Манай дархчууд алт шарахад шаардагдах мөнгөн усаа өөрсдөө шунх шар эсгий нэрэх замаар гарган авч байжээ. Энэ арга нь шунх шар эсгий зэргийг битүү саванд шатааж цочмог хөргөх замаар гарган авахыг хэлдэг байна. Манайхан мөнгөн ус нэрэхдээ тусгай зуух бариулж дээр нь том ширмэн тогоо тавиад түүнээ утаанд нэвтэрсэн эсгий майхны даавуу шунх зэргээр дүүргэж дээрээс нь бас нэг ширмэн тогоо хөмрөн шавардаж заг, хожуул зэрэг илч ихтэй түлшээр гурван өдөр гурван шөнө орчим зогсолтгүй галлахад дээд тогооны хүйс хүртэл улайсдаг байна.

 

Энэ үед нь тогоог яаралтай цочмог хөргөхийн тулд галыг түргэн зайлуулж худгийн хүйтэн усаар нэвтэртэл норгосон эсгийгээр тогоог ээлжлэн жигнэж хөргөнө. Ингээд тогоог нээхэд тогооны хананд мөнгөн ус тогтсон байдаг. Хярвасыг салхиар зайлуулж мөнгөн усаа муутуу цаасаар хэд дахин шүүж цэвэрлэдэг. Мөнгөн ус бага зэрэг хэрэгтэй бол гэртээ утаатай эсгий шунх хоёр шатаагаад дээр нь шаазан аяга тосч мөн авч болдог аж.


Эх сурвалж:”Бизнесийн Мэдээ”