sonin.mn

Хурд, авхаалж самбаа, төвлөрлийн гайхамшиг болсон спорт өрөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зургаан настай Х.Ивээл амжилттай оролцож тусгай байрт шалгарчээ. Тэрбээр Монголын оюун ухааны академийн үүсгэн байгуулагч Х.Хатанбаатарын охин юм. Х.Хатанбаатар энэ талаар өөрийн цахим хуудастаа “Миний охин Х.Ивээл энэ жил гуравдугаар ангид орно. Бэлтгэл дээрээ цикл өрөлтийг найман секундэд гүйцэтгэдэг.

 

Харин тэмцээн тэс өөр гэдгийг охин маань илүү сайн мэдэрсэн байх. Дараа жил илүү хичээнэ гэсэн” гэжээ. Монгол Улсыг төлөөлж зургаан насны ангилалд 33 тамирчин өрсөлдсөн бөгөөд зургаагаас доош насны ангилалд “Язгуур” бага сургуулийн нэгдүгээр ангийн сурагч Ц.Цэцбилгүүн “3-3-3” болон “3-6-3” төрөлд тус тус хүрэл медаль, 7-8 насны цикл төрөлд тус сургуулийн гуравдугаар ангийн сурагч З.Сийлэн хүрэл медалийн болзол хангасан байна.

 

Үүнээс гадна шилдэг 10-т Х.Ивээл, Х.Ариунхишиг, Т.Алдар нар шалгарчээ. Цахим хэлбэрээр зохион байгуулсан ДАШТ-д 27 орны 611 тамирчин нас насны ангилалдаа оролцжээ. Зохион байгуулагчдын зүгээс нэгдүгээр байрт нэг, хоёрдугаар байрт хоёр, гуравдугаар байрт гурван тамирчин, 7-10 байр эзэлсэн тамирчдад тусгай шагнал өгсөн байна. Сонирхуулахад, Х.Хатанбаатар охиныхоо хамт Оросын “Россия-1” сувгийн “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт 2019 онд оролцож үзэгчид, шүүгчдийг гайхшируулж байсан юм.

 

Б.Мөнхзул

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин