sonin.mn
УБТЗ-ын Соёл урлаг, спортын төвийн дарга Л.Биндэръяатай нийгэмлэгийн 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй урлаг соёл, спортын арга хэмжээний талаар ярилцлаа.
 
Төмөр замчдын спорт, урлагийн IV их наадмын үйл явцаас яриагаа эхлэх үү?
 
-Монгол-Оросын Хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн түүхт 70 жилийн ойн хүрээнд маш олон арга хэмжээг зохион байгуулж байна. Түүний нэг нь Спорт, урлагийн IV их наадам. Одоогоор наадмын хоёрдугаар шат буюу бүсийн аварга шалгаруулах тэмцээнүүд дуусаж, шигшээ тэмцээний оролцогчид тодорч байна.
Ер нь, УБТЗ спорт, урлагийн их наадмыг 2012 онд анх удаа, түүнээс хойш нийгэмлэгийн 65 жилийн ойн хүрээнд 2014 онд, III их наадмыг МҮЭ-ийн 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан байдаг. IV их наадмыг өмнөх наадмуудаас илүү өргөн хүрээнд хийж буйгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, спорт, урлагийн төрлийг нэмж, багийн тэмцээнүүдийг түлхүү оруулснаас гадна төмөр замчдын оролцоог нэмэгдүүлэх үүднээс удирдамжид байгууллагын инженер техникийн ажилчдын оролцоог тухайн багт 30-аас доошгүй хувь байх, нэг ажилтан 2-оос илүү спорт болон урлагийн төрөлд орохгүй байх зэргээр зааж өгсөн.
 
-Ойролцоогоор хэчнээн төмөр замчин энэ наадамд оролцож байгаа вэ?
 
-Ажлын байрны дасгал, нийтийн монгол бөх, шагайн харваа, хөнгөн атлетик, буухиа гэсэн олон нийтийг хамарсан спортын, хамтлаг дуу, хамтлаг хөгжим зэрэг урлагийн төрлийг оруулснаараа урд жилүүдээс Илүү олон төмөр замчдыг хамруулж чадлаа. Анхан шатны тэмцээн уралдаанд давхардсан тоогоор 6000 гаруй төмөр замчин оролцсон гэсэн дүн байна.Наадмын гуравдугаар шат буюу шигшээ тэмцээнд 800 орчим төмөр замчин оролцож, 400 медалийн эзэн тодорно гээд бодохоор хэр цар хүрээтэй арга хэмжээ гэдэг нь харагдаж байгаа биз.
 
-Шигшээ тэмцээнүүд одоо хэдийд, хаана болохыг манай уншигчид сонирхож байгаа байх?
 
-Шигшээ тэмцээнүүд энэ сарын 20-ноос эхэлсэн. Тухайлбал, 20-нд Төв цэнгэлдэхэд хөнгөн атлетикийн тэмцээн болсон. 22-нд Баянбууралд шагайн харваа, “Замчин” клубын зааланд нийтийн Монгол бөх, 23-24-нд сагсан бөмбөг, 26-нд ажлын байрны дасгалын тэмцээн “Замчин” клубын зааланд болно. Урлагийн шигшээ шалгаруулалт 22-23-нд Соёлын ордонд болно. Тэгээд 26-ныхаа 17.00 цагаас “Буянт-Ухаа” спортын ордонд их наадмынхаа хаалтын ажиллагааг зохион байгуулна.
 
-Уг их наадмын ач холбогдлыг тодорхойлбол...?
 
-Энэ талаар маш өргөн хүрээнд харж байна. Нэгдүгээрт, нийгэмлэгийн 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй томоохон ажил. Нөгөө талд нь, төмөр замчдын нөхөрлөл, хамтын ажиллагааг дэмжсэн, харилцаа холбоог ойртуулсан арга хэмжээ юм. Ер нь, урлаг, спорт бол байгууллага хамт олны эв нэгдэл, хамтач байдлыг дээшлүүлдэг шүү дээ. Мөн төмөр замчдын авьяас чадварыг нээх, хөгжүүлэх, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх чиглэлээр олон нийтийн ажлыг зохиодог.
Үүнээс гадна төмөр замчдын дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг дэмжих үүднээс спортын арга хэмжээнд ихээхэн анхаарал хандууллаа. Орчин цагт хөдөлгөөний дутагдлаас үүссэн өвчлөл нэмэгдэж байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа. Тэгэхээр замын захиргаанаас энэ асуудлыг ингэж бодлогын түвшинд авч үзэж байгаа хэрэг шүү дээ. Хэдийгээр ачаа тээврийн хэмжээ өссөн, төмөр замчдын хувьд ажлын ачаалал ихтэй, дээр нь ойн хүрээнд олон ажил хийх төлөвлөгөөтэй байгаа ч маш идэвхтэй, зохион байгуулалттай оролцож байгааг онцолж хэлмээр байна. Ялангуяа, манай зангилаад маш зохион байгуулалт сайтай оролцсон. Мөн зохион байгуулагчийн зүгээс манай Соёлын ордны уран бүтээлчид, “Замчин” клубын дасгалжуулагч, мэргэжилтнүүд сайн ажиллаж байгаа. Бид бүсийн тэмцээнүүдээс эхлээд спортын мэргэжлийн холбоодоос шүүгчдийг авч ажиллуулсан. Шигшээ тэмцээнүүдэд ч мэргэжлийн холбоодоос шүүгч авч, урлаг, соёлын нэр алдартай уран бүтээлчдийг авчирч шүүлгэнэ. Урлагийн уралдаанд тэргүүлэгчид маань нийгэмлэгийнхээ 70 жилийн ойн хүндэтгэлийн концертод орох юм.
 
-Хорш төмөр замуудтай хамтран спорт явган аяллыг хийж байгаа нь сонирхол татаж байна?
 
-“Бид нэг салбарынхан” ОУ-ын спорт явган аяллыг зохион байгуулж байна. Өнгөрсөн онд Монгол Улсад төмөр замын тээвэр үүсэж хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд манай явган аялагчид улсын хойд, урд хил буюу Сүхбаатар, Замын-Үүд зангилаанаас гараагаа эхэлж, 1115 км-ын аяллыг амжилттай хийснийг та бүхэн мэдэж байгаа байх. Тэгвэл энэ жил хилийн дээс алхаж, хөрш төмөр замуудын хилийн Наушки, Эрээн өртөөдөөс аяллаа эхэлж байгаа юм. Энэ жилийн аяллын маршрут 1215 км.
Тавдугаар сарын 11-нд Эрээн өртөөнөөс эхний баг гараанаас гарсан. Урд хөршийн мэргэжил нэгтнүүд маань манай аялагчдыг гараанаас гарахад үдэж, хилийн багана хүртэл тав орчим км хамт алхсан. Хойд чиглэлийн аялагчид энэ сарын 17-ны өглөө Наушки өртөөнөөс аяллаа эхлүүлсэн. Уг олон улсын аяллыг УБТЗ-ын захиргааны ивээл дор СУСТ, Гадаад харилцааны алба, МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо, Ахмадын холбоо, Улаан загалмайн хороо, “Ган зам пресс” төв зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм. Мөн хөрш төмөр замуудаас маш их ач холбогдол өгч дэмжиж ажилласанд талархалтай байна. Энэ аялал нийтийн биеийн тамирыг сурталчилах, эрүүл мэндийг дэмжих, спорт явган аяллыг хөгжүүлэх, төмөр замын дагуух үзэсгэлэнт байгалийг таниулах, түүхт газруудыг сурталчилах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Дашрамд хэлэхэд, спорт явган аяллынхан маань байгаль цаг агаарын маш хүнд шалгуурыг давж, тамирчин хүний тэсвэр хатуужлыг харуулсан хүнд аяллыг хийж байна.
 
-Манай ахмадуудын дурсах дуртай “Соёлын галт тэрэг” аялах сурагтай. Хэдийгээр аялах вэ?
 
-Зургадугаар сарын 20-ноос долдугаар сарын 1-ний хооронд “Соёлын галт тэрэг” аялна. Төмөр замчдын хүсэн хүлээсэн маш сайхан арга хэмжээний нэг нь энэ аялал байх болов уу. Уг галт тэргээр Оросын төмөр замын болон манай СУСТ-ийн уран бүтээлчид, мөн Ахмадын холбооны “Ган эгшиглэн” чуулгынхны бүрэлдэхүүнтэй Сүхбаатар зангилаанаас Замын-Үүд хүртэл аялж, урлаг уран сайхнаар төмөр замчдад үйлчлэх юм. Энэ галт тэргэнд хошин урлагийн “Аглуу” продакшныхан нэгдэж, төмөр замчдад инээд “бэлэглэх”-ээр болсныг дуулгахад таатай байна
 
 
Эх сурвалж: "Ган зам" сонин