sonin.mn
Дэлхийн триатлоны холбооноос олон улсын шүүгч Б.Цагаанбаатарыг “Токио-2020” паралимпийн наадамд шүүгчээр томилсон билээ. Ингэснээр монгол хүн анх удаа паралимпэд шүүгчээр оролцохоор болж байна. Уг наадам ирэх наймдугаар сарын 24-нд эхлэх бөгөөд манай улсаас зургаан тамирчин эрх аваад байсан бол тэдэн дээр нэг шүүгч нэмэгдлээ. Азийн триатлоны холбооны шүүгчдийн хорооны даргын сонгуульт албыг хашдаг тэрбээр олон улс, тив, дэлхийн 30 гаруй тэмцээнд шүүгчээр оролцсон туршлагатай нэгэн. Тухайлбал, 2013 онд Лондонд болсон ДАШТ-ий финал, 2019 оны Дохагийн дэлхийн элсний спортын анх-дугаар наадам, Инчон, Жакартагийн Азийн наадамд, Тонён, Харбины дэлхийн цом зэрэгт шүүгчээр ажиллаж байв. Үүнээс гадна ААШТ-д зургаа, Азийн цомд долоон удаа шүүгч хийжээ. Токиогийн паралимпэд шүүгчээр ажиллах хүндтэй үүрэг хүлээсэн олон улсын шүүгч, Монголын триатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.ЦАГААНБААТАРТАЙ ярилцлаа.
 
-Юун түрүүнд баяр хүргэе. Олимп, паралимпийн наадамд ажиллах шүүгчдийг хэрхэн сонгон шалгаруулдаг юм бэ. Шалгаруулалтын гол зарчим нь юу вэ. Энэ талаар товч мэдээлэл өгөөд ярилцлагаа эхлүүлэх үү?
 
-Баярлалаа. Спортынх нь онцлогоос хамаардаг. 2019 оны дөрөвдүгээр сард олимп, паралимпийн наадамд ажиллах шүүгчдийг томилоход би багтаагүй. Гэтэл олимп хойшилсноос шалтгаалаад нэг шүүгч нэрээ татсан юм билээ. Түүний оронд нэг хүн томилох ёстой. Ингээд Дэлхийн триатлоны холбооны техникийн хорооны хурал дээр миний нэрийг дэвшүүлж бүгд дэмжсэн. Улмаар удирдах зөвлөлд нэр дэвшүүлснээр албан ёсоор баталсан. Дэлхийн триатлоны холбооны гишүүнчлэлтэй бүх шүүгчийн датаг 2005 оноос хөтөлж эхэлсэн байдаг. Шүүсэн тэмцээн, оролцсон тэмцээний дүн зэрэг бүгд бүртгэлтэй. Тэндээс л сонгож, нэг монгол хүнийг дэмжсэн байна. Өмнө нь гурван удаа олимпын триатлоныг шүүх шүүгчид нэр дэвшиж байсан ч хараахан бүтээгүй юм. Сонгогдож байгаа шүүгчдийг харахаар надад боломж ойрхон байгаа юм байна гэсэн төсөөлөлтэй явлаа.
 
-Паралимпийн наадамд анх удаа монгол шүүгч ажиллана гэхээр нэр төрийн хэрэг биз?
 
-Тэгэлгүй яах вэ. Триатлоны спорт 2000 оноос олимпын хөтөлбөрт багтсан шүү дээ. Харин паралимпэд 2016 онд анх удаа багтсан байдаг юм. Токиогийнх хоёр дахь нь. Монголоос өмнө нь паралимпэд шүүгчээр ажилласан хүн байхгүй. Анхных нь би гэхээр бахархах сэтгэл төрж байна. Сонин үйл явдал юм. Үнэнийг хэлэхэд манай триатлоныг Монголд нэг их сүртэй хүлээж авдаггүй шүү дээ. Нийтийн хандлага тааруу, сайн мэддэг ч үгүй биз. Гэтэл дэлхийн холбоо арай өөрөөр харсан юм болов уу.
 
 
 
 
 
Хэсэг хүн триатлоны спортыг Монголдоо хөгжүүлэх гэж зүтгэж байна гэж үнэлсэн байх. Монгол орондоо триатлон хэмээх спортыг нутагшуулахаар 20 шахам жил зүтгэж буйг минь, Монголын триатлоны холбоо зөв чиг хандлагаар хөгжиж байгааг ийнхүү Дэлхийн триатлоны холбооноос үнэллээ гэж ойлгож байна.
 
 
 
-Паралимпийн триатлоны төрлийн дүрэм, шүүлт, уралдах зам зэрэг нь эрүүл тамирчдынхаас өөр үү. Хэр ялгаатай вэ?
 
-Ерөнхийдөө адилхан гэхэд болно. Гэхдээ мэдээж хөгжлийн бэрхшээлтэй тамирчид оролцож байгаа учраас бусдын туслалцаа зайлшгүй чухал. Жишээ нь, усанд сэлээд гарч ирээд хувцсаа өмсөх, дугуйн дээрээ мордох зэрэгт нь туслах туслагч нар бий. Түүнээс биш дүрэм талаасаа ялгаагүй. Туулах замын хувьд хоёр дахин бага. 750 метрийн сэлэлт, 20 км-ийн дугуй, таван км-ийн гүйлттэй. Паралимпийн триатлонд зөвхөн хөлний бэрхшээлтэйгээс гадна харааны бэрхшээлтэй тамирчид оролцдог. Харааны бэрхшээлтэй тамирчдын хувьд хөтлөгч тамирчинтай усандаа сэлж, дугуйгаа унаж, гүйнэ. Хөтлөгч нь тамирчнаас нэг метр орчим зайтай байх дүрэмтэй. Дугуйны хувьд хоёр суудалтай, хөтлөгч нь урдаа суудаг. Гүйлт дээр бол холбогчоороо холбогдоод гүйнэ. Хоёр хүнийг хоёуланг нь зөвхөн оролцогч тамирчны нэрээр нэрлэдэг. Үндсэн ялгаа нь энэ. Түүнээс биш шүүлт яг адилхан.
 
-Та пара триатлоны тэмцээнд хэр олон удаа шүүгчээр ажиллаж байв?
 
-Гурван удаа ажилласан байдаг. Хамгийн сүүлд 2017 оны Азийн аваргад паратриатлоны тэмцээнд шүүгчээр ажиллаж байсан. Түүнээс хойш дөрвөн жилийн дараа дахин шүүгчийн үүрэг гүйцэтгэх нь. Боломж гарвал “Токио-2020” паралимпээс өмнө ганц тэмцээнд ч болтугай шүүгчээр ажиллах бодолтой. Хэрвээ тэмцээнд явах боломж гарахгүй бол бичлэг харж л өөрийгөө бэлтгэнэ дээ.
 
-Олимп, паралимпээс наана хэр олон тэмцээн болох хуваарьтай байгаа бол?
 
-Дэлхийн триатлоны холбоо коронавирусийн цар тахлын улмаас тавдугаар сарын 1 хүртэл бүх тэмцээнээ зогсоосон байсан. Гэтэл сая намайг паралимпийн шүүгчээр томилдог удирдах зөвлөлийн хурлаар тавдугаар сарын 1-нээс тэмцээнээ сэргээж үргэлжлүүлэхээр тогтсон юм билээ. Удирдах зөвлөл хуралдсан гол шалтгаан нь энэ. Олимп, паралимп дээр нэлээд олон тэмцээн бий. Азид л гэхэд Японд тивийн аваргатай. Харамсалтай нь, Монголоос тамирчин явах боломжгүй.
 
-Манай тамирчид олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох боломж бололцоо хэр байна вэ. Олимпын эрхийн тэмцээнд оролцох уу?
 
-Яг Монголоос тамирчин явуулах боломж хомс байна. Зардал нь асар өндөр тусч байгаа юм. Азийн аваргад Монголоос Ц.Цэрэнбат гэж тамирчин эх орноо төлөөлнө. Японд амьдардаг учраас шууд тэндээсээ оролцохоор болсон. Ер нь Монголоос гадагшаа тэмцээнд явахад хүнд л байна. Манай тамирчдын бэлтгэл ч муу байгаа. Жил хагасын хугацаанд манайхан ямар нэгэн бэлтгэл хийсэнгүй шүү дээ. Дотоодын тэмцээн уралдааны шийдвэр гаргахад арай эрт байна. Улсын онцгой комиссын шийдвэрийг хүлээх маягтай.
 
-Тамирчин хүн олимпод оролцох, цаашлаад медаль авахыг зорилгоо болгодог. Гэхдээ хүн бүрт боломж олддоггүй. Үүнтэй шүүгч ч бас зорилготой байна биз?
 
-Анх надад олимп, паралимп шүүнэ гэсэн бодол огт төрж байгаагүй. Тийм зорилго ч байгаагүй юм. Гэтэл Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар ах надад “Чи олимпын төлөө зүтгэнэ шүү. Олимп шүүнэ шүү” гэж хэлж байлаа. Тухайн үед нь гайхаад л өнгөрсөн. Явцын дунд миний зорилго болж ирсэн. Дотроо бодоод л явлаа. Тэгвэл өнөөдөр паралимпэд шүүгчээр оролцохоор болж байна. Зорилгодоо хүрэхийн тулд нэг алхам урагшиллаа. Тиймээс надад итгэж, намайг зорилготой болгосон Ч.Отгонбаатар ахад баярлаж явдаг юм. Энэ дашрамд баярлалаа гэж хэлье. 2019 онд Дэлхийн элсний спортын анхдугаар наадам Катарын Дохад болоход триатлоны төрөлд 12 шүүгч ажилласны нэг би. Үүгээрээ бахархдаг. Энэ наадамд шүүгчээр ажилласан нь надад маш том урам өгч байлаа.
 
 
-Таны шүүгчийн замнал яг хэзээнээс эхлэв?
 
-Анх шүүгч болно гэж огт бодоогүй. Холбоогоо байгуулж, энэ спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэнэ гэсэн зорилготой л явсан. 2004 онд холбоогоо байгуулж, дараа жил нь өөрөө гардаж дотооддоо тэмцээн зохион байгуулж эхэлсэн юм. Тухайн үед Монголд триатлоны спортыг мэддэг хүн гарын 10 хуруунд багтахуйц цөөхөн байсан. Өөрөө энэ спортын талаар бүдэг бадаг мэдлэгтэй. Ингээд 2009 онд Филиппинд шүүгчийн сургалтад суусан юм. Улмаар тэндээ дуатлоны Азийн аваргад шүүгчээр оролцсон нь миний анхны олон улсын тэмцээн байлаа. Тэгээд бараг хоёр жилийн турш дахин давтан шалгуулж, “шүүсээ шахуулан” байж 2011 оны сүүлчээр санасандаа хүрч билээ. Олон улсын шүүгчийн зэргийг албан ёсоор авахаасаа өмнө ч Азийн АШТ, наадмуудыг шүүгээд л байсан. Гэхдээ миний анхны шүүгчийн карьер чөлөөт бөхөөс эхлэлтэй. 21 настай оюутан байхдаа улсын шүүгч болсон юм. Дотроо олон улсын шүүгч болох мөрөөдөл, хүсэл зорилготой ч чадаагүй. Найман жил чөлөөтийн шүүгчээр ажилласан ч дэвжээн дээр бөх шүүж үзээгүй. Хажуу шүүгчээр гурван удаа, бусдад нь нарийн бичиг шүүгчийн ажил хийдэг байлаа.
 
-Ингэхэд триатлоны холбоог байгуулах санаа хэдийд орж ирсэн юм бэ?
 
-2000 оны Сиднейн олимпыг сурвалжлах үеэр анхны триатлоны тэмцээн үзсэн юм. Тэр үед триатлон миний сонирхлыг татаж, тухайн үедээ сонирхоод өнгөрсөн. Ингээд 2004 онтой золгож, албан ёсоор байгуулсан түүхтэй. Триатлоны спорт анх удаа олимпод багтаж байсан үе шүү дээ.
 
-Холбоогоо байгуулаад анхны тэмцээнээ зохион байгуулж байх үеийн дурсамжаасаа хуваалцах уу. 16 жилийн өмнөх гэхээр бас сонин санагдаж байна. Тамирчид хэрхэн хүлээж авч байв?
 
-Хамгийн анхны тэмцээн дээр чөлөөт бөхийн олон улсын шүүгч С.Чинбатыг гуйж ерөнхий шүүгчээр ажиллуулж байлаа. Манай анхны тэмцээнд 46 тамирчин оролцсоны зургаа нь эмэгтэй. Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 13 спорт холбооны шүүгч, дасгалжуулагч, нарийн бичгээс эхлээд хүмүүс очиж тусалсан байдаг юм. Монголд шинээр хөгжиж байгаа спорт учраас хүмүүс сонирхож очсон болов уу. Анхны тэмцээнийг эргээд бодоход тэр чигээрээ адал явдал шүү дээ. Заримдаа юм мэдэхгүй байх чинь бас том давуу тал болж байгаа юм. Анхны тэмцээн Гачууртад Монгол шилтгээнд болж байлаа. Туул голд сэлүүлсэн. Урсгал сөрж сэлнэ гэдэг тамирчдад хэцүү. Нөгөө хэд маань сэлэх биш алхсаар замаа дуусгаж билээ. Иймэрхүү хөгжилтэй явдал олон тохиолдсон.
 
-Монголын триатлоны спортыг хөгжил яг хаана явна вэ. Манай триатлончид олимп дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжтой юу?
 
-Сүүлийн хоёр УАШТ-д оролцогчдын тоо эрс өссөн. 2018 онд 200 гаруй байсан бол 2019 онд 300 давсан байдаг. Манайх дэлхийд түвшинд хөгжлөөрөө “С” ангилалд багтаж байна. Хөгжиж байгаа гэсэн статустай. Манай тамирчин Т.Энхжаргал 2010 онд Сингапурын хүүхдийн олимпод өрсөлдсөн. Эрхээ биелүүлж оролцоход нь тухайн үед бид бүхэн маш их баярлаж хөөрч байсан билээ. Триатлоноор Азийн аваргаас медаль хүртэж амжаагүй ч акуатлоноор Г.Амарсанаа IV байр эзэлж байсан юм. Харин Азийн цомоос Тэлмэн алт, мөнгө, Оргил сонирхогчдын ангиллаас мөнгө, Амарсанаа хүрэл медаль авч байсан. Топуудтай өрсөлдөхүйц болоогүй ч өөрсдийнхөө хэмжээнд амжилт гаргаад л явж байна. Ер нь дотооддоо гайгүй хөгжиж байгаа гэж ойлгодог. Улсын бүртгэлд албан ёсны бүртгэлтэй триатлоны дөрвөн ч клуб үйл ажиллагаа явуулдаг.
 
 
 
Тооны бус чанарын төлөө явах бодлогыг манай холбоо баримталж байна. Триатлоноор хичээллэх сонирхолтой хүмүүсийн тоо ч нэмэгдэх хандлагатай.
 
 
 
-Триатлоны спорт асар өргөн, урт зам талбайг хамардаг шүү дээ. Нэг тэмцээнд яг хичнээн шүүгч байдаг юм бэ?
 
-Хамгийн багадаа 12 шүүгч байдаг. Дээшээ бол хязгааргүй, хэд ч байж болно. Тэмцээний зэрэглэл, зиндаанаас хамаардаг. Ер нь шүүгчид хэвлэл мэдээллийнхний дуранд өртөхийг хүсдэггүй. Дэлхийн триатлоны холбооноос ч ингэж зөвлөдөг юм. Паралимпийн триатлоны тэмцээнд 27 шүүгч томилогдсон гэсэн мэдээлэлтэй л явна.
 
-Бусад орны шүүгчидтэйгээ байнга холбоотой байдаг уу?
 
-Азийн шүүгчдийн хороог тэргүүлдэг болохоор миний ачаалал ер нь их талдаа.
 
-Финалын тэмцээнийг шүүх нь хэцүү гэдэг. Триатлоны шүүлтийн үеэр булхай гардаг уу?
 
-Тиймэрхүү зүйл гаргахгүйн төлөө бид хичээж ажиллах ёстой.
 
-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Сүүлийн хормыг танд үлдээе?
 
-Энэ завшааныг ашиглаад Монголд триатлоны спортыг хөгжүүлэхийн төлөө бие сэтгэлээ зориулж ирсэн холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй даргадаа маш их баярлалаа гэж хэлье. Триатлоныг эх орондоо хөгжүүлэхийн төлөө асар их ажил хийж, хөлс, хөрөнгөө зарцуулсан хүн. Надад хүлээлгэсэн итгэлийг нь Токиод томилолтоо сайн гүйцэтгэж хариулна аа.
 
 
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин