sonin.mn
Бөх сонирхогч түмэн олондоо дуулгахад, хуучин социалист нийгмийн үед цагаан сар тэмдэглэхийг нэг хэсэгтээ хориглож байв. Гэвч хөдөө орон нутагт цагаан сар гээч баяр болсоор байсныг энд нуух юун. Тиймээс ч тухайн үеийн төр засгийн удирдлага "Нэгдэлчдийн өдөр" нэртэйгээр тэмдэглэхийг зөвшөөрсөн түүх бий.
 
Гэхдээ энэ нь хуучин нийгмийн үлдэгдэл хэмээн адлагдаж цагаан сарыг ийм нэртэй болгосон нь нөгөө л эрх баригч намын үзэл суртлын үүднээс болоод тэр. Цагаан сарын баярт зориулсан бөхийн барилдааныг 1960-аад оноос зохион байгуулж, 1963 оноос Монголын радиогоор орон даяар шууд дамжуулах болжээ.
 
Цагаан сарын барилдаан анхнаасаа битүүний үдэш Спортын төв ордонд болдог байсан бол 1998 оноос Монгол бөхийн өргөөнд зохиогдох болжээ. 1963 оноос 64, 1971 оноос 128, 1991 оноос 256 бөх тогтмол зодоглодог уламжлал бий болсон байна.
 
Гэвч энэ барилдаанд хэн хамгийн олон давж, түрүү авч байсан талаар сонирхоцгооё. Гэтэл энэ амжилтыг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ тогтоосон байна.
 
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ XVII жарны хоёрдугаар он буюу 1988 оны луу жилээс 1998 оны бар жил хүртэл 11 жил завсаргүйгээр энэ наадамд түрүүлсэн гэж бодоход өвдөг шороодолгүй 85 давсан байна. Мөн 1988, 1989, 1990 онд 128 бөхөөс долоо, 1991-1998 онд 256 бөхөөс найм даван түрүүлсэн гэж бодоход өвдөг шороодолгүй 85 давсан байна.
 
Үүн дээр 1999 онд долоо давсныг нэмбэл 92 болох нь лавтай. Өөрөөр хэлбэл, дархан аварга маань цагаан сарын барилдаанд өвдөг шороодолгүй 92 дараалан давсан гэсэн үг юм. Харин түүний энэ амжилтыг зогсоосон бөх бол Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат даян аварга А.Сүхбат юм.
 
"Жижиг" хэмээх нэртэй улсын аварга маань улсын заан цолтой байхдаа 1999 оны шороон туулай жилийн сар шинийн баярт зориулсанг хүчит бөхийн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэннйг өвдөг шороодуулан гүрүүлсэн байна.
 
Харин дээрх 12 жилйн хугацаанд завсаргүй 92 давсан Б.Бат-Эрдэнэ аваргад хамгийн олон өвдөг шороодсон бөх бол Увс аймгийн Наранбулаг сумын харьяат улсын аварга О.Балжинням юм.
 
Тэрбээр дээрх хугацаанд долоон удаа буюу 1988 онд 6, 1992, 1994, 1995 онуудад найм, 1996, 1997, 1998 онуудад долоогийн даваанд Б.Бат-Эрдэнэ аваргатай таарч унасан байна.
 
Мөн улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ 1993, 1995 онд долоо, 1996 онд наймын даваанд нийтдээ дөрөв, улсын начин Ж.Чулуун 1992 оны зургаа, 1994 онд дөрөв, 1999 онд тавын даваанд нийт гурав, Дархан аварга Х.Баянмөнх 1989 онд долоо, 1993 онд найм, улсын арслан Б.Ганбаатар 1988 онд долоо, 1990 онд зургаа,
 
Улсын гарьд Д.Баяраа 1989 онд тав, 1992 онд долоо, улсын заан Д.Амгаа 1989 онд дөрөв, 1994 онд зургаа, улсын заан С.Хүрэлбээтэр 1991 онд дөрөв, 1993 онд зургаа, улсын харцага Ч.Даваадорж 1991 онд дөрөв, 1993 онд тав, улсын начин М.Болдбаатар 1988 онд хоёр, 1995 онд дөрөв,
 
Улсын начин Н.Жавзанжамъян 1989 онд хоёр, 1992 онд дөрөв, аймгийн арслан Б.Мэндсайхан 1990 онд хоёрс1993 онд дөрвийн даваанд тус тус өвдөг шорооджээ. Цагаан сарын шинийн нэгэнд зориулсан хүчит бөхийн барилдаанаар завсаргүй хамгийн олон давсан бөхчүүдийн жагсаалтын хоёр, гуравт залуу аваргууд бичигдсэн байна.
 
Тухайлбал, улсын аварга Д.Сумъяабазар 2002 онд 256 бөхөөс найм, 2003 онд 256 бөхөөс зургаа, Даян аварга Г.Өсөхбаяр 2004 онд 256 бөхөөс найм, 2005 онд 256 бөхөөс найм, 2006 онд 256 бөхөөс зургаа нийт дараалан 22 давжээ.
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин