sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстаны Алматы хотод болж буй "Токио-2020" олимпын наадмын эрх олгох бөхийн төрлүүдийн Азийн сонгон шалгаруулах тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрлөөр эхлээ байна.
 
 
 
Азийн эрхийн тэмцээнд 62 кг-д зодоглож буй ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд хэсгийн эхний барилдаанаа Узбекистаны Набири Эсенбаеватай хийж 12:3-аар илүүрхэн хожив. Түүний зоонд энэ бөхөөс гадна эзэн орны Айулым Кассымова, БНСУ-ын Ли Хан Би гэсэн бөхчүүд байгаа юм.
 
 
 
Харин 50 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг, 76 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа нар нэгэн зэрэг барилдаж хоёул ялалт байгууллаа. Дэлхийн 23 хүртэлх насны АШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Ц.Намуунцэцэг Энэтхэгийн Сеемаг цэвэр ялсан бол ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт О.Бурмаа гавьяат мөн Энэтхэгийн бөх Поожаг 3:1-ээр ялав.
 
Д.Өлзийсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг