sonin.mn

Токиогийн олимпын наадамд оролцох 10 мянган тамирчны 60 орчим хувь нь коронавирусийн вакцинд урьдчилан хамрагдана. Одоогоор олимпод оролцох 200 орчим орны 50 гаруй хувь нь тамирчдаа Токиод очихоос өмнө вакцинжуулалтад бүрэн хамруулахаа мэдэгдсэн байна. Энэ нь аюулгүй наадам зохион байгуулах хамгийн том боломж гэдгийг албаныхан онцлов. Тамирчдын дунд халдварт өвчин дэгдсэнээр наадмыг түр зогсооход хүргэж болзошгүй учир вакцин хийлгэхийг ОУОХ тууштай дэмжих гэнэ. Тухайлбал, тамирчид, албаны хүмүүсийг эх орондоо вакцин хийлгэхэд нь дэмжлэг үзүүлэхийн тулд ОУОХ Үндэсний олимпын хороодтой хамтран ажиллана хэмээн тамирчдад зориулсан гарын авлагад дурджээ. Гэсэн ч наадамд оролцохын тулд заавал вакцин хийлгэх шаардлага тавиагүй гэдгийг дүрэмд тодорхой тусгасан байна. Үүнээс гадна наадмыг огт үзэгчгүй явуулах магадлалтай гэж “Киодо ньюс” мэдээлжээ. Зохион байгуулагчид цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан эцсийн шийдвэрийг зургадугаар сард гаргах гэнэ.

 

Эх сурвалж: "Монголыни үнэн" сонин