sonin.mn
Монгол Улсын Засгийн газраас баталсан “Дэлхийн монголчууд – II” цогц хөтөлбөр, “Монголын бүх ард түмний XV наадам”-ын хүрээнд "Европын Монголчуудын ахмадын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах XII тэмцээн"-ийг 5 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Францын Роун хотноо Гадаад харилцааны яам, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын хороо, Монгол Улсаас БНФУ-д суугаа ЭСЯ, Гэрэгэ холбоо болон Монголын сагсан бөмбөгийн холбооны Европ дахь салбар зөвлөлтэй хамтран амжилттай зохион байгууллаа. 
 
Тэмцээнийг нээж Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайд У.Нямхүү хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас хүн амаа эрүүл чийрэг байлгах, дархлааг нь дэмжих, биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгааг тэмдэглэж, спортоор дамжуулан улс орноо сурталчлах, гадаад харилцааг хөгжүүлэх ач холбогдлыг онцоллоо. 
 
Энэ удаагийн тэмцээнд Австри, Испани, Их Британи, Франц, Швейцарь, Польш, Чех, Швед, Герман зэрэг орнуудаас 6 насны ангилал (эрэгтэй 38-44, 45-49, 50-54, 55-аас дээш, эмэгтэй 35-44, 45-аас дээш насны)-д 36 баг оролцож хурд, хүчээ сорив. 
 
"Европын Монголчуудын ахмадын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах XII тэмцээн"-ний эрэгтэй 
 
- 38-44 насны ангилалд алтан медалийг францын “Гэрэгэ” баг, мөнгөн медалийг германы “Монбер” баг, хүрэл медалийг австрийн “Берлин цог” баг;
- 45-49 насны ангилалд алтан медалийг германы “Монбер” баг, мөнгөн медалийг францын “Гэрэгэ” баг, хүрэл медалийг чехийн “Хөх Монгол” баг;
- 50-54 насны ангилалд алтан медалийг чехийн “Хөх Монгол”  баг, мөнгөн медалийг “Берлин Цог” баг, хүрэл медалийг швейцарийн “GM Star” баг;
- 55-аас дээш насны алтан медалийг францын “Гэрэгэ”  баг, мөнгөн медалийг германы “Берлин Цог” баг, хүрэл медалийг польшийн “Андууд шонхор” баг;
 
эмэгтэй 
 
- 35-44 насны ангилалд алтан медалийг германы “Берлин цог” баг, мөнгөн медалийг английн “Монбрит” баг, хүрэл медалийг австрийн “Кристал” баг;
- 45-аас дээш насны ангилалд алтан медалийг францын “Гэрэгэ” баг, мөнгөн медалийг английн “Монбрит” баг, хүрэл медалийг германы “Берлин цог” баг тус тус хүртлээ. 
 
Европ дахь Монголчуудын ахмадын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019 онд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулж байсан бөгөөд цар тахлын улмаас 2020, 2021 онуудад өнжиж энэ онд Францын Роун хотноо ийнхүү өндөрлөлөө.