Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальт Японы алдарт бөх, Саори Ёшидагийн нэрэмжит олон улсын тэмцээний мөнгө, хүрэл медальт, АШТ-ий өсвөр үеийнхний таван удаагийн аварга Баянхонгор аймгийн "Байдрагийн хүчтэн" клубын чөлөөт бөхийн тамирчин Ө.Пүрэвсүрэнтэй ярилцлаа
-Чөлөөт бөхийн спортыг сонгох болсон нь бас учир шалтгаантай юу?
-Анх 2011 онд сургуулийнхаа аварга шалгаруулах тэмцээнд орж байлаа. Анхны тэмцээнээс медаль хүртэж чадаагүй ч энэ маань чөлөөт бөхөөр тууштай хичээллэхийн эхлэл болсон. Бөхийн барилдааны "А"-г заасан багш маань С.Мөнхдуулдах. Бас өвөө маань сумын заан хүн. Энэ нь манайханд тэр дотроо аав, ээж хоёрт маань барилдана гэсэн ойлголт ойр байсан байх.
-Эмэгтэй хүүхэд барилдана гэж зориглох нь ховор. Яагаад гэвэл нх спортын дэг журам, хатуу бэлтгэл зарим талаар хэпүү шүү дээ.
-Тийм ээ. Байнгын дасгал сургууль хийх, техник сурна гэдэг амаргүй. Биеийн их хатуужил шаарддаг. Шантармаар үе байсан ч давахыг хичээж ирлээ. Зорьсондоо хүрэхийн тулд улам шамдах болно. Гэр орныхон маань ч дэмждэг.
-Анхны медаль авсан чинь хэзээ вэ?
-Орхон аймагт болсон өсвөр үеийн олон хотын тэмцээнээс мөнгөн медаль авсан. Их ч баярласан. Анхны медаль мөнгө гэж бодохоор бүр урам зориг орбон доо.
-Танай "Байдрагийн хүчтэн" клуб хэдийд байгуулагдсан юм бэ?
-ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин, Монголын чөлөөт бөхийн алтан үеийнхний нэг байсан Ц.Нацагдорж агсны санаачилгаар байгуулагдаад таван жил болж байна. Гавьяат маань намайг гайгүй барилдах хүүхэд гэж тоосон юм билээ л дээ.
-Өөрийг чинь өсвөр үеийн улсын аваргад таван жил дараалан түрүүлсэн хосгүй амжилтын эзэн гэж Баянхонгорынхон магтацгаадаг гэнэ?
-Нутгийн олон түмэн маань итгэл хүлээлгэж байгаа нь тэр биз ээ. Тэр итгэлийг даахын төлөө л явна би. Тиймээс УАШТ-д залуучуудын ангилалд мөнгө, хүрэл медаль авч байлаа. 2015 онд Азийн АШТ-ээс хүрэл медаль авлаа. Ингээд 2017 онд тивийн аварга болсон.
-Азийн аварга болно гэдэг том амжилт. Энэ үед ер нь юу бодогдох юм бэ?
-Тивийн аварга болохдоо гурван барилдаан хийсэн. Хэсгийн финалд Энэтхэгийн бөхтэй барилдахад тун амаргүй байсан даа. Шагналын тавцанд зогсоод Монгол төрийн дууллаа эгшиглүүлэх тэр үе хамгийн сайхан юм билээ. Олон ч юм бодогдож байсан. Тэр дотроос зорьсондоо хүрч олимпод ингээд зогсч байхсан. Тэгээд энэ сайхан мэдрэмжийг дахин мэдрэхсэн гэж бодсон. Бага боловч амжилтдаа бахархаж омогшил төрдөг юм билээ.
-Японы бөх олимпийн гурав, дэлхийн 13 удаагийн аварга С.Ёшидагийн нэрэмжит тэмцээнээс мөнгө, хүрэл медаль авсан гэдэг байхаа?
- Медаль хүртсэн нь нэг хэрэг. Тэр домогт бөхтэй уулзаж хамт бэлтгэл хийж бас мэх заалгасан. Хөл авах мэхийг ингэж хийдэг гэж заагаад олон талын зөвлөгөө өгсөн нь надад тун ховор завшаан байсан шүү.
-Энэ жил насанд хүрэгчдийн УАШТ-д анх оролцож хүрэл медадь авсан билүү?
-Тив, дэлхийд өрсөлддөг эгч нартайгаа хүч үзсэн минь бөхийн ертөнцөд миний хийсэн том алхам. Хоёрдугаар тойрогт И.Ярыгины нэрэмжит тэмцээний түрүү бөх Б.Шоовдортой хүч үзсэн. Түүнд дийлдсэн ч хүрэл медалийн төлөө барилдаандаа ялсан. Хэдийгээр насанд хүрэгчдийн тэмцээнд анх ороод мундаг тамирчидтай тулж үзсэн ч өөрийгөө огт чамлаагүй. Ямар ч гэсэн медаль хүртчих юм шүү гэж л бодсон. Тэрэндээ ч хүрсэн дээ.
-Танай багш С.Мөнхдуулдах өөрийн чинь амжилт гаргах бүрт баярладаг. Бид хоёрт бэлтэл, тэмцээний үеийн олон сайхан дурсамж бий гэж ярьсан байдаг юм билээ?
-Миний амжилт бүхэн энэ багштай холбоотой. Заавар, зөвлөгөөг нь дагаж итгэлийг нь хөсөрдүүлэхгүй байхыг л хичээдэг. Манай багш залуу хүн гэхэд дасгалжуулагчийн хувьд мундаг шүү. Энд нэг зүйлийг хэлэхэд дотоод, гадаадын уралдаан тэмцээнд явахад байнга дэмжиж тусалж байдаг аймгийн Засаг дарга Г.Батжаргал, аймгийн чөлөөт бөхийн холбооны тэргүүн О.Тойвгоо нартаа, дэмжиж тусладаг бусад хүмүүст баярлаж явдагаа илэрхийлье.
П.Санаадагва
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0