ПЁНЬЯН. /Kyodo/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны охины зурагтай маркийг баасан гарагт гаргана гэж тус улсын төрийн өмчит Солонгосын маркийн корпорац цахим хуудсандаа мэдээлсэн нь Ким Жөн Уныг залгамжилж магадгүй байгаа охины нэр хүндийг өсгөж байгаа бололтой гэж Японы "Kyodo" агентлаг мэдээлэв.
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Батлан хамгаалах яам 2022 оны "Цагаан ном"-доо Умард Солонгосын дэглэм болон Зэвсэгт хүчнийг зургаан жилийн дараа дахин “дайсан” гэж тодорхойлсон тухай “Yonhap” агентлаг энэ талаар мэдээлэлтэй эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.
ВАШИНГТОН. /TASS/. Өнгөрсөн оны 12 дугаар сард АНУ-ын Засгийн газрын үнэт цаасанд оруулсан Оросын хөрөнгийн хэмжээ өмнөх сарынхтай харьцуулахад 3.3 дахин буурч, 629 сая ам.доллар болсныг АНУ-ын Сангийн яамны мэдээ баримт харуулж байна гэж ТАСС агентлаг мэдээлэв.
АНКАРА. /Anadolu/. Туркийн зүүн нутагт энэ сарын 6-ны өдөр болсон хоёр хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 35 418-д хүрээд байна гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мягмар гарагт мэдэгдлээ.
БРЮССЕЛЬ. /DW/. Европын Комисс /ЕК/ 2040 он гэхэд хүнд даацын тээврийн хэрэгслээс ялгарах утааг 2019 оны үеийнхтэй харьцуулахад 90 хувиар бууруулах зорилт дэвшүүлжээ.
ДАМАСК. /SANA/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 37 тонн хүмүүнлэгийн тусламж ачсан нисэх онгоц Сирийн нийслэл Дамаск хотын олон улсын нисэх онгоцны буудалд мягмар гарагт газарджээ.
БЕРЛИН. /Die Welt/. Дани, Нидерланд улсууд “Leopard 2” байлдааны танкийг Киевт нийлүүлэх шийдвэрээ эргэн харжээ. Энэ талаар Германы “Die Welt” сонин тус хоёр улсын Засгийн газраас эдгээр танкийг Украинд нийлүүлэх эсэх талаар лавласан хүсэлтийнхээ хариуг эш татан мягмар гаргийн орой мэдээлжээ.
ВЕЛЛИНГТОН. /Reuters/. Шинэ Зеландын эрх баригчид хүчтэй давлагаа, үер, хөрсний гулгалт дагуулсан “Gabrielle” хар салхины улмаас мягмар гарагт түүхэндээ гурав дахь удаагаа үндэсний хэмжээнд онц байдал зарлалаа.
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Өмнөд Каролина муж улсын захирагч асан Никки Хейли 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн Бүгд найрамдах нам /БНН/ доторх сунгаанд өрсөлдөнө гэдгээ мягмар гарагт дүрс бичлэгээр дамжуулан мэдэгдсэнээр Ерөнхийлөгч асан Дональд Трампын эхний томоохон өрсөлдөгч боллоо.
АДЫЙАМАН. /Anadolu/. Туркийн Адыйаман мужид газар хөдөлснөөс хойш 212 цагийн дараа 77 настай эмэгтэйг нурангин доороос эсэн мэнд гаргаж авчээ.
ПАРИС. /Xinhua/. 2023-2025 онд дэлхийн цахилгаан эрчим хүчний эрэлт жилд дунджаар гурван хувиар нэмэгдэх бөгөөд өсөн нэмэгдэх эрэлтийн ихэнх хувь хэмжээ Ази тивд ногдоно гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн /ОУЭХА/ тайланд дурджээ.
БРЮССЕЛЬ. /DW/. Европын Комисс /ЕК/ Европын орнуудын эдийн засгийн 2023 оны өсөлтийн төсөөллийг үл ялиг ахиулан нэг орчим хувиар өснө хэмээн урьдчилан таамаглалаа. Инфляцын хувьд саарах төлөвтэй байгаа ч өндөр хэвээр байна гэж үзэж байна.
ТОКИО. /NHK/. Япон, АНУ, БНСУ-ын дипломатчид БНАСАУ-ын пуужин, цөмийн аюул заналд хариу арга хэмжээ авахад нягт хамтран ажиллахаа дахин нотоллоо.
БЭЭЖИН. /Xinhua/. Хятад болон Европын сансрын агентлаг (ESA) Дэлхийн соронзон мандалд үзүүлэх Нарны нөлөөг судлах зорилгоор “Smile” сансрын төхөөрөмжийг хөөргөнө гэж Хятадын Шинжлэх ухааны академи мэдээлэв.
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Мичиганы их сургуульд зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас нэг хүн амиа алдсан бөгөөд амь эрсэдсэн хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна гэж тус их сургуулийн хэвлэлийн төлөөлөгч “Detroit News” сонинд мэдээлжээ.