sonin.mn
Монголын хөнгөн атлетикийн шилдэг тамирчдын нэг ОУХМ,  Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн ахлагч Б.Мөнхзаяа АНУ-ын Ореган мужид болж буй ДАШТ-д оролцож, марафоны төрөлд 2:46:09 гэсэн амжилтаараа 30 дугаар байрт шалгарлаа. Б.Мөнхзаяагийн тухайд уралдааны эхэн хэсэгт толгой группт гүйж байсан ч хуучин бэртэл нь сэдэрч, саарсан ч тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулан бариандаа орж, уралдаанаа дуусгаж чадав. 
 
  
Уралдааны дараа тэр бээр өөрийн цахим хуудаснаа “Орегон-2022 хөнгөн атлетикийн ДАШТ сайхан болж байна.Цаг агаар уур амьсгал сайхан. Олон төрөлд тэмцээний дээд амжилт эвдэгдэж байна. Манай улсаас дөрвөн тамирчин марафоноор эрхээ авч сайхан уралдаж, өндөрлөлөө. Марафонд замаа дуусгаж хувийн амжилтаа ахиулж оролцох нь хамгийн том амжилт байгаа юм. Миний хувьд өмнөх бэртэл маань эргэж сэдэрсэн учир өөртөө хангалттай сэтгэл ханамжтай уралдаж чадсангүй. Тамирчин хүн хамгийн гол нь бэртэл гэмтлээс л хол байх хэрэгтэй. Тэмцээн уралдаан үүгээр дуусахгүй ээ. Дараа дараагийн уралдаандаа та нартаа илүү том амжилтаар бэлэг барих болно. Миний ард үргэлж бат байж чаддаг гэр бүл, ахан дүүс, хамаатан садан, үргэлж дэмжиж байдаг Биеийн тамир спортын улсын хороо, Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, бүх гүйлтийн клуб болон гүйлт сонирхогчид, мөн баг хамт олон та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлье. Монголчууд үргэлж хамтдаа” гэжээ.