sonin.mn
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр цахимаар хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ.
Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-д өргөн барьсан “Өрх бүрт нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “COVID-19 халдварын цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, бүлгийн гишүүд уг тогтоолыг холбогдох байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Хоёрдугаарт, Соёлын сайд С.Чулуун тус яамны хэрэгжүүлэх бодлого зорилт, хөрөнгө оруулалт, салбарын томоохон төслүүдийн талаар танилцуулжээ. Тодруулбал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтод тулгуурлан Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр Үндэсний бахархал төлөвшүүлж, эх оронч үзэл, эв нэгдлийг нэвтрүүлэхээр тус яам ажиллаж байна.
 
 
 
Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Бүх нийтийн соёлын боловсрол”, “Цахим соёл”, “Монгол ба дэлхий дахин” хөтөлбөрүүдийг шинээр боловсруулж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Харин өмнөх хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдээс “Монгол уран бүтээл” /2015-2025/, “Соёлын биет бус өвийг хамгаалах” /2019-2023/, “Баримтат өвийг хамгаалах” /2014-2024/ төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм байна.
 
 
 
Түүнчлэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кино урлагийг дэмжих тухай, Музейн тухай хуулийн төслүүлийг хэлэлцэн баталснаар салбарын эрх зүйн орчин сайжруулахад чухал нөлөөтэйг салбарын сайд онцоллоо. Мөн Үндэсний болон сонгодог урлагийн мэргэжлийн ур чадвар бүхий нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, тэтгэлэг дэмжлэг олгох, төр олон нийтийн түншлэлийн харилцааг өргөжүүлж, урлаг уран бүтээлийг хөгжүүлэх зорилгоор олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны хөтөлбөрт тусгажээ. Түүнчлэн Дэлхийн соёлын сайд нарын чуулга уулзалтыг 2022 онд Монгол Улсад зохион байгуулна. Хүннү болон Монголын эзэнт гүрний түүхийг сурталчлах “Нүүдэлчдийн эзэнт гүрэн” үзэсгэлэнг Европын холбооны улсуудад аялуулах аж. Соёлын салбарын томоохон бүтээн байгуулалтаас авч үзвэл, “Чингис хаан” хаад, язгууртны музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театр, Хөвсгөл нуур музей, соёл мэдээллийн төв, Хүүхдийн номын сан, хүүхдийн театр байгуулахаар тусгаснаа танилцуулав.