sonin.mn
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн арслан, даншигийн начин, Зэвсэгт хүчний 0256 дугаар ангийн дэд ахлагч Т.Довчинсэмбээтэй ярилцлаа.
 
-Өврийн сайхан хангай олон сайхан хүчтэний өлгий нутаг. Тиймээс таны төрж өссөн нутгийн талаар ярилцлагаа эхлэх нь зүйтэй байх?
 
-Тэгэлгүй яах вэ. Манай нутгаас олон сайхан бөх төрж гарсан. Миний төрсөн Баян-Өндөр сумаас улсын арслан Б.Ганбаатар, улсын заан Д.Чойжамц, улам нэмэх начин С.Цэдэвсүрэн гэсэн хүчтэнүүд төрсөн. Бас дархан аварга Ж.Мөнхбат гуайн аав ээж нь манай нутгийн хүмүүс юм билээ. Манай нутаг говь хээрийн бүс нутаг. Манай нутаг адуугаараа, айргаараа илүү алдартай. Би С.Ганбаатар багштайгаа их ойрын хамаатан. Багадаа багшийнхаа тухай их сонсдог байлаа. Айраг бяр хүч оруулдаг ч гэдэг шинжлэх ухаан талаасаа хүний биед сайн олон элемент байдаг байх. Анх хотод ирчихээд айргаа санаад худалдаж авч их уудаг байлаа. Хүүхэд нас минь энэ сайхан нутагтаа хүлэг морины нуруун дээр л өнгөрлөө шүү дээ. Сумынхаа наадамд хурдан морь унаж олон ч түрүү, айраг хүртсэн. Хоёр жил дараалан азарга унаад түрүүлж байлаа. Хүүхэд байхдаа хурдан  морь уяхыг ааваараа заалгаад айлын гэрийн найранд даага уяад айрагдуулж байлаа. Мөн багадаа аавтайгаа тууврын мал тууж хамгийн жаахан туувирчин болж өхөөрдүүлж байв. Одоо бодоход олон сайхан дурсамж үлджээ.
 
-Хөдөө хүлэг морины нуруун дээр өссөн хүү бөхөөр хэзээнээс хичээллэх болов?
 
-Бөхөд дурласан шалтгаан аавтай минь салшгүй холбоотой. Аав минь бөх их үздэг хүн байсан. Тиймээс би бөхөд дурлаж эхэлсэн. Аав минь цэрэгт байхдаа сайн барилдаж байсан гэнэ лээ. Өөрөө их дуртай болохоор дүү бид хоёрыг барилдаасай гэж боддог байсан байх. Хүүхэд байхдаа дүүтэйгээ их барилдана. Миний гол бэлтгэл хангагч маань байлаа. Манай ойр хавийн миний үеийн 10-аад залуу байсан. Тэдэнтэйгээ морины уяа, хонины бэлчээрт их барилддаг байлаа. Давбал урамшаад, унавал хэрэндээ л боддог байлаа. Багаасаа л барилдах дуртай байсан. Өөр нэг мөрөөдөл нь цэргийн хүн болох байлаа. Одоо тэр хүслээ гүйцээж дэд ахлагч цолтой цэргийн хүн болсон.
 
-Та сумын заан цолоо арван жилд байхдаа авч байсан гэдэг байх аа?
 
-Тийм ээ. Сумын заан цолыг 10 жилийн сурагч байхдаа хүртсэн. Тэр барилдааны тухай эргээд дурсахад сайхан байдаг. Аймгийн спорт хорооны нэг багш над руу яриад “Бүрд суманд үндэсний бөхийн барилдаантай гэнэ. Явах уу” гээд авч явсан. Бас нэг багштай бид гурвуулаа портер машин дээр бөхийн дэвжээгээ ачаад очиж байлаа. Яваад очсон чинь нутгийн том том сумын заан ах нар ирчихсэн байлаа. Би ч зооноосоо гарчих юмсан гэж бодсон. Тойргоор барилдаад хоёрдугаар байранд орж дээр нь сумын заан болоод бөөн баяр харьж байлаа. Үүнээс гадна самбо, жүдогоор түрүүлж байсан. Сумын заан цолтонуудын барилдаанд нэг удаа шөвгийн гуравт үлдэж байлаа. 2011 онд аймгийн начин болсон тэр жилийн гурвын даваа их сонирхолтой болсон. Тэр даваанд Булган аймгийн начин Зургаадайтай таарч бараг унаж яваад давж байсан. Би дархан аварга Д.Цэрэнтогтох багшийнхаа шавь нь байлаа.
 
 
 
Спорт хүнийг хүмүүжүүлдэг гэдэг. Ер нь барилдана гэдэг их ухаан зарах зүйл гэж ойлгодог. Дээр үеийн аварга, арслангууд бүгд их ухааны хүмүүс байсан байдаг. Ард түмнийхээ хайр хүндлэлийг дааж явах юмсан гэж их хичээдэг.
 
 
 
-Таны барилдааны онцлог юу вэ?
 
-Миний барилдааны онцлог хавирах, мордох.
 
-Аймгийн арслан цол авсан наадмаа эргээд нэг дурсвал аав нь их баярлаж байв уу?
 
-Намайг аймгийн арслан болоход аав ээж минь их баярласан. Тэр тусмаа аав минь бөхөд дуртай болохоороо бүр ч их баярласан байх гэж санадаг. Тэр наадмын гурвын даваа сэтгэлд их тод байдаг. Учир нь сайн найз О.Цээбалдовжиртойгоо тунаад сайхан барилдана даа гэж бодож байтал найз маань “Миний найз илүү бэлтгэлтэй байгаа, тиймээс дав” гэсэн. Тэр дэндүү сайхан сэтгэл монгол эр хүний их ухаан юм шүү. Одоо ч миний сэтгэлд найзын минь сайхан чанар гаргаж байсан нь тод байдаг. 
 
-Сайхан дурсамж байна. Харин  амаргүй учраатай таарсан ямар барилдаан байдаг вэ?
 
-Ер нь барилдаан болгон сургамжтай, учраа болгон амаргүй шүү дээ. Үеийн залуустай эр зориг, авхаалж самбаагаа дэвжээн дээр сорино гэдэг бөх хүнд сайхан байлгүй яах вэ. Түүний нэг нь одоогийн улсын начин Булганы Д.Амарсайхантай 2007 онд Ховдод болсон улсын аваргаар эхний зоондоо таарч барилдсан юм. Бие жижигтэй болохоор нь амархан давчихмаар санагдсан болохоор үзсээр байгаад давсан. Дараа нь хаалтын барилдаанд таараад сайн барилддагийг нь мэдээд мэхийг нь бодсоор байгаад унасан шүү. Анх Ховд аймгийн улсын харцага Т.Амартүвшингээр хоёр давж байсан. Шуудагнаас мөргүүлээд бараг унаж яваад хөмрөөд давсан.  2012 оны барилдаанаар улсын заан Б.Батмөнхийг начин цолтой байхад нь сэрвүүнээс хавирч байгаад ард нь гараад өргөөд давсан. Улсын харцага Т.Баасанхүүг аймгийн заан цолтой байхад нь элэг бүснээс хавирч ард нь гараад унагаж байсан нь санаанд үлдсэн.
 
-Та өнөөгийн бөхийн хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ?
 
 
 
-Бөхийн холбоо гаргасан дүрэм журмаа жаахан өөрчлөх, шинэчлэх шаардлагатай гэж боддог. Гаргасан дүрэм журмаа сайн мөрдөж дагадаг байх хэрэгтэй. Бөхчүүд болон бөхийн холбоо аль аль нь хичээх хэрэгтэй.
 
 
 
Тухайлбал, зодог шуудагны асуудал дээр стандарт бий. Үүнийг дагах хэрэгтэй. Нарийн уяатай, хатуу утсаар ширүүлсэн, наана цаана нь юм оёулсан байх нь хэцүү байдаг.
 
 
А.Доржханд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин