sonin.mn
Арабын нэгдсэн Эмират улс /АНЭУ/-д  2022 оны11 дүгээр сарын 13-19-нд  Шатрын бодлого зохиомжийн олон улсын байгууллагын /WFCC/ 64 дэх Конгресс болон бодлого бодолтын 45 дахь удаагийн ДАШТ зохиогдож байна.
Энэ сарын 15-16-нд болсон бодлого бодолтын ДАШТ-д 30 улсын 82 бодогчид оролцов. Монголын шатрын ИМ, бодлого бодолтын ФМ Сумъяагийн Билгүүн эхний өдөр тэмцээнийг хошуучлан маш амжилттай оролцож, бодлого бодолтын 10 гаруй Их мастер цолтонг ардаа орхин, боломжит 90 онооноос 77,75 оноо авч шагналт 4 дүгээр байр эзлэн Бодлого бодолтын их мастер цолны эхний болзол биелүүлэв.
 
 
 
Тэрбээр Монгол Улсын шатрын бодлого бодолтын 4 удаагийн аварга бөгөөд 2007 оноос эхлэн  “Од” клуб, “Таван цагариг” сонин”, “Хос мастер” шатрын Академи зэрэг байгууллагуудын нэрэмжит бодлого бодолтын 10 гаруй тэмцээнд тэргүүн байруудад шалгарч байсан юм.
 
 
 
Энэ ДАШТ-д анх удаа багаар оролцсон Монголын баг, Голланд, Англи, Франц, Швейцарь, Чех зэрэг хүчтэй багуудын өмнө гишгэж шилдэг 10-т багтав.
Дэлхийд Шатар тоглолтын болон Бодлого бодолтын төрлөөр давхар Их мастер цолтой 10 хүрэхгүй тамирчин байгааг зохион байгуулагчид хэлж, онцгой амжилт ойрхон байгааг манай тамирчинд санууллаа.
С.Билгүүн маань III үе хүртэл тэмцээнийг тэргүүлж байсан ч HELPMATE буюу Хамжаа мадны үе дээр чухал оноонуудыг алдаж медалиас атгаад алдсан ч цаашид ямар нөөц бололцоо байгааг харуулсан сайхан тэмцээн болов.
 
 
 
 
Мөн энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Их мастер С.Билгүүний дүү бодлого бодолтын спортын мастер С.Чингүүн 47.5 оноо авч 49 дүгээр байрт шалгарсан. 
 
 
 
 
Их мастер С.Билгүүн өмнө нь 2015, 2017, 2021 онуудад бодлого бодолтын ДАШТ-д оролцож байсан.
Конгрессын үйл ажиллагааны хүрээнд бодолтын хэд хэдэн тэмцээн, стандарт шатрын блиц тэмцээн зохион байгуулах юм байна.
 
Д.Өлзийсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг