sonin.mn
​АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган нар Сирийн хил орчимд болж буй нөхцөл байдлын талаар утсаар ярилаа. Энд Анкарагаас курдуудын эсрэг ажиллагаа явуулж байгаа билээ. Цагаан ордны мэдээлэлд дурдсанаар АНУ-ын төрийн тэргүүн Сирийн Афринд Турк, Америкийн хүчнүүдийн хооронд мөргөлдөөн үүсгэхгүй байхад анхаараарай гэж захисан гэнэ. Харин Эрдоган хариуд нь АНУ Сирийн курдуудад зэвсэг нийлүүлэхийг эсэргүүцнэ гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган нар лхагва гарагт Турк-Сирийн хил дээр болж буй асуудлын талаар утсаар ярилаа. Энд Анкарагаас Сирийн курдуудын эсрэг “Чидуны мөчир” ажиллагаа явуулж байгаа юм. Эрдоган Вашингтонд Ардын батлан хамгаалах хүчин, “Ардчилсан холбоо” намд зэвсэг нийлүүлэхийг зогсоо гэж уриалсан байна.
"Турк, АНУ-ын Ерөнхийлөгчид Сирийн Африн дахь ажиллагааны талаар утсаар ярилцлаа. Манай Ерөнхийлөгч Трампад ажиллагааныхаа зорилгыг “Туркийн үндэсний аюулгүй байдлыг хангах, Африныг алан хядагчдаас цэвэрлэх гэж хэлсэн. Тэрбээр АНУ-ыг Курдистаны ажилчны нам хэмээх алан хядах байгууллага, Сирийн курдуудын нам болох “Ардчилсан холбоо”, түүнчлэн ардын батлан хамгаалах хүчнийг цэрэг дайны хувьд дэмждэгээ эцэслэх ёстой гэж уриалсан” хэмээн Туркийн талын эх сурвалж мэдээлжээ.
Харин Цагаан ордны албан ёсны мэдээлэлд Трамп Эрдоганыг аль болох хүлээцтэй, тэвчээртэй байж, зөрчил мөргөлдөөнийг нэмэгдүүлэхгүй байх хэрэгтэй гэжээ. “Ерөнхийлөгч Трамп Туркийг болгоомжтой байж, Турк, Америкийн цэргүүдийн хооронд зөрчилдөөн үүсэх ямар ч үйл ажиллагаанаас холуур байхыг анхааруулсан" хэмээн Цагаан ордноос мэдэгджээ.
Түүнчлэн Трамп хоёр орон “Исламын улс’’-ыг ялагдалд оруулах нэг зорилгод хүчээ төвлөрүүлэх ёстой гэж онцлон тэмдэглэсэн гэнэ. Ингээд хоёр улс бүс нутагт алан хядах ажиллагаатай тэмцэхэд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохирчээ.
 
Э.Мөнхзаяа
Эх сурвалж: "Өглөөний сонин"