sonin.mn
Азийн олимпын зөвлөл /АОЗ/-өөс анх удаа “Жендэрийн тэгш байдал” сургалт семинарыг Бахрейн улсын Манама хотноо 10дугаар сарын 30-31-нд зохион байгуулав. Тус семинарт Олон улсын олимпын хороо, Үндэсний олимпын хороодын холбоод, Нэгдсэн үндэсний байгууллага, Улаан загалмай нийгэмлэг зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, туршлага мэдээлэл солилцож байна. Семинарт нийт 42 Үндэсний олимпын хороод төлөөлөгчөө илгээсний дотор 36 төлөөлөгч нь тухайн ҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд аж.
 
Семинарын нээлтэд ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах видео мэндчилгээ илгээсэн бол АОЗ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ража Рандхир Синг, Бахрейны ҮОХ-ны Ерөнхийлөгч Шейх Халид бин Хамад Аль Халифа, АОЗ-ийн Жендэрийн тэгш байдал комиссын гишүүд болон албаны бусад хүмүүс оролцож байна.
 
АОЗ-өөс “Ази тивд спорт дахь эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг хөгжүүлэх, дэмжих асуудлыг бүх талаар дэмжиж, зөвхөн спортын талбарт биш спортын байгууллага, үйл ажиллагааны түвшинд мэдээллээр хангах, боловсрол олгох, чадавхжуулах, шийдвэр гаргах түвшинд хүргэхэд туслах ажлыг анхан шатнаас нь эхлэн хэрэгжүүлэх болно” гэж мэдэгдэв. “Саяхан болж өнгөрсөн ҮОХХ-ны хурлын үеэр Удирдах зөвлөлд Ази тивээс нэр дэвшүүлсэн таван хүний гурав нь эмэгтэй хүн байсан нь АОЗ-өөс эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж буйг, олимпын хөдөлгөөний оргилд нь хүрэх үүд хаалга бүгдэд нээлттэй байгаагийн илрэл болж байна” гэж АОЗ-ийн Ерөнхийлөгийн үүрэг гүйцэтгэгч Рандхир Синг тодотгов.
 
Тус семинарт оролцогчид спортын хөдөлгөөнд эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг онцлон тэмдэглэж, эдгээр бэрхшээлийг даван туулахад төлөөлөгчид болон ҮОХ-д хамтран ажиллах, зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх, өөрийн улсад жишиг болоод буй сайн туршлагаа хуваалцах зэрэг чухал сэдвүүдээр хамтран ажиллаж байна.
 
МҮОХ-ны Спорт дахь эмэгтэйчүүд комиссоос АОЗ-тэй хамтран хэрэгжүүлсэн “Олимпизмоор дамжуулан эмэгтэйчүүдийг чадавхжуулах, нийгмийн хөгжилд нөлөөлөх нь” төсөл хөтөлбөрийн тайланг семинарт оролцогчдод танилцууллаа.
 
Хөтөлбөрийн хүрээнд тамирчид /8 спортын 25 залуу тамирчин/, дасгалжуулагчид болон спорт холбоодын эмэгтэй менежер, нарийн бичгийн нарт сургалт семинар /11 спорт холбооны 20 төлөөлөл/ зохион байгуулсан юм. Мөн ЕБС-ийн 12-18 насны 380 гаруй сурагчийн дунд Олимпын наадамд оролцсон болон Олимпын медальт эмэгтэй тамирчдыг алдаршуулах, спортыг сурталчлах чиглэлээр спортын холбоодтой хамтран үйл ажиллагаа зохион байгуулсан билээ.