sonin.mn
Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагч, спортын дэд мастер, дэд ахлагч Э.Буджав өнөөдөр БНЭУ-ын нийслэл Дели хотод зохион байгуулагдаж байгаа Туухай өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 68 килограммын жинд түлхэлттэй өргөлтөөр дэлхийн аварга болж, Энэтхэгийн хөх тэнгэрт эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэв. 
    Монгол Улсад түлхэлттэй өргөлтөөр анхны алтан медалийг Зэвсэгт хүчний алба хаагч ийнхүү авчрав. Түүнтэй цахимаар холбогдож ярилцлаа.
 
 
-Дэлхийн аваргын алтан медалийг хүртсэн танд Монголын ард түмэн тэр дундаа Зэвсэгт хүчнийхээ нийт бүрэлдэхүүний нэрийн өмнөөс баяр хүргэе ...
 
          -Баярлалаа. Аваргын алтан медалийг заавал хүртэнэ гэсэн зорилго, тэмүүлэлдээ хүрсэндээ маш их баяртай байна. Хөлс хөдөлмөрөө зориулж чадвал юм бүхэнд боломж байдгийг өөрийн энэхүү үйлдлээрээ харуулсандаа баярлаж байна.
 
-Таны жинд хэдэн орны тамирчин оролцов, мэдээж аварга хүртэлх зам мөр өрсөлдөөнтэй амаргүй байсан байж таарна ...
 
       -Туухай өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 18 орны 250 гаруй тамирчин оролцож байна. 68 килограммын жинд 20 тамирчин оролцсоноос хүрэл медалийг Узбекстаны тамирчин, мөнгөн медалийг Польш Улсын тамирчин, алтан медалийг миний бие хүртлээ. 
      Миний жинд өмнө нь дэлхийн аварга болж байсан Казахстаны тамирчнаас эхлээд орон орны шилдэг залуус сайхан өрсөлдлөө. Аваргыг ялж аварга болсондоо баярлаад шокноосоо одоо ч гараагүй байна. Тэмцээн өнөөдөр ердөө гуравхан цагийн өмнө болж дууссан. 
 
-Монгол Улсаас та ганцаараа оролцож байгаа гэсэн үү?
 
       -Тийм ээ. Монгол Улсаас ганцаараа оролцож байна. Уг нь оролцох эрхтэй тамирчин надаас гадна хэд хэд байсан. Даанч төсөв санхүүгийн хүндрэлээс болов уу ирж оролцож чадсангүй. Өнгөрсөн 4 дүгээр зохион байгуулагдсан 2022 оны Туухай өргөлтийн Азийн аваргаас алтан медаль хүртсэн манай улсын гурван тамирчин болон хос мөнгөн медаль хүртсэн надад дэлхийн аваргад оролцох урилга өгсөн байсан юм.
 
        Алтан медальт тамирчны хоёр нь Зэвсэгт хүчнийх буюу ахмад Г.Цолмонхүү (ҮБХИС), Н.Мадигайым (350) нар бол нэг нь мэргэжлийн эмэгтэй тамирчин н.Туяацэцэг. Хэрэв тэд ирж оролцсон бол бас чамгүй амжилт үзүүлэх байсан гэдэгт нь итгэлтэй байна.
 
-Та ОХУ-ын цэргийн сургуульд суралцдаг гэсэн. Бэлтгэл хийх цаг заваа хэрхэн зохицуулж байна вэ?
 
         -ОХУ-ын Кострома хотод Цацраг, хими, биологийн зэвсгээс хамгаалах цэргийн академийн хоёрдугаар дамжааны оюутан. Анх 2017 онд ҮБХИС-ийн Ерөнхий цэргийн ангид элсэн суралцаж байгаад ОХУ-ын цэргийн сургуульд шалгалт өгч тэнцээд ирсэн нь энэ. Энэ хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсан учраас үндсэндээ 7 жил суралцаад явж байна. 
     Бэлтгэлээ сургуулийнхаа Спорт, биеийн тамирын төвд хичээлийнхээ бус цагаар базааж байна. Голдуу бие дааж хичээллэдэг. Азийн аваргаас хос мөнгөн медаль авсан өдрөө энэ тэмцээнд заавал оролцож, түрүүлнэ гэж тангараг өргөсөн. Тэр амлалтаа өнөөдөр биелүүлээд зогсож байгаадаа маш их баяртай байна. 
 
 -Тамирчин бүрийн ард төсөв санхүүгийн хүндрэл байдаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэв?
 
     -Үнэхээр тийм. Дэлхийн аваргад оролцохоор бэлтгэлээ чамбайруулж байхдаа хоёр компанид “Ивээн тэтгээч” гэсэн хүсэлтээ өгсөн юм. Тэд ч дэмжсэн. “Тэгэлгүй яах вэ, эх орондоо хүрээд ир” гэсэн. Тэгээд тэмцээний өмнөхөн Монголдоо очсон. 
        Нэгдүгээрт, БНЭУ-ын визийг эх орноосоо авах, хоёрдугаарт ивээн тэтгэгч байгууллагуудтай уулзах гэж. Харамсалтай нь нөгөө компанийн удирдлагууд “Ахын дүү нийгэм, цаг үе хүндэрлээ, ивээн тэтгэх боломжгүй” гэж хариулсан. Тэмцээн эхлэх гээд байдаг, ивээн тэтгэгч олддоггүй. Арга буюу ээжийнхээ автомашиныг банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж, 5 сая төгрөгийн зээл аваад ирсэн. 5 сая төгрөг нь мэдээж хоёр талын нислэг болон визний төлбөр. 
 
-Та тэгээд зочид буудлаа хэрхэн зохицуулж байгаа гэж?
 
       -Хувь тохиолоор БНЭУ руу нисэж байхдаа БНСУ-ын онгоцны буудал дээр Л.Батсуурь гэдэг ахтай танилцсан. Тэр ах бид хоёр нэг нислэгээр ирж, нэг нислэгээр эх орондоо буцах хуваарьтай. Одоо тэр ахын зочид буудлын өрөөнд хамт байрлаад, хоол хүнсэндээ санаа зовох зүйлгүй, зөвхөн тэмцээндээ л анхаарч байна. Ах “Миний дүү алтан медаль авахаа л гол зорилгоо болго. Бусдыг нь ах нь зохицуулна” гээд миний дасгалжуулагч, хөгжөөн дэмжигч гээд бүгдийг нь хийж байна. Талархаад баршгүй. 
      Бас талархал илэрхийлэх ёстой хүмүүс бол ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа Ц.Батсайхан, ЗХЖШ-ын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Номт нар юм. Би Ц.Батсайхан хурандаагийн хүүтэй цэцэрлэгээсээ нэг анги байсан болохоор тэмцээнд оролцох гэж байгаагаа хэлэхэд баяртайгаар дэмжиж, БНЭУ-ын Элчин сайдын яаманд визний асуудлыг албан шугамаар тэр дор нь шийдэж өгсөн. 
   Хэрэв тэгж шийдэж өгөөгүй, хувь иргэнээрээ хөөцөлдсөн бол хугацаа алдах байсан. 
 
-Дэлхийн аварга болсноо аав, ээждээ дуулгасан уу, маш их баярласан байх даа?
 
     -Тэгэлгүй яах вэ, ээж “Миний хүү сайн байна. Овоо доо, миний хүү” гээд л баярлаад байсан. Тэгснээ “Машин гээд санаа зовоод хэрэггүй шүү” гээд маргаашийн тэмцээндээ сэтгэл санаагаа бэлтгээрэй гэж захьсан. Миний ээжийг З.Чанцал, аавыг С.Энхбаатар гэдэг, хүүгийнхээ боловсрол, спортын амжилтынх нь төлөө бүхнээ зориулж яваа хүмүүс дээ.
 
-Та маргааш 68 килограммынхаа жинд огцом өргөлтөөр бас өрсөлдөнө гэсэн үү?
 
-Уг нь ганцхан түлхэлттэй өргөлтөөр оролцоно гэж бодож ирсэн ч өнөөдөр огцом өргөлтөөр бүртгүүлчихлээ. Тэмцээн маргааш Монголын цагаар 10:00-д эхэлнэ. Мэдээж олон хүчтэй тамирчид ирсэн байна лээ. Монгол Улсын Зэвсэгт хүчний хүү яагаад чадахгүй гэж, үзээд л алдана даа. Эх орондоо аль болох дэлхийн аваргын хос медальтай буцахын төлөө хүч хөдөлмөр бүхнээ зориулна.
 
-Танд өндрөөс өндөр амжилт хүсье. Эх орондоо хос медальтай буцахын ерөөл өргөе!
 
-Баярлалаа. Би хичээх болно оо.
                                                                       Ахмад Д.БОЛОР