sonin.mn

Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан Оргихийн Хангайг Хүч спорт хороонд бэлтгэл хийж байхад нь ярилцсанаа уншигч та бүхэндээ хүргэж байна. Тэрээр Налайх дүүргийн Онцгой байдлын алба, Автобус-1 компани, Ховд нутгийн хөгжлийн төлөө сан, Ховд дэвжээнд харьяалагддаг билээ.

-Ярилцлагынхаа эхэнд бага нас ба бөхийн спорт руу анх орсон үеэ эргэн дурсана уу?

-Би Ховд аймгийн Буянт суманд төрж өссөн. Багадаа бөхийн бэлтгэл огт хийж байгаагүй. 2007 онд арван жилээ төгсөөд ХААИС-д элсэн орсон. Барилддаггүй байж байгаад гуравдугаар курсээсээ бөхийн спорт руу орон барилдаж эхэлсэн дээ.

Ховд аймгийн Ховд суманд очиж барилдан үзүүрлээд сумын начин цол авсан.Үүндээ урамшаад монгол эр хүн байна, сайхан бие хаа байна, барилдаад үзье гээд бэлтгэл хийж эхэлсэн.

-Таныг бөх болоход урамшуулж дэмжсэн хүмүүс гэвэл...?

-Аавын дүү Алтанбагана ах надад зодог шуудаг авч өгч байсан. Тэгээд нэг cap гаруй Б.Адьяахүү багшаар гараа дэвээ, барилдааны анхан шатны мэдэгдэхүүн заалгаад, дараа нь Ховд бөхийн дэвжээнд Мягмарсүрэн зааны удирдлага дор одоог хүртэл бэлтгэл сургуулилт хийж байна.

-Та анх сумын цолтнуудын барилдаанаас хүч түрэн гарч ирснийг хүмүүс мэднэ?

-Би Ховд аймгийн Мөнххайрхан суманд 2011 онд түрүүлж сумын заан цол авсан.Тэр намраасаа сумын цолтой бөхчүүдийн барилдаанд барилдаж эхэлсэн. Тэр барилдаанд нэг шөвгөрөөд өөртөө урам орж бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлж эхэлсэн дээ. Багануурт бас сумын заануудын барилдаанд хоёр, гурав шөвгөрч байсан.

Бас тухайн үед зохиогдож байсан "Нутгаа дуурсгана" барилдаанд манай багш Мягмарсүрэн заан намайг барилдуулж анх улсын цолтой бөхчүүдтэй барилдаж үзсэн. Энэ бас тухайн жилийн бэлтгэл сургуулилт болон барилдах арга барилаа олоход чухал нөлөөлсөн шүү.

-Нутгаа дуурсгана барилдаанд анх улсын цолтой бөхчүүдээс хэнийг давав?

-Батмөнх зааныг начин цолтой байхад нь анх давж байсан. Тэр үед манай багийн таван бөхийг давчихаад зургадугаар тойрогт надтай таарч барилдан би давсан юм. Тэр барилдаан санаанаас гардаггүй. Тухайн үедээ их баярлаж байлай.

-Ойрмогхон болсон гурван ч барилдаанд улсын заан Батмөнхтэй барилдлаа. Энэ барилдаануудынхаа талаар ярина уу?

-Хоёр удаа дөрвийн даваанд таарч би давж, нэг удаа намайг амлаж хаясан. Улсын заан цолтой хүнийг хаяж, унаж яваадаа баяртай байна.

-Аймгийн баяр наадамд хэр барилдаж байна?

-Сумын заан болсныхоо дараа жил 2012 онд Ховд аймгийнхаа наадамд үзүүрлэж аймгийн заан цол авсан. Тэгээд хавар нь Бүх цэргийн наадмаар тав даван шөвгөрч чимэг нэмсэн. 2013 онд Ховд аймгийн баяр наадамд аймгийн заан Бадамгаравтай түрүү булаалдаж түрүүлсэнээр аймгийн арслан болсон.

-2013 оны хаалтын барилдаанд улсын начин Б.Пүрэвсайхан түрүүлж, 2014 оны нээлтын барилдаанд та түрүүлсэн. Энэ жил Ховдын бөхчүүд одтой байна аа?

-Бас 2013 оны сумын цолтой бөхчүүдын хаалтын барилдаанд манай сумын заан Б.Баянмөнх түрүүлсэн юм шүү дээ. Оны эхэнд 1-р сарын 5-нд болсон " Талх чихэр" ХХК-ны нэрэмжит аймаг цэргийн цолтой бөхийн барилдаанд би түрүүлсэн. Манай Ховд нутгийн бөхчүүд энэ жил их сайхан өнгөтэй байна.

-Модон морин жилийн cap шинийн баярт зориулсан барилдаанд амжилттай барилдаж үзүүрлэсэн. Улсын аварга Мөнхбат, улсын арслан Мөнхбаатар хоёрыг нэг мэхээр давсан. Энэ мэхээ ер нь төлөвлөж гарсан уу?

-Ер нь явж барилдья гэж бодсон. Тухайн үед хоёуланг нь давхар ачиж хаясан. Өмнө нь давхар ачих мэхийг хийж байгаагүй давтаж ч байгаагүй, барилдааны явцад л ороод ирсэн. Аварга , арслан цолтой бөхчүүдийг хаясандаа баяртай байгаа.

-Таныг түрүү булаалдахаар гарахын өмнө Батзориг заан зөвлөгөө өгч байгаа харагдсан. Гарьдтай барилдсан барилдааныхаа талаар яриач..?

-Заан маань "Явж барилд, өөрийнхөө шийдсэн мэхээ хийж барилдаарай" гэж захисан. Гарьд нягт барилдаантай болохоор хаях боломж олдоогүй. Золгоод л тавьчихаад байсан. Сүүлдээ тэгээд барьц сонгож үзье гэсэн бодол төрсөн. Тэгээд гарьдын талаар буугаад гарьд давсан.

Тэр барилдаанд би сайн барилдсан залуу бөхчүүдэд өгдөг шагналаас авчих юмсан гэсэн зорилготой барилдсан. Тэрнээс биш түрүү булаалдана гэж бодоогүй. Тухайн өдөр одтой сайхан барилдаж үзүүрлэсэндээ баяртай байна аа.

-Цагаан сарын аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд барилдаагүй санагдана?

-Тэгэхэд би жаахан бэртэлтэй байсан. Хавиргандаа бэртэлтэй байсан болохоор гам барьж байгаад барилдсан.



-Та аавынхаа талаар ярина уу? Аав тань тариаланч хүн байдаг гэж сонссон?

-Манай аав Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат хүн. Улсын тэргүүний тариаланч хүн бий. Ховд аймаг бол тариалангийн өлгий нутаг. Ховдын төмс, Ховдын шийгуа гээд алдартай шүү дээ. Аав минь анх ХААИС-ийг төгсөөд Ховдод хувиарлагдаж очоод тэнд ээжтэй танилцаж гэр бүл болсон юм билээ.

Манайх ам бүл зургуулаа. Би дороо гурван эмэгтэй дүүтэй. Аав маань намайг бага байхад бөх болно оо гэдэг байсан. Аавынхаа хүслийг биелүүлж яваадаа баяртай явдаг.

- Бөхчүүд аавынхаа төрсөн нутгаар харьяалж барилдах нь элбэг байдаг. Та яагаад Ховд аймгийн Буянт сумаар дуудуулдаг юм бол...?

-Би Ховд аймагт төрж өссөн. Манай багш Ховд аймгийнх, би өөрөө Ховд дэвжээндээ бэлтгэл хийдэг болохоороо Ховд аймгаар харьяалагдаж барилддаг.

-Барьц сонгуулсан байдлаас ч давж байгаа харагддаг, барилдааныхаа онцлогоос уншигчдадаа сонирхуулна уу?

-Бэлтгэл дээр барьц сонгуулсан байдлаас яаж хаях вэ гээд л барьцийг нь тавиулах, шахаж татах гээд л их давтдаг. Ер нь бол тухайн хүндээ тохируулж барилдахыг хичээдэг. Золгож голцуу барилддаг даа.

-Баасанхүү начинтай цагаан сараар, бас саяхан таарч давсан... Жижиг биетэй бөхтэй барилдахад ямар санагддаг вэ?

-Их эвгүй шүү. Хөл рүү орчих гээд... Баасанхүү начин их элдэвтэй. Уран хурц барилдаантай. Өнгөрсөн жил би аймгийн заан цолтой байхдаа гурав унасан. Олон унасан болохоор алдаан дээрээ суралцаад сүүлд хоёр удаа даваад байна.

-Бөхчүүдээс хэн хэнтэй ойр дотно найзалдаг вэ?

-Улсын начин Пүрэвсайхан, аймгийн заан Бадамгарав, аймгийн харцага Төмөрбаатар, аймгийн начин Адьяа, сумын заан Баянмөнх гээд хамт бэлтгэл сургуулилт хийдэг бөхчүүдтэйгээ найзална даа.

-Долоо хоногт хэдэн удаа бэлтгэл хийж байна?

-Хүч спорт хороонд долоо хоногт хоёр удаа үндэсний бөхийн бэлтгэл, гурван удаа хүчний бэлтгэл хийдэг.

-Барилдахаас гадна волейбол тоглодог гэсэн. Энэ тухайгаа..?

-Өөрийнхөө хэмжээнд боломжийн тоглоно оо. Арван жилд байхдаа волейболоор аймгаасаа шалгараад өсвөрийн улсын аваргад орж байсан.

-Биеийн жин, өндөр хэдтэй байна?

-Жин 120 кг, өндөр 1 метр 96 см байгаа.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Хааяа нэг зааланд тоглоно. Бэлтгэл хийгээд амрахыг л боддог.

-Гэр бүлтэй болж амжсан уу?

-Одоохондоо болж амжаагүй. Гэхдээ найз охинтой.

-Спорт бол залуу насны ажил, та ирээдүйд юу хийх бодолтой байна?

-Тэгэлгүй яахав.Би ХААИС-ийг Газар зохион байгуулалтын инженер мэргэжлээр төгссөн.Одоогоор бөхөөрөө дагнаад хажуугаар нь сургуульд сурах бодолтой байгаа.

-Заан цолны хүндэтгэлийн барилдаанд та үзүүрлэлээ. Энэ барилдааныхаа тухай ярьж өгнө үү?

-Цагаан сараар үзүүрлэсэнээ бататгаж өөрийнхөө хэмжээнд боломжийн барилдаж дөрөвт үлдээд Санжаадамба заантай тунасан. Тэр барилдаан дээр сэтгэл жаахан эвгүй болсон. Тухайн үед засуул намайг барьсан шүү гэж хэлсэн. Тэрийг Санжаадамба заан сонсоогүй, надад мэх хийсэн юм шиг байна лээ.

Би өөрийгөө зөвтгөх нь ч хаашаа юм. Санжаадамба зааныг буруутгах нь ч хаашаа юм, засуулийг буруутгах нь ч бас хаашаа юм. Нэг тиймэрхүү барилдаан болсон. Яг барилдаж даваагүй болохоор сэтгэл дундуур байгаа. Сайхан барилдаад унасан бол яахав дээ, сайхан үзээд уналаа гэж бодно.

Санжаадамба зааныг элэг бүсээ тайлахаар нь би тахимаа өгье гэж бодсон л доо. Тэгээд багшаасаа эмээгээд очиж асуусан чинь багш маань хамаагүй. тэгж болдоггүй юм. Ерөнхий цэцийн шийдвэр гарахыг хүлээ гэсэн. Тэгээд багшийнхаа үгэнд орсон. Тийм л юм болсон доо.

-За сайхан ярилцсанд баярлалаа . Эргээд улсын цолтой уулзацгаая.

МУБИС, БТС Б.Балжинням


Эх сурвалж: “Бөх” сонин