sonin.mn

“Manchester United багийн хөлбөмбөгчин Маркус Рашфорд Англи улс дахь өлсгөлөнд нэрвэгдээд буй сая сая хүүхдийн хувь заяаг өөрчилж буй энэ цагийн баатруудын нэг билээ. Тэрбээр өнгөрсөн зун сайн үйлсийн аян өрнүүлэн 20 орчим сая фунт стерлингийн хандив, хоол хүнсийг цар тахлын үеэр хүнд байдалд орсон хүүхдүүдэд цуглуулж өгсөн юм. Үүнийгээ тэр FareShare тусламжийн байгууллагад хандивласнаар 11 мянга гаруй сайн дурын байгууллагад хуваарилан өгч, хүмүүсийг хэрэгцээт хоол хүнсээр нь хангажээ.

 

Маркус Рашфорд сошиал ертөнцөд 9.1 сая дагагчтай, платформоо ихэвчлэн ядуу хүүхдүүдэд зориулсан сайн үйлсийн аян хийх зорилгоор ашигладаг. Тэрбээр багадаа Манчестерийн урд хэсэгт байрлах Вайтеншо нэртэй жижиг хотод ядуу тарчиг амьдралтай өсжээ.

 

Заримдаа бүр хоолгүй ч хонодог хүнд амьдралыг туулсан хөлбөмбөгчин нийгмийн эмзэг давхаргын хүүхдүүд рүү чиглэсэн тусламжийн ажлуудыг аль чадахаараа хийхийг эрмэлздэг нэгэн аж. Маркус энэ сараас Английн алдарт Burberry брэндтэй хамтран Англи улс дахь төдийгүй дэлхийн бусад улс орны хүүхдүүдэд зориулсан сайн үйлсийн аяныг хэрэгжүүлэхээр болжээ. Уг аяны хүрээнд хүүхдүүдийг шаардлагатай хоол хүнсээр хангахаас гадна тэдний боловсрол, урлагийн чадварыг хөгжүүлэх тусгай хөтөлбөрүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин