэ хүндрэл ганцхан манайхаар бус бусад дотоодын үйлдвэрлэгч нарт тулгарч байна гэв.



Дээрх хэлсэн үг, байдлаас харахад үйлдвэрлэгч, импортлогч, нийлүүлэгчдээс гадна бараа, үйлчилгээ авдаг худалдаа, үйлчилгээний цэгүүдийн орлого буурах, хурдан нийлүүлэгдэх хүнс түгээлт саатаад ирэхээр иргэд, хэрэглэгчдийн сонголтонд сөргөөр нөлөөлөхөөс гадна олон машинтай нь дугаараа солиод ч болтугай үйлчилгээнд гарч байхад ганц машинтай аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа таг зогсож гацчихаж байгаагаар жижиг, дунд бизнес болон томоохон бизнес эрхлэгчдийн дунд өөр хоорондоо шударгаар өрсөлдөх боломжгүй болгож байна.

Дам дамандаа ийм сөрөг нөлөөлөлтэй учирч байгаа талаар жижиглэн худалдаа эрхлэгчид хотын удирдлагатай уулзаж, зовлонгоо ярьж шийдэхийг хэлэхээр очиход том дарга нар нь гадаад, дотоодод ажилтай гээд түр байхгүй, хүлээн авсан орлогч дарга нь “Та нарын асуудлыг яаж ч шийдэх боломжгүй. Дугаарын хязгаарлалт дээр ямар ч яриа байхгүй. Хүлээж авахгүй. Аж ахуйн нэгжүүд шөнийн цагаар юм уу, үүрээр бараагаа түгээхгүй юу” гэсэн хариу өгч.


Энэ талаар бизнес эрхлэгчид хэт хүйтэн, халуун байдаг манайх шиг цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, өглөө, орой эрт харанхуй болдог, тэгээд дээр нь дэд бүтэц, гэрэлтүүлэг муу байдаг Улаанбаатар хотод шөнийн цагаар юм уу үүрээр үйл ажиллагаагаа явуулна гэдэг олон эрсдэлтэй байдаг гэцгээж байна. Наад зах нь аж ахуйн нэгжийн ажилчид даарч хөрөхөөс эхлээд бэлэн мөнгөө алдах, халдлага, хулгай дээрэмд өртөх зэргээр амь нас, эрүүл мэндэд халгаатай байдгийг дарга нар яаж ч мэдэх вэ дээ гэж байна.

Өмнө нь компаниудын ачааны машинуудыг хотын төв замаар зорчуулахгүй байх тушаал гараад удаагүй байхад дахин хязгаарлалт бүхий захирамж гаргачихлаа. Дарга нарын амнаас аль болох “Болохгүй!”, “Хязгаарла!”, “Зөвшөөрөл ав!” гэсэн үг гардаг. Хэлэх нэг хэрэг, амархан, харин хэрэгжилт дээр өөр байдгийг бизнес эрхлэгчид хэлж байна.

Энэ олон зөвшөөрөл, хязгаарлалт, хориг нь юм хийж буй хүмүүст давхар давхар дарамт болж үүнээс үүдэлтэйгээр нийлүүлэлт, тээвэрлэлтээс    хамааралтай
хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх цаашилбал инфляц нэмэгдэхэд шууд бус, дам байдлаар нөлөөлж мэдэх нь.
Тиймээс нийслэлийн удирдлагыг гэнэт гаргасан шийдвэрээ эргэн харж, үйлдвэрлэн бүтээгч хувийн хэвшлийхний санал хүсэлтийг харгалзан үзээч гэж байна.

Уг нь замын хөдөлгөөнд өдөрт борлуулалт, түгээлтийн 1800 орчим машин оролцдог нь автомашины дугаарын хязгаарлалтад орж байгаа 60 мянган машины гуравхан хувь болж байгаа. Нийслэл Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцож байгаа нийт 307 мянга гаруй тээврийн хэрэгслийн 0.6-хан хувь.


Улаанбаатарын удирдлага минь ээ, муу амлаж байгаа юм биш, гэхдээ л их хотын хөдөлгөөн, автомашин энэ дээшээгээ улам л ихэснэ үү гэхээс биш цөөрөхгүй нь ойлгомжтой. Та бүхний авч буй олон арга хэмжээний үр дүнд ачаалал тодорхой хэмжээгээр буурч байгаа хэдий ч хувийн болон ажил албаа гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүдийн машиныг ямар хориглолтой нь биш. Тиймээс миний хүүхдэд очих сүү, танд очих талх саатахгүйн төлөө ямар нэг арга хэмжээ аваач....


Эх сурвалж: “Бизнес Таймс”