sonin.mn
Боксын дэлхийн аварга шалгаруулах (ДАШТ) 21 дэх удаагийн тэмцээн Серб улсын нийслэл Белград хотноо хэдхэн хоногийн дараа эхлэх нь. Энэ удаагийн тэмцээнд манай 9 боксчин оролцохоор эх орноосоо мордож байна. Тэртээ 1974 онд Кубын нийслэл Хавана хотноо сонирхогчдын боксын (АЙБА) дэлхийн аваргын анхны тэмцээн зохион явагдаж 1986 он хүртэл олимпийн цикл буюу 4 жил тутамд 1991 оноос 2 жил тутам зохиогддог болсоор нийтдээ 20 удаа таван тивийн шилдэгүүдийг нэгтгэн тодруулжээ. 
 
Манай улс 1986 онд АНУ-ын Рино, 2001 онд Английн Белфаст хотноо явагдсан ДАШТ-ээс бусад бүх дэлхийн аваргад алгасалгүй орлцож одоогийн байдлаар 1 алт (П.Сэрдамба. Милан 2007), 4 мөнгө (Р.Отгонбаяр. Мюнхен 1982, Т.Үйтүмэн. Будапешт 1997, Э.Бадар-Ууган. Чикаго. 2007, Н.Төгсцогт. Милан 2009), 6 хүрэл (Э.Цогтжаргал. Тампере. 1993, У.Мөнх-Эрдэнэ. Милан 2007, П.Сэрдамба. Баку 2011, У.Мөнх-Эрдэнэ. Алма Ата 2013, Д.Отгондалай. Хамбург 2017, Э.Цэндбаатар. Екатринбург 2019) нийтдээ 11 медаль хүртээд байна
1974 онд болсон анхны ДАШТ-д манай улсаас 51 кг-д ОУХМ Ж.Дүгэржав, 60 кг-д гавьяат тамирчин Х.Алтанхуяг нар гавьяат дасгалжуулагч Б.Олзотын удирдлагаар оролцож хоёулаа эхний даваандаа ялалт байгуулаад дараагийн учраатайгаа тэнцүүхэн ширүүн өрсөлдөж 3:2 харьцаатай оноогоор хожигдож байжээ. Ялангуяа Ази тивийн аварга Х.Алтанхуяг Европын аварга Польшийн Томчик хоёрын тоглолт маш үзүүштэй хурц сайхан өрсөлдөөн болсон гэдэг. 
 
 
 
1978 онд тухайн үедээ Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс нэртэй байсан Югославын нийслэл Белград хотноо болсон дэлхийн аваргад манайх 5 тамирчинтай оролцож (48 кг-д В.Баясгалан, 51 кг, Ц.Мянганцэнд, 57 кг, Р.Отгонбаяр, 60 кг, Г.Батбилэг, 63.5 кг, Х.Жамган нар) ОУХМ В.Баясгалан хоёр ялаад медалын төлөө Венесуэлийн тамирчинд оноогоор хожидож манай тамирчдаас анх удаа дэлхийн аваргын шагналт байранд шалгарч байв.  
 
 
 
1982 онд тэр үеийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Мюнхен хотноо зохион явагдсан ДАШТ-д 57 кг-ын аваргын төлөө манай гавъяат тамирчин Равсалын Отгонбаяр агсан Кубын домогт боксчин Адолфо Ортатай тэнцүүхэн өрсөлдөж оноогоор хожигдоод дэлхийн аваргын анхны мөнгөн медалыг эх орондоо авчирч байсан тэр торгон мөч санаанд тодхон хоцорчээ. 
1986 оны Риногийн дэлхийн аваргад манай улс тамирчдаа оролцуулж чадаагүй харамсалтай төдийгүй хариуцлаггүй явдал болсон юм. Учир нь тухайн цагтаа 60 кг жиндээ дэлхийд тасархай тэргүүлж байсан гавъяат тамирчин Н.Энхбат дэлхийн аваргын алтан бүсийг аль тэртээ 35 жилийн өмнө эх орондоо аваад ирэх бүрэн боломж байсан билээ. Гэлээ гээд боксчдоос маань дэлхийн аварга удахгүй төрнө гэсэн монголчууд бидний итгэл мохоогүй хүлээсэн. 
2007 онд Чикаго хотноо явагдсан дэлхийн аваргыг сурвалжлах боломж таарч байлаа. Э.Бадар-Ууган маань 54 г-ын жинд дэлхийн аваргын төлөө Оросын хурдтай хурц тоглолттой залуу од Сергей Водопяновтой гайхалтай эрэмгий дайчин үзэлцэж билээ. Гал манарсан тоглолт болсоон. Хөгжөөн дэмжигчдийн түрлэг шуугиан ямар хүчтэй байдгийг тэр үед мартахын аргагүй мэдэрч явлаа, манайхны тэр хүчтэй уухай чихэнд хоногшин хоцорч. Тоглолтыг шүүсэн Аргентины арбитрын илт булхайтай торгуулийн оноогоор харамсалтай ялагдал хүлээхийг рингийн дэргэд зураг дарж энэ тоглолтыг хажуугаас харж зогсохдоо - Манай энэ хүү тун удахгүй дэлхийд тэргүүлэх юм байна... гээд бахдан бодож байлаа. Бадараа ч он гараад олимпид тасархай түрүүлсэн. 
Чикагод финалын тоглолтын дараа болсон хэвлэлийн хурал дээр орчуулга хийх болов. Үнэхээр илт маргаантай шүүлт тул орон орны сэтгүүлчид янз бүрээр асууж Францын нэг сэтгүүлч та нарт оросуудаас ямар нэг дарамт одоо хүртэл байна уу? гэх зэргээр асууж байсан санагдана. - Яг адилхан үйлдэл дээр шүүгч зөвхөн намайг торгосонд гайхсан... гэж Бадараа хэлснийг дэргэдэх Водопьянов руу оросоор давхар хэлтэл тэрээр өөдөөс дээрэнгүй маягтай -Моя победа вас не устраивает? буюу “миний ялалт та нарын санаанд нийцэхгүй байгаа хэрэг үү...” гэхээр нь ялалтыг шударга оноогоор биш шүүгчийн булхайтай торгуулиар шийдсэнд гомдолтой байгаа гэж хэлээд хурлыг орхин гарч байв. 
 
Юутуб дээр байршсан тэр тоглолтын бичлэгт оросын тайлбарлагч хүртэл –Хөөх, сая монголын тамирчны оносон цохилтонд оноо өгсөнгүй, хоёулаа л адилхан зууралдаад байхад нэгийг нь торгодог шударга биш байна... гэх зэргээр ярьсан нь бий. Дэлхийн аварга Водопьянов ид сайн үедээ Бээжингийн олимпд медальд хүрч чадалгүй хожигдоод боксоо бүрмөсөн орхиж Бадараа ч удалгүй зодог тайлж дахиж энэ хоёр таарч тоглох хайнаа хагалах учиргүй байж. 
Дэлхийн дэвжээнд манайхан шүүгчийн үзэмжээр ялалтаа луйвардуулсан жишээ олон бий. 1989 онд болсон Москвагийн дэлхийн аваргад Ц.Амаржаргал, 2011 онд Бакуд Д.Отгондалай сүүлд олимпийн аварга болдог Ирландыг хүнд цохилтоор ялсан хэрнээ луйвардуулж байсан бол 2011, 2013 оны дэлхийн аваргын дараа шүүлтээс болж Н.Төгсцогт мэргэжлийн ринг рүү шилжиж байсан. Одоо ч амар болжээ. Тоглолтын бичлэг нь нийтэд нээлттэй үлддэг хадгалагддаг тул энгийн нүдээр ч илүү дутуу байгааг нь үзээд шүүлтийн илт луйвар булхайг мэдэж болно. 
Монголын боксчдын хамгийн бахдам сайхан амжилт үзүүлсэн нь 2009 онд Милан хотноо явагдсан 15 дахь удаагийн ДАШТ юм. Ардын багш Д.Бандийн удирдсан монголын боксчид Милан хотноо алт, мөнгө, хүрэл медалын тавцанд гарч Монгол Улс боксын түүхэндээ анхны дэлхийн аваргатай болж багаараа дэлхийн 140 орноос шагналт 5-р байранд шалгарч байлаа.
 
 
 
Хамгийн хөнгөн жин 48 кг-д Пүрэвдоржийн Сэрдамба гэдэг шавилхан жижиг ч шазруун чамбай хүү боксын дэлхийн аварга гэдэг хүсэн хүлээсэн энэ эрхэм цолыг авах амны хишигтэй байлаа. Тэрээр аваргын төлөө Оросын армен гаралтай боксчин Еврпын хошой аварга Арапеняныг 10:5 харьцаагаар илүүрхэн хожиж энэ цолыг авсан түүхтэй.
 
 
 
Белград хотноо 43 жилийн дараа дахин явагдах энэхүү ДАШТ шагналын сан хамгийн өндөр төдийгүй шүүлтийн элдэв булхайгүй шударга сайхан тэмцээн болгоно хэмээн Дэлхийн Боксын Холбооны (АЙБА) Ерөнхийлөгчөөр сонгогдсон ОХУ-ын иргэн санхүү шоу бизнесийн нилээд нөлөө бүхий эрхэм ноён Умар Кремлёв амлаж мэдэгдээд байгаа билээ. Тажик гаралтай хэдий ч орос овог сүүлд авсан гэгддэг энэ нөхрийн өмнөх замналын талаар нилээд бүрхэг бараан сүүдэртэй мэдээ бичигддэг. Ямар ч бай сонгуулиар ялж тодрон гарч ирсэн түүнийг дэлхийн боксын холбоо АЙБА хэмээх их айлыг зөв удирдан авилга хээл хахууль, албаныхан болоод шүүгчдийн булхай хуйвалдаанаас цэвэрлэнэ гэж найдан харж байгаа. 
Белградад 105 орны 650 шилдэг тамирчид өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Энэхүү тэмцээний шагналын сан 2.6 сая америк доллар. Нийт 13 жин тус бүрд түрүүлсэн боксчин аваргын цул алтан тольт дээр цул мөнгөөр 2021 оны Дэлхийн аварга гэж товойлгон бичсэн гоёмсог бүс, $100.000, мөнгөн медал $50.000, хүрэл $25.000 мөнгөн шагнал хүртэх бөгөөд энэ нь сонирхогчдын боксын дэлхийн аваргын түүхэнд хамгийн өндөр шагналын сантай тэмцээн болох гэж байгаа тухай хэвлэл мэдээлэлийн сувгуудаар онцлон бичиж цацаж байна. 
 
Монголын боксчид Европ тивд зохиогдсон тэмцээнд хамгийн сайн оролцдог уламжлалтай. Соц нийгмийн үеэс Польшийн Варшав, Лодз, Румыны Бухарест, Болгарын Софи, Германы Халле, Берлин, Чехийн Усть Над Лабе зэрэг олон хотуудад зохиогддог олон улсын уламжлалт тэмцээнүүдэд амжилттай оролцон хөгшин Европоос эх нутагтаа ганзагалан ирсэн медалын нийт тоог гаргавал талийж өгөхөөр болсон. Белградын рингэнд гарч тоглох манай 9 боксчид яг тэндээс 43 жилийн өмнө ах нарынхаа чадлаараа үзэлцээд авчирч чадаагүй медалыг эх орондоо аваад ирэх байх хэмээн найдвар тавьж суунаа. 
Дэлхийн хэмжээнд хүрсэн эрэмбэ чансаа, оролцсон тэмцээн, хуримтлуулсан туршлага, гаргасан амжилт, даагаа нэхэх далд тооцоо зэрэг олон зүйлээр цэнэглэдсэн “томоогүй гавъяат” Э.Цэндбаатарыг энэ удаа амжилт гаргаад ирэх байх гэсэн хүлээлт маш их байлаа. Даанч манай хүн хувийн зохион байгуулалт, сахилга бат, бас бус ойлгомжгүй хүчин зүйлийн улмаас оролцохгүй болсон нь харамсалтай. 60 кг-ын жинд очиж байгаа ОУХМ О.Тулгын хувьд сайн танигдаагүй ч аль ч талаар алд дэлэм дутах юмгүй залуу сайхан хүү. Алдах нэр хүнд биш аваад ирэх алдар хүндлэл гээд олон боломж одоо түүнийг хүлээж байна. Мэргэжилийн рингэнд том амжилт үзүүлж яваа Н.Төгсцогт хэн ч мэдэхгүй сөөсгөр жаал байхдаа Миланы рингэнд гэнэт тодрон тив дэлхийн аваргуудыг дараалан хожоод дэлхийд танигдаж байсныг санах хэрэгтэй. Энэ удаагийн дэлхийн аваргад оролцох хамгийн хашир туршлагатай хуучны бурхинуудын дунд манай гавъяат У.Мөнх-Эрдэнэ маань байх болов уу. Олимпийн болон дэлхийн аваргын хос медалтай түүний хувьд хаанахын хэнийг ч хожоод юу ч аваад ирж чадах ясны сайн боксчин. За тэгээд нөгөө боксчид маань хэн нь ч битүү морь шиг гараанаас гараад тасарч барианд ороод ирэхийг байг гэх хэн байх вэ. 
2021 оны боксын дэлхийн аваргыг нээлттэй зохион явуулахаар шийдвэрлэсэн нь цар тахалын улмаас хөл хорионд удаан байсан гадна дотнын үзэгчид хөгжөөн дэмжигчдийг Сербийн нутагт цуглуулах замаар аялал жуулчлалаа дэмжих алсын бодлого биз. Гэхдээ мэдээж халдвар хамгаалалтын дэглэмээ чамгүй чанд баримтлах бололтой, тамирчид дасгалжуулагчид тусдаа бүрэн тусгаарлалтанд байх юм гэсэн. Монгол Улсын иргэд Сербийн хилээр визгүй нэвтрэх эрхтэй орнуудын тоонд багтдаг тул Европын олон улс хотоос манайхан зориуд зорин ирж боксчдоо дэмжих болов уу. Белградын Štark arena ордонд алтан соёмбот далбаа мандан төрийн дуулал маань эгшиглэх болтугай! Хөвгүүд минь тоглолт бүрийн өмнө Ху хамтлагийнхаа эрэмгий дайчин аялгууг сонсож эрч хүчээ улам их аваарай. Урагшаа!  
 
Монголын баг тамирчид 
 
48кг-д Ганхуягийн Ган-Эрдэнэ (ОУХМ) 
51 кг-д Хархүүгийн Энхмандах  (ОУХМ)
54 кг-д  Энх-Амгалангийн Баярсайхан (СМ)
57 кг-д Хархүүгийн Энх-Амар (ОУХМ)
60 кг-д Оюунбаатарын Тулга  (СМ)
63.5 кг-д Баттөмөрийн Мишээлт (СМ)
67 кг-д Баатарсүх Чинзориг (ОУХМ)
71 кг-д Отгонбаатарын Бямба-Эрдэнэ (СМ)
75 кг-д Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ (МУГТ)
 
Дэлхийн аваргын 21 дэх удаагийн тэмцээн Серб Улсын нийслэл Белград хотноо 10-р сарын 24- нд эхлэж 11 сарын 06-нд дуусна. 
 
Д. Цэрэндорж 
 
АНУ. Калифорни мужаас
 
2021.10.20