sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн тоглолт талбайн эзэн Катар болон Эквадор улсын шигшээ багуудын хооронд өрнөж, 2:0-ээр зочин баг хожиж бүтэн сар үргэлжлэх хөлбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээсэн тэмцээний салхийг хагаллаа.
 
 
 
Тус тоглолтын 16, 31 дэх минутад Өмнөд Америкийн төлөөлөл Эквадорын багийн мэргэн бууч Эннер Валенсия хоёр удаа гоол хийж багтаа хожил авчирсан юм. Мөн ДАШТ-ий шигшээ тэмцээнийг зохион байгуулагч улс нээлтийн тоглолтод анх удаа хожигдсон тохиолдол юм байна.
 
 
 
Өмнөх 21 удаагийн ДАШТ-д зохион байгуулагч улс 16 удаа хожиж, таван удаа тэнцэж байсан түүхтэй аж.
 
 
Гоол: Валенсия, 16 дахь минут. Валенсия, 31 дэх минут
 
 
 
Шар хуудас: Альшиб, 15, Алмоез, 22, Будиаф, 36, Афиф, 78— Кайседо, 29, Мендес, 56.
 
 
 
Гарааны бүрэлдэхүүн
 
 
 
Катар: Саад Аль-Шеб - Абделькарим Хассан, Буалем Хухи, Басим Аль-Рави - Хомам Ахмед, Ро - Ро, Абдулазиз Хатем, Карим Будиаф - Акрам Афиф, Альмоэз Али, Хасан Аль-Хайдос.
 
 
Эквадор: Эрнан Галиндес - Первис Эступиньян, Пьеро Инкапиэ, Феликс Торрес, Анхело Пресиадо - Ромарио Ибарра, Мойсес Кайседо, Жегсон Мендес, Гонсало Плата - Микаэль Эстрада, Эннер Валенсия.
Ташрамд дуулгахад, Катар улсад ням гарагт /2022.11.20/ Хөлбөмбөгийн 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн билээ. Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа Эль Хаур хотын "Al Bayt" цэнгэлдэхэд болж Катарын эмир Тамим бин Хамад Аль Тани үг хэлснээр ийнхүү ДАШТ хөшгөө нээсэн юм.
 
 
 
 
 
 
 
Төрөлхийн "Caudal Regression Syndrome"-той Аль Муфтахын өгүүлэмжээр эхэлсэн ёслолд Оскарын шагналт жүжигчин Морган Фрийман "Хүн бүрд нээлттэй" хэмээн дэлхий нийтийн тэгш эрх, ялгаварлан гадуурхахгүй байх үзлийг түгээв.
 
 
 
 
 
 
 
Энэхүү нээлтийн ёслол 30 минут үргэлжилж цэнгэлдэхэд хуран цугласан олон мянган үзэгчид болон дэлхий дахинаа сая сая үзэгч, сонирхогчдыг бишрүүлэн догдлуулсан юм.
 
Д.Өлзийсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг