sonin.mn
Муайтай боксын Ази тивийн аваргын бүсний төлөөх тулаан 10 дугаар сарын 21-нд буюу өнөөдөр Улаанбаатар хотноо Монголын хөлбөмбөгийн холбооны байранд зохион байгуулах юм.
 
Монголын тулаанч, WMO холбооны аварга Өлзийбатын Төрбаяр, Япон улсын тамирчин “Deep” холбооны аварга Рияаяа Инайтай тулалдах бөгөөд энэ өдрийн 6 тулааны хамгийн оргил нь мэргэжлийн кикбоксын 72,5 кг жингийн тулаан юм байна.
 
Тулааны өмнөх хэвлэлийн хурал пүрэв гарагт Маршал Таунд байрлах “112 Fight Academy”-ийн байранд болжээ. Оргил тулаанд оролцох Монголын тулаанч Өлзийбатын Төрбаяр нь өдгөө 32 настай, 8 настай каратэгийн спортоор хичээллэж, 14 настай бокс, 17 наснаас кикбоксоор хичээллэж эхэлсэн юм. Ө.Төрбаяр нь кикбоксын дэлхийн аварга, мэргэжлийн кикбоксын Азийн аварга, муайтай боксын WMO холбооны аварга, “”Arnold Classis world Games”-ийн аварга зэрэг Монголдоо кикбокс, муайтай боксоор тэргүүлэгч шилдэг тамирчдын нэг юм.
 
Харин Японы тулаанч Ирояа Инай 26 настай, өөрийн улсынхаа холимог тулаан болон кикбоксын “Deep” холбооны аварга юм байна.
 
Мөн энэ өдөр 56,7 кг-д “Jackson-Wink MMA Academy”-ийн тамирчин И.Ядамсүрэн, “Гаруда ММА” клубын Као Кая, 57 кг-д Ширэн бээлийн клубын болон Мазаалай тулааны төвийн тамирчин Ц.Отгонбаяр, Бугат боксын клуб болон Арж капитал ХХК-ны тамирчин Ч.Мөнхсайхан, 61 кг-д Мишээл клубын Т.Өсөхбаяр, Галт дэвжээ клубын Б.Дөлгөөн, 70 кг-д Очир Нударга клубын тамирчин Шаяхмет Исламаллбек, А.Намуунгэрэл, 77,1 кг-д Шонхор клубын Н.Цацрал, Мазаалай тулааны төвийн Батцэнгэл нар тус тус тулалдана.
 
Монголын тулаанч Ө.Төрбаяр: “Миний хувьд бэлтгэл бүрэн хангагдсан. Аваргын бүсийг эх орондоо авч үлдэнэ. Жингийн хувьд 4-5 кг хассан. Мөн 2-3 сар системтэй бэлтгэл хийсэн. Өрсөлдөгчөө сайн судлаж, бичлэгүүдийг нь үзэж, ямар тактиктай тулалдвал болохоор байна гэж тактик боловсруулсан байгаа. Ямар ч байсан, ялна гэдгээ амлая” гэлээ.
 
Япон тулаанч Рияаяа Инай: “Би Монголд ирээд 1 хонож байна. Монголд ирсэн сэтгэгдэл сайхан байна. Хүмүүс надад таатай хандаж байгаа нь гоё санагдаж байна. Тулаанд ялж, Азийн аваргын бүсийг Япон луу авч явна гэж бодож байгаа. Төрбаяр тамирчин маань нилээн түрэмгий, мундаг тамирчин учраас тулалдах болсонд сайхан санагдаж байгаа. Гэхдээ ялж, бүсийг Японд авч явах болно. Монголд дахиж ирж, бүс хамгаалах тулаан хийхэд ч бэлэн байна” гэв.