sonin.mn

Энэ цагийн улсын начин цолтнуудыг магнайлан барилдаж буй Булган аймгийн Могод сумын харьяат, Хангарьд спорт клуб, UFC группийн бөх, жүдо бөхийн ОУХМ Э.Энхбаттай уулзаж ярилцав. Тэрээр ЭМШИУС-ийн зааланд нутгийнхаа бөхчүүдтэй бэлтгэлээ базаадаг юм бипээ. Уран, хурц барилдаанаар үзэгчдийг өндөлзүүлдэг шилдэг начны яриаг таалан болгооно уу?

-Начны бэлтгэл сургуулилт хэр байна. Долоо хоногт хэдэн өдрийн бэлтгэл хийж байна вэ?

-Бэлтгэлээ тогтмол хийж байна. Нэг өдөр нь жүдо, хоёр өдөр нь үндэсний бөх, бусад өдрүүдэд ерөнхийдөө хүчний бэлтгэл хийж байгаа. Ер нь энэ жилээс эхлээд үндэсний бөхийн бэлтгэл голлон хийж байна.

-Ойрд жүдогийн ямар тэмцээнд орох төлөвлөгөөтэй байна?

-Гурван сарын сүүлээр Туркэд болох тэмцээнд явах санаатай байгаа.

-Та анх үндэсний бөхөөр эхэлж барилдсан уу, жүдогоор эхэлж барилдсан уу?

-Жүдог бөхөөр анх бэлтгэл хийж барилдаж эхэлсэн. Хүүхэд байхдаа үндэсний бөхөөр барилдаж байсан.

-Үндэсний бөх, жүдо хоёрын аль нь танд барилдахад эвтэйхэн санагддаг вэ?

-Ер нь өрсөлдөгч бөхийнхээ эвийг нь олон тааруулж барилдвал ямар ч бөхийн төрөл эвтэйхэн байдаг шүү дээ.

-Бөх хүний хөдөлмөрийн үр дүн улсын баяр наадамтай холбогдож байдаг гэж хувьдаа боддог. Та одоогоор улсын баяр наадамд гурван удаа шөвгөрөөд байгаа. Энэ талаар ярилцах уу?

-2009 онд Доржсамбуу гарьдаар тав давж улсын начин болсон. 2012 оны тавын даваанд Өсөх-Ирээдүй харцагыг давж цолоо батлаад зургаагийн даваанд Бүрэнтөгс арсланд унасан. Тэр жилдээ Бүрэнтөгс арслан түрүүлсэн. Өнгөрсөн жил буюу 2013 онд Одбаяр начныг амлаж даваад зургаагийн даваанд Гончигдамба гарьдад унасан.

-Тэр даваа унаа болгон тань сонирхолтой, сайхан болсоон. Та тэр барилдаануудаа дэлгэрэнгүй ярьж өгнө үү? Жишээлбэл Гончигдамба та хоёрын барилдааны тухайд та санасан бодсоноо бүгдийг нь хийж амжсан уу?

-Сүүлийн хоёр наадамд ерөнхийдөө түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд унасан байна. Түрүүлэх бөхчүүд цаанаа л өөр байдаг. Бүрэнтөгс арслантай өмнө нэг таарахдаа давж байсан. Наадмаар таарахаар нь ер нь барилдчих байх гэж бодсон, тэгтэл өөр байсан. Гончигдамба гарьдтай бас адилхан төсөөлж байснаас өөр байсан болохоор санасанаараа барилдаж чадаагүй.

-Өнгөрсөн жилийн нaадамд шөвгөрөхдөө гуравхан бөхөөс ам авч байсан. Хүмүүсийн амлаагүй үлдээсэн бөхөөс амлах хэцүү юу ?

-Миний хувьд олон бөхөөс ам авахад эргэлзээтэй байдаг. Цөөхөн бөх ер нь тодорхой байдаг болохоор боломжийн санагддаг шүү.

-Та ам авахдаа юуг нь голлож анхаарч, бодож авдаг вэ, бусад бөхчүүдтэй зөвлөдөг үү, өөрөө л бие дааж шийдвэр гаргадаг уу?

-Бусад хүмүүстэй зөвлөөд байдаггүй, өөрийнхөө бодсоноор ам авдаг. Ер нь би ам авч чаддаггүй хүн л дээ. Хүмүүс намайг буруу ам авлаа гэдэг. Ам авахдаа том биетэй бөх авахыг боддог. Тэр маань заримдаа онодог, заримдаа алддаг.

-2011 онд Улс тунхагласны өдөрт зориулсан барилдаанд үзүүрлэснийг тань бөх сонирхогчид санаж байгаа байхаа. Энэ барилдаанд улсын начин Чулуунбаттай барилдахдаа мэхийг нь хариулж тун уран барилдаж давсан шүү, тийм ээ?

-Ерөнхийдөө мэх гэдэг эв нь таарахаараа гоё уран болдог. Эв нь таарахгүй бол бас хэцүү. Тэр барилдаан дээр Чулуунбат начныг тахимдаад хөөхөд нь дагуулж хөмрөөд давсан.

-Тэгж уран барилдаан гаргах үед өөрт хэрхэн мэдрэгддэг вэ?

-Эв нь таарч давж байгаа болохоор эсрэг бөх маань хялбархан уначихдаг. Тэгэхээр худлаа унаж байгаа юм шиг санагдах нь бий шүү.

-Та бөхийн өргөөнд болж буй сүүлийн барилдаануудад доогуур даваанд хэд унасан. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Барилдаан гарахгүй байна гээд зарим хүмүүс шүүмжилдэг. Бэлтгэл сургуулилт янз бүр байдаг. Тэр болгоныг тааруулах хэрэгтэй. Ойрд бэлтгэл жаахан таараагүй доогуур даваанд унасан. Нэг хоёрын даваанд таарч байгаа залуучууд сайн байна. Залуучуудын барилдааныг мэдэхгүй болохоор бас эвгүй юмаа.

Урьд нь барилдаж байсан хүмүүстэй барилдахад барилдааныг нь мэддэг болохоор эвтэйхэн, амар байдаг. Бөх хүнд унах ч үе байна, давах ч үе байна. Унахаараа унасан шиг унаад маргахгүй байхыг боддог.



-Найз нөхөд тань барилдааны тал дээр зөвлөлгөө өгдөг үү?

-Найз нар маань уулзахаараа Энхбатыгаа давахын төлөө гээд л их урам өгнө өө.

-Таны дүү с.з Э.Энх-Амгалан бөхийн өргөөнд болж буй сумын заануудын барилдаанд сайн барилдаж байгаа. Дүүдээ хэр зөвлөгөө өгч байна вэ?

-Би тийм айхтар зөвлөгөө өгөөд байдаггүй. Дүү маань өөрийнхөөрөө барилдаад явж байгаа.

-Үндэсний бөхийн хөгжлийн талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Үндэсний бөх маань хөгжиж байна. Барилдаанууд нэгийн даваанаас эхлээд сонирхолтой болж байна. Бие биенээ тийм ч амар давчихгүй жинхэнэ хүч сорьсон барилдаанууд болж байна. Урьд нь улсын арслан цолтой бөх дөрөв, тавын даваа хүртэл учраа бөхчүүдээ гуд гуд татаад төвөггүйхэн давдаг байсан.

Одоо харин нэг, хоёрыг даваанд унах тохиолдол их гарч байна. Үндэсний бөх мэргэжлийн талруугаа орж, мөн аймгийн арслан цолтой бөх улсын баяр наадамд хүртэл түрүүлж байгаа нь үндэсний бөх хөгжиж байгаа нэг илрэл юм.

-Таныг хүүхэд байхдаа улсын гарьд Цэрэнпунцагийн барилдааныг шимтэн үздэг байсан гэж сонссон?

-Тэр үед зургаан залуу зааны үе гээд гоё үе байлаа. Цэрэнпунцаг гарьдын барилдааныг үзэх их сонирхолтой байсан. Одоо ч гэсэн хааяа уулзахаараа тэр үеийн барилдаануудыг нь заалгах дуртай.

-Гарьдын барилдаанаас өөрийн барилдаандаа шингээж авсан зүйл байгаа юу?

-Барилдаанаас нь олж авахыг боддог зүйл бол тэр хүн мэхээ даацтай, шийдэмгий, ямар ч эргэлзээгүй хийдэг шиг мэхээ тэгж хийхийг боддог.

-Бөхчүүдийн жингийн тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Зарим залуучууд жингээ нэмчихвэл сайн барилдчихна гэж боддог. Үүнд сайн тал бий, сөрөг тал ч бий. Хамгийн гол нь барилдаанаа гаргаж байж жингээ нэмбэл илүү тохиромжтой байх.

-Таны жин хэдтэй байна?

-Би начин болохдоо 84кг байсан. Одоогоор бол 100 кг дөнгөж гарантай. Цаашид ч жингээ нэмэх бодолгүй байгаа.

-Найз нөхдийнхөө дунд хочтой юу?

-Найз нөхдийн дунд хоч байхгүй ээ. Харин дээд үеийн бөхчүүд янз бүрээр хэлдэг л юм. Гэхдээ тэрийг хэлэхгүй ээ. ( инээв)

-Гэр бүлийнхээ талаар яриач, саяхан 2.14-нд гэгээн хайрын өдөр болсон. Эхнэрээ баярлуулж амжсан уу?

-Эхнэр, хоёр охинтой. Эхнэрээ баярлуулсан. Бэлтгэлээ хийчихвэл бусад цагаа гэр бүлдээ зориулж, баяр ёслолыг тодорхой хэмжээгээр тэмдэглэдэг.

-Ярилцлагынхаа төгсгөлд мөрөөдлөө уншигчидтай хуваалцана уу?

-Хүн мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Тэгж байж хүний амьдрал утгатай. Спортын хүмүүсийн мөрөөдөл нэг талтай. Спортын дээд оргилд хүрэх. Би бол тэрэнд бүхнээ зориулдаггүй ээ. Зарим нэг залуучууд түүнд бүхнээ зориулж байна уу даа гэж харагддаг.

Хүний амьдралыг долоо хоног гэж бодоход нэг дэх өдөр нь өсөж том боллоо гэхэд, хоёр дахь гурав дахь өдөр нь барилдлаа гэхэд цаана нь дөрөв дахь, тав дахь, хагас сайн, бүтэн сайн гэж амьдрал зөндөө байгаа л байхгүй юу. Хүн бас ганцхан барилдааны төлөө бие эрүүл мэнд, бүхнээ зориулж болохгүй гэж боддог.

МУБИС-БТС оюутан Б.Нанзаддорж

Эх сурвалж: “Бөх” сонин