sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Самбо бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, Дэлхийн цомын мөнгөн медальт Олон улсын хэмжээний мастер Дагвын Дэлгэрбаярын нэрэмжит “ТОП-66” жүдо бөхийн насанд хүрэгчдийн тэмцээн болов.
Эрдэнэт хотын “Хангарьд палас”-т өчигдөр зохион байгуулсан тус тэмцээн долоон сая төгрөгийн шагналын сантай бөгөөд 45 жүдоч хүч, ур чадвараа сорилоо. “Токио-2019” ДАШТ-ий тавдугаар байрын шагналт ОУХМ Ё.Басхүү тус тэмцээнд тодорхой шалтгааны улмаас оролцоогүй аж.
Мөн УАШТ-ий хошой мөнгөн медальт, Универсиад наадмын мөнгөн медальт Б.Эрхэмбаяр, өсвөр үеийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулсан насанд хүрэгчдийн “Улаанбаатар-2020” тэмцээний аварга ОУХМ Б.Нармандах нар Унгарын “Их дуулга”-д оролцож ирээд тусгаарлагдсан тул Эрдэнэтэд очиж чадаагүй юм байна. Харин тус тэмцээнд манай 60 кг-ын шилдгүүдээс гадна 73 кг-д амжилттай барилдаж буй залуус жин хасч хүч үзсэн нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй, сонирхолтой болгожээ.
 
 
Тэмцээнд Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хороо, “Жи-Мобайл” компанийн тамирчин “WORLD MASTERS” тэмцээний алт, мөнгөн медальт ОУХМ Г.Хэрлэн түрүүлж, Төв Тэмүүлэл клубийн тамирчин Г.Сод-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв. Шигшээ барилдаанд Г.Сод-Эрдэнэ бэртлийн улмаас барилдаагүй бол хүрэл медалийг “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Батболд, Д.Төмөрхүлэг нар хүртсэн байна.
 
Тэмцээний дүн:
 
1.Г.Хэрлэн /”Сүлд” спорт хороо/
2.Г.Сод-Эрдэнэ /Төв Тэмүүлэл клуб/
3.Б.Батболд /”Хангарьд” спорт хороо/
3.Д.Төмөрхүлэг /”Хилчин” спорт хороо/
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг