sonin.mn

Эрх зүйч Б.Баярмаатай ярилцлаа.

 

Та иргэний нийгмийн салбарт олон жил тууштай ажиллаж байгаа сэхээтнүүдийн нэг. Өнөөдөр Монголын иргэний нийгмийн төлөвшил ямархуу түвшинд байна гэж дүгнэдэг вэ?

 

Ардчиллыг шинээр тогтоосон орнуудын V бага хурал Монгол Улсад болох үеэр би байгаль орчны салбар дахь иргэний нийгмийн төлөвшлийн асуудлаар илтгэл тавьж байсан. Ер нь иргэний нийгмийн төлөвшил нь иргэдийн оролцоогоор тодорхойлогддог л доо.


Манай Улсад өнөөдрийг хүртэл сайжраагүй, анхан шатны түвшиндээ л байна. 1997 оны хуулиар явж байна. Иргэний нийгмийг дэмжсэн бодлого алга. Энэ хуулийг өөрчлөх гэж олон удаа оролдсон боловч хууль санаачлагчдын зүгээс төрөөт хараат болгож хянах гэсэн саналыг оруулж ирдэг.


1997 оны хуулиасаа муу болох нөхцөл байдал руу түлхээд байсан учраас иргэний нийгмийн байгууллагууд дэмжээгүй. Иргэний нийгмийн орон зай өдөр бүр хумигдаж байна. Үндсэн хуулиар бол төр, иргэний нийгэм хоёр харилцан тэнцүү, бие биенээ хянаж байх ёстой тогтолцоо юм. Гэтэл төр үргэлж өөрийн эрх мэдлээ нэмэх, иргэний нийгмийг халаасандаа байлгах сонирхолтой байдаг. Сүүлийн үед төрөөс гаргаж байгаа баримт бичгүүд, хуулиудад иргэний нийгмийн оролцоог улам бүр хумиж байна. Үүний нэг жишээ бол жагсаал цуглаан хийх журмын тухай хууль байна. Хэрэв төр зөвшөөрөхгүй л бол бид үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх жам ёсны эрхээ эдэлж чадахгүй нь байна шүү дээ. Тийм учраас иргэний нийгмийг чөлөөтэй болгож, тэр орон зай дээр төрийн хяналт, оролцоогүйгээр иргэд амьдралаа шийддэг болгохгүй бол төрийн гарыг харж, төрөөс юм шаардсан, халамж хүссэн буруу хандлага улам бүр газар авдаг. Төр болон иргэний нийгмийн байдал маш их зөрүүтэй, төрийн оролцоо асар их болчихсон байна. Тийм учраас цөөн хэдэн л иргэний нийгмийн байгууллага үлдээд, идэвхтэй байсан үеэсээ маш их суларсан.

 

Та байгаль орчны салбарт олон стратегийн өмгөөлөл хийсэн. “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ анх удаа Хөвсгөл аймгийн Ханх сумын усан зогсоолд живсэн Оросын Дибовский хөлөг онгоцыг нуураас гаргаж авахад стратегийн өмгөөлөл явуулж байсан. Өнөөдөр байгаль орчны салбарт тулгамдаж буй, нэн даруй анхаарах ёстой ямар асуудлууд байгаа вэ?

 

Би Хөвсгөл далайн эрэг дээр төрсөн. Манай аав усан онгоцны ахмад н.Бямбасүрэн гэдэг хүн байлаа. Миний мэргэжил газарзүй, түүхийн багш. Дараа нь хуулийн сургууль төгсөж, эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Уул уурхайн лицензийг замбараагүй, ихээр олгож эхлэх үед иргэд өөрсдийн хэрэгцээ, шаардлагаа хэрхэн хамгаалах вэ? гэдэг дээр нэгдэж, зохион байгуулалтанд орох зайлшгүй нөхцөл үүссэн.


Амьдрах орчин, малаа бэлчээх бэлчээр, уух устай нь холбоотой эрх зөрчигдсөн тохиолдолд яаж хамтын зохион байгуулалтаар хамгаалах вэ? гэдэг асуудал тулгамдсан байсан. Тэр үед Хөвсгөл нутгийн маань малчид нуурын усны чанар муудлаа, замбараагүй аялал жуулчлал нуурыг бохирдуулж байна гэж хэлсэн.


Ингээд “Хөвсгөл далайн эзэд” хөдөлгөөнөө байгуулсан. Тухайн үед захиргааны хэргийн шүүх ч анх байгуулагдаад удаагүй байсан. Оросын Дибовский хөлөг онгоц Хөвсгөл нуурт живж, 400 кв.метр талбайд дизель түлш асгарч бохирдуулсан том осол гарсан. Ингээд нутгийн иргэдтэй хамтран нэхэмжлэх гаргаад, анхны стратегийн өмгөөллийг явуулсан. Онцгой байдлын сайд нь УИХ-ын индэр дээрээс далайн ус бохирдоогүй гэж мэдэгдээд, сумын Засаг дарга нь ус цэвэр байгаа гэж яриад, намайг гүтгэлэг тарааж нэр төр олох гээд байгаа мэтээр дайраад байсан л даа. Ингээд сэтгүүлч Б.Отгоныг гуйж, далайн ус бохирдсон байгаа талаар нэвтрүүлэг хийж, түүнийгээ телевизээр гаргаж, олон нийтэд харуулж байж үнэнийг мэдэгдсэн. Ингээд Байгаль орчны яам мөнгө гаргаад Дибовский хөлөг онгоцыг татаж гарган, нуурыг цэвэрлэсэн. Нөхөн төлбөр нэхэмжилсэн хэдий ч тухайн үед бохирдлын хэмжээг тогтоох боломжгүй, хэдий хэмжээний нөхөн төлбөр олгох аргачлал байгаагүйн улмаас захиргааны хэргийн шүүх шийдэж өгөөгүй. Ийм л түүхтэй. Түүнээс хойш олон жил нийтийн эрх ашгийн төлөөх өмгөөллийг явуулж ирлээ. Саяхан иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлчид, өмгөөлөгчид нэгдэн сүлжээ байгуулсан. Яагаад гэвэл нэг хуульч, нэг хүн энэ талын асуудлаар явж дийлхээргүй юм билээ. Ялангуяа байгаль орчны салбар дахь нийтийн эрх ашгийн өмгөөлөл маш их мөнгө, эрх мэдэлтэй хүмүүсийн эсрэг тулалдах хэрэг гардаг. Үүн дээр шүүх нөлөөлөлд автдаг тодорхой баримтууд байдаг. Юу болоод байгаа талаар баримтуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр харуулах шаардлага тулгардаг. Байгаль орчны ардчилал маш муу байна. Үүнийг гурван үзүүлэлтээр хэмждэг.


Нэгдүгээрт, байгаль орчны мэдээлэл ил тод, нээлттэй байна уу? Хоёрдугаарт, байгаль орчны шийдвэрт иргэд оролцож байна уу? Гуравдугаарт, эрх нь зөрчигдсөн тохиолдолд шүүхээр эрхээ сэргээлгэж, нэхэмжлэх гаргах эрхтэй юу? Эдгээр эрхүүд улам бүр багасч байна. Н.Багабандийн охины гэх Шинэ Жинстийн хэрэг дээр манай байгууллага явж байна.


Нэхэмжлэх эрхгүй гээд л шүүх хуралдаан хийдэггүй. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ураны хайгуул хийж байгаа, нүүрс олчихсон орд дээр цаад эзэн нь төрийн 3 өндөрлөгийн нэг гэдэг сураг дуулддаг. Үүн дээр дахиад л нэхэмжлэх эрхээс болоод хэргээ үүсгэж чадахгүй болчихсон. Гэтэл энэ талаар буюу ураны хэрэг дээр, Гацууртын орд дээр олон жил явж байсан нэг өмгөөлөгч алуулчихлаа гээд байна. Дэлхий нийтэд байгаль орчны стратегийн өмгөөлөл хийдэг өмгөөлөгчдийн эрх ашиг нэгдүгээрт яригддаг. Тэд алга болдог, учир битүүлэг шалтгаанаар амиа алддаг. Энэ жишээ манай улсад ч байна. Лицензтэй холбоотой 35 хэргийг нэхэмжлэх эрхээр нь хэрэгсэхгүй болгосон байна. Шүүхээр л шударга ёсыг тогтоолгохгүй бол өөр хандах газар байхгүй шүү дээ.


Улаанбаатарчуудын хувьд байгаль орчны асуудлыг амь насаараа мэдэрч байна. Олон төрлийн хорт хавдар үүсэх шалтгаан бидний амьдрах орчноос шалтгаалан үүсч байна. Дараа нь хүнсний асуудал байгаа. Утаанаас болоод дэлхийд байхгүй хорт хавдрийн үүсвэр бий болчихлоо. Агаар, ус, хөрс гээд гурван асуудлаас шалтгаалаад Улаанбаатарчуудын эрүүл мэндийн асуудал үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц ноцтой байдалд хүрчихлээ.


Эрх баригчид үүнийг анхаарахгүй байна. Харин хүмүүс ойлгож эхэллээ. Хорт хавдраар өвчлөөгүй айл, өрх алга боллоо. Хүүхдүүд хорт хавдартай төрж байна. Энэ мэт эхний асуудлаа шийдээгүй байж ураны асуудлыг оруулаад ирлээ. Уран дээр иргэдээр хэлэлцүүлж санал авалгүй, Францтай шууд нууц гэрээ хийгээд, ямар гэрээ хийснээ ч үндэсний аюулгүй байдал гээд нуучихсан. Байгаль орчны нөөцөөр 20-30 гэр бүл тасартлаа баяжиж, иргэд нь улан дор орсон. Өнөөдөр эрх мэдэлд шунаад байгаа хүмүүс байгалийн баялагт хугацаагүй, хуваарьгүй, хэмжээгүй эзэн суух гэж л сарын 3 сая төгрөгийн цалинтай УИХ-ын гишүүн гэдэг ажил руу улайрч байна шүү дээ. Тийм учраас бидний нэн тэргүүнд анхаарах ёстой асуудал бол байгаль орчны засаглалыг сайжруулж, байгаль орчны ардчиллыг бэхжүүлэх юм.

 


Баялгийн сан батлагдаад удаагүй байна. Энэ хуулийг та хэрхэн дүгнэж байна вэ? ШИНЭ намын зүгээс бол ихээхэн шүүмжилж байгаа шүү дээ? Үнэхээр агуулгын хувьд эрх баригчдын яриад байгаа шиг ард түмэнд байгалийн баялгийг тэгш хуваарилах хууль болж чадсан уу?

 

Маш түүхий, хангалтгүй, түргэн шуурхай баталсан. Гэхдээ муу ч гэсэн нэг хууль батлагдлаа л гэж хэлье. Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн, нийтийн өмч гэдэг өөрчлөлт оруулсан шүү дээ. Төрийн, нийтийн гэдэг дээр бүх хүн эсрэг байсан. Нийт гэж хэн юм бэ? Үүн дээр хэн ч тодорхой хариулт хэлж чадахгүй байсаар баталсан. Харин байгалийн баялгыг ард иргэдэд тэгш шударгаар хүртээнэ, стратегийн ордын дийлэнхийг ард иргэдэд оногдуулна гэдэг хоёр чухал заалт батлагдсан. Энэ хоёр заалт дээр үндэслэн Үндэсний баялгийн сангийн үзэл баримтлал бичигдсэн. Гэсэн хэдий ч хуулиа бичихдээ эсэргээр нь биччихсэн. Энэ хуулийн 12,1 заалт иргэд баялгаасаа тэгш шударгаар, дийлэнхийг нь хүртэнэ гэдгийн эсрэг заалт болсон. Юу вэ? гэхээр төрийн өмчит компанийн эзэмшлийг ард иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхийг хориглоно гэдэг заалт. Тэгвэл хэн эзэмших юм бэ? ард иргэд нь ямар замаар тэр баялгаасаа тэгш шударгаар хүртэх юм? Нэн яаралтай горимоор, давчуу хугацаанд түүхий хууль баталсан. Энэ хуулийг нэг нам үнэмлэхүй, дангаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа тохиолдолд баталж болохгүй, мөн 12,1 заалтыг хасах гэдэг шаардлага хүргүүлсэн.


Олон улсын туршлагаас харахад энэ төрлийн хуулийг зөвшилцлөөр хийдэг. Мөн дээрээс нь баялгийн бүх мэдээллүүд ил тод байх ёстой. Лицензийг хэн олгосон, гэрээ байгуулах бүх үйл явц, эцсийн өмчлөгч нь хэн бэ? гэх мэт бүгд ил тод, нээлттэй байх ёстой.


Ашиг хүртээд сууж байгаа нууц ноёнтнууд нь ил байх ёстой. Энэ бүхнийг ил болгох ёстой маш чухал хууль болох олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах тухай хуулийг батлахгүй гурван парламент дамжлаа. Хэрэв энэ хууль батлагдсан бол нүүрсний хулгай гарахгүй байлаа. Лицензийн хулгайгаар, гэрээний хулгайгаар баялгаар дамжин эрх мэдэлд хүрээд, сүүлдээ арга нь нарийсаад, том компаниудын хувь эзэмшигч болж хулгай хийдэг болсон. Үүнийг хөөгөөд явахаар схемийн төгсгөлд, эцсийн өмчлөг нь УИХ-ын гишүүд, сайд нар байж байдаг. Ерөнхийлөгч байсан хүмүүс сууж байдаг. Тэдний бүх мэдээлэл ил болох гээд байгаа учраас олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах хуулийг өнөөдрийг хүртэл батлахгүй байна. Газрын тухай хуулийг болохгүй байна гээд иргэний нийгмийн байгууллагууд шаардсаар байгаад татуулангуут таван хэсэг болгоод оруулж ирж байна. Шинэ хоршоо гэдгээр бэлчээрийн буюу хөдөөний газрыг, Х.Нямбаатарын хууль бол Нийслэлийн газрыг хулгайлах хууль болсон. Ч.Хүрэлбаатарын оруулж ирсэн хуулийн ард Монгол улсын газрыг 100 жилээр хулгайлах санаа явж байсан. Иргэний нийгмийнхэн үүнийг хоёр жил гаруй тэмцэл хийж байж татууллаа. Энэ бүхний ард байгалийн баялгийг эрх мэдэлтэй байгаа дээрээ эзэн суух гэсэн, Монгол орны баялагтай хэдэн толгойг булаацалдсан бага гарын байлдаан явж байна гэж хэлж болно. Монгол орны байгалийн баялгийг хуваарилахгүйгээр, хугацаагүйгээр, хэмжээгүйгээр эзэн суух гэсэн зорилго агуулж байна. Монгол орны байгалийн баялаг дуустал энэ тулаан үргэлжилнэ. Үүнийг зогсоох боломж ард түмэнд л бий. Тэр эрхийг нь ард түмэнд өгөх ёстой. Ард түмэн өөрсдөө хянаж, хулгайг таслан зогсоож, хэмжиж байж л баялгийн сан үнэхээр 100 хувь ард түмнийх байна. Үүний дараа л тэр сангаас бид бүгд шударгаар хүртэх боломж гарч ирнэ. Өнөөдрийн батлагдсан хуулиар тийм боломж байхгүй харагдсан. Бусад цөлмүүлсэн сан шиг л харагдаж байна. Улстөрчдийн хараа хяналт дор, төрийн мэдэлд байгаа баялгийн сан арвиждаггүй юм. Баялгийн сангийн нөхцлийг ил тод нээлттэй байдлыг хангаж, ард түмний оролцоо, хяналтыг бий болгож, хатуу хариуцлага хүлээлгэж байж л сайжруулдаг. Ингэж байж хүмүүс баялагтаа эзэн болж, үр шимийг нь хүртдэг. Дэлхийн нийтийн жишиг ийм байдаг.

 

МАН-ын дарга, Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, системийн авилгын эсрэг тэмцэж байгаа гэж ярих болсон. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?

 

Төрийн засаглал муугаас болоод Монголын улстөрийн систем дампуурчихсан. Хүмүүс тогтолцоо буруу байна, үүнийг өөрчилье гэж яриад байгаа нь зөв. Улстөрийн системийг тэжээж байдаг оролт буюу олон нийтийн шаардлага, дэмжлэг гэж бий. Систем үүн дээр ажиллаж, хувиргалт хийгээд, гаралт дээр шийдвэр гарч байдаг. Өнөөдрийн системийн авлига гэж яриад байгаа аргаар харах юм бол нөгөө гурван засаглал чинь гурвуулаа авлигажсан байна гэдгийг хэлээд байгаа юм. Хууль тогтоох байгууллага болох УИХ нь хуулиа хулгайлж авлигаждаг.


Дандаа гадны гар хөл болж, захиалгын хууль баталдаг. Улс орноо хуулиар тонодог. Гадныханд газраа 100 жилээр эзэмшүүлэх гэдэг бол хууль гаргаж, улсаа тонох гэж байсны тод жишээ. Гүйцэтгэх засаглал нь баталсан хуулийг хэрэгжүүлэх ёстой. Мөн л авлигаар гүйцэлдүүлнэ шүү дээ. 100 жилээр газар эзэмшүүлэх хуулийг Засгийн газар маш их шахсан нь энэ шүү дээ.


УИХ нь хууль тогтоох бүрэн эрхээ Засгийн газарт алдчихсан. УИХ-ын гишүүд нь хууль санаачлахаа больчихсон. Ихэнх хуулийг Засгийн газар санаачлан оруулж ирдэг болсон. Ингээд 2 дахь салаа мөчир нь авлигажсан. Нөгөө систем дотор чинь авлига нь яваад байна. Үнэхээр энэ хоёр авлигажсан бол гуравдахь засаглал нь буюу шүүх нь хариуцлага тооцох ёстой. Гэтэл тэр нь бас ажиллахгүй. Тэгэхээр системийн авлига гэдэг нь энэ хоёр гурвуулаа сиамын ихэр гэдэг шиг болчихсон. Уг нь гурвуулаа тэнцвэртэйгээр харилцан бие биеэ хянаж байх ёстой. Энэ тэнцвэр алга болчихсон. Засгийн газрын сайд нарын дийлэнх нь УИХ-ын гишүүн. Нэгнээ хянаж чадахгүй. Сонсголууд зөндөө хийгдлээ. Тэнд УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд хулгай хийсэн нь тогтоогдсон байна. Гэтэл шүүх тэднийг яагаад дуудахгүй байгаа юм бэ? дахиад л авлигажсан. Үүнийгээ өөрсдөө ч хонгилын шүүх бий болчихсон гэж хэлдэг. Ерөнхийлөгч нь өөрийнхөө хонгилыг бий болгож, тэр хонгилоороо дуртай хүнээ чирнэ. Өөрсдийгөө хамгаалж үлдэнэ. Бас нэг айхтар зүйл бол УИХ-ын гишүүний халдашгүй эрх. Энэ бол социализмын үеийн хуультай хамт үлдээж авсан зүйл. Халдашгүй эрх гэдэг бол Үндсэн хуулиар, хүний эрхийн түгээмэл тунхаглалаар хүн бүрт байдаг зүйл. Хүн төрөхдөө л төрийн дур зоргоос хамгаалагдах, халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Түүнээс биш УИХ-ын гишүүн болохоор л халдашгүй эрхтэй байдаггүй юм. УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэдэг зүйл системийн авлигыг улам томруулж, идээ бээрийг нь нэмээд байна.


Бүгдээрээ хулгайч учраас нэгнээ хамгаалж үлдээгээд байна. Ингээд гурвуулаа авлигажсан учраас өмнө дурдсан гаралт дээр гарч байгаа шийдвэр нь дандаа бүлэглэлд таатай, өөрсдийн эрх мэдлийг дархлах, баялагт эзэн суусан давуу байдлаа өв залгамжлуулан үлдээж байгаа авлигын шийдвэрүүд байна. Ийм учраас иргэний нийгэм гэж байхгүй боллоо.


Үндсэн хуулийг өөрчлөх болгондоо нөгөө төрийн гурван өндөрлөг нь өөрсдийн эрх дархаа л нэмдэг. Би шүдгүй байна, надад шүд өг гээд л. Тэр хүн соёо шүдээр яах гээд байгаа юм? Ард иргэдээ барьж идэх юм уу? Засгийн газар нь намайг хурдан огцруулаад байна, би тогтвортой баймаар байна, эрхийг минь нэмээд өг гээд л эрхээ нэмүүлчихнэ. Шүүх нь би хяналт тавьж чадахгүй байна, миний эрхийг ч бас нэм гэдэг. Төрийн эрх мэдэл нэмэгдэх тусам иргэдийг эрх, эрх чөлөө хумигддаг. Ардчилсан нийгэмд төр нь иргэдийнхээ зарц нь байх ёстой. Энэ зүй тогтол эсрэгээрээ яваад байна. Системийн авлига үнэхээр ужгирчихлаа. Системийг цэвэрлэхгүйгээр зөвхөн салаа, мөчрийг нь цэвэрлээд идээ бээр нь бүрэн гүйцэд цэвэршихгүй.

 

УИХ-ын 2024 оны сонгууль хоёр сар хүрэхгүй хугацааны дараа болох гэж байна. Сонгууль шударга явагдах магадлал байна уу?

 

Маш хэцүү. Өмнө дурьдсан хэсэг хүмүүс эрх мэдлээ дархлахын тулд өөрсдөдөө таарсан сонгуулийн системийг сонгож авсан. Найман жилийн дараа иргэд хариуцлага тооцох гээд анаад байж байсан шүү дээ. Гэтэл тойргоо томсгоод, бүсчилсэн болгочихлоо. Дээрээс нь УИХ-ын гишүүн өөрийн сонгогдсон тойрогтоо л тайлан тавих ёстой байтал хуулиа зөрчөөд сонгогдоогүй тойрог дээр яриад яваад байна. Энэ чинь давуу байдал шүү дээ.


Тэгш өрсөлдөх боломж алга. Түрүүлээд яваад өглөө. Өмнөх бүрэн эрх нь дуусаагүй байхад ажлаа хаяад, дараагийн бүрэн эрх рүүгээ яараад энд тэндгүй чуулган, уулзалт хийгээд явж байна. Төрийн маш их шагнал тарааж, амлалтууд өгч байна. Сүүлдээ хууль тогтоох эрх мэдлийг сонгуульд ашиглаж байна. Малчдад бага хүүтэй зээл өгнө гээд амлаж байна. Сонгууль аль хэзээний эхэлчихсэн.


Мөн дээрээс нь сонгуулийг ард түмэн зохион байгуулах ёстой юм. Гэтэл сонгууль зохион байгуулах комисст нь цагдаагийн дарга нь, бүртгэлийн дарга нь орчихсон байна. Юу гэсэн үг юм бэ? тэр байгууллагууд тэнд оролцох ёсгүй шүү дээ. Энд ард түмэн төрөө байгуулах гэж байна. Цагдаагийн дарга, бүртгэлийн дарга хэнд харьяалагддаг билээ? Хэний үүргийг биелүүлэх вэ? Ойлгомжтой биз дээ? Сонгогчид хэрсүү болсон байна. Өөрийн өгсөн саналаа яаж хамгаалах вэ? гэж ярьж байна. Хар машинд итгэхгүй, маш их айж байна. Миний санал алга болчихдог гээд санаа зовж байна. Яг хариуцлага тооцох гэсэн чинь ийм том тойрог хийгээд, хариуцлагаас бултаад, Хөвсгөлдөө биш, өөрийг нь мэдэхгүй Эрдэнэт, Булганы сонгогчдод гоё юм яриад явж байна. Тойрог томруулахдаа эд нар мөнгөний сонгууль хийхгүйн тулд ийм өөрчлөлт хийж байна гэсэн. Үнэхээр мөнгөгүй хүмүүс бүсчилсэн тойрог дээр 3-4 аймагт тараая гээд ч мөнгө байхгүй шүү дээ. Гэтэл сайд нар нь төсвийн мөнгийг энд тараагаад явж байна. Мөнгөгүй, шинээр орж ирж буй залуучууд, нийтийн төлөө явах шударга хүмүүс энэ удаагийн сонгуулиар гарч ирж чадахгүй.18 хоногт нэг аймаг ч тойрч чадахгүй. Өөрсдөө харин онгоцоор ниснэ.


УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг хувийн онгоцоороо нисээд явж байна. Ийм шударга бус сонгууль болох учраас шинэ, залуу хүмүүс сонгогдох магадлал маш бага. Сонгуулийн дүнд эргэлзэж байна. Үүн дээр олон нийтийн хяналт байх ёстой. Сонгогчдын саналыг хамгаалах ёстой. Хамгаалах тогтолцоо нь алга.


Дараагийн дарга хэн байхаас шалтгаалан цүнхээ барих уу? Үгүй юу? Тамгаа дарах уу? Үгүй юу? гэдэг амьдралын асуудлаа шийдэх гэсэн хүмүүсээр сонгуулийг зохион байгуулуулчихаар тэд хэний үүрэг даалгаврыг биелүүлэх вэ? Ард түмний хүссэн төрийг байгуулах уу? Эрх баригчдын эрх мэдлийг дархалж үлдээх үү? Үүгээрээ өөртөө боломж авах уу? гэдэг сонгууль болох гэж байна. Тийм учраас маш их эргэлзээтэй. Зарим нь бүр сонгуулийн дүн гарчихлаа гэж яриад байна шүү дээ. Огт өөр системээр сонгууль хийх гэж байна. Хүмүүс төөрөлдөж байна. Гэтэл саналаа хэрхэн өгөх талаар мэдлэг олгох, соён гэгээрүүлэх ажил огт хийхгүй байна. СЕХ үүнийг хийх ёстой шүү дээ. Санал өгөх өдөр сонгогчид төөрөлдөөд ороод ирэхээр нөгөөдүүл чинь ингэж дугуйлаарай, тэд дэх хүнийг шүү гээд заагаад өгнө шүү дээ. Малчдын бараг 30 хувь нь бичиг үсэггүй болчихсон байхад энэ хоёр том хүснэгт дээр яаж сонголт хийх бол гээд хүмүүс түгшиж байна. Тийм учраас надад эргэлзээ төрж байна.

 

Ирэх УИХ 126 гишүүнтэй болно. Ер нь 126 гишүүнтэй болсноор хууль тогтоох байгууллагын чадамж нэмэгдэж, батлагдан гарч буй хууль, тогтоолууд сайжрах үндэслэл бий юу?

 

Тийм үндэслэл байхгүй. Нөгөө УИХ-ын 126 гишүүн нь үг хэлэх боломжгүй байна шүү дээ. Хэрэв нам бүлэг байгуулсан бол чуулган дээр намын бүлгийн үгийг л сонсоно гэж байна. Ингэхээр нөгөө төлөөлөх чадвар сайжирч байгаа юм уу? Тийм юм бол яах гэж 126 болгосон юм бэ? иргэд 76 хулгайчаа тэжээж чадахгүй байхад юун 126 гишүүн бэ? гээд эсэргүүцэж байсан шүү дээ. Тэгэхэд 76 хүнийг авлигадах нь амархан байнаа, 126 болчихвол авлигадаж чадахгүй ээ, үүнийгээ дагаад төлөөлөх чадвар нэмэгдэнэ гэж ярьж байсан биз дээ? Бүлэг байгуулсан намын дарга л үг хэлэх нь.


Бүлэг байгуулах хэмжээний нам сонгуулиар гарч ирэх үү? Нөгөө хоёр том нам нь л бүлэг байгуулах байх. Гуравдагч хүчин бүлэг байгуулж чадахгүй. 12 ба түүнээс дээш суудал авч байж бүлэг байгуулах эрхтэй болно. Өрсөлдөх боломж нь хэт ялгаатай байгаа ийм нөхцөлд 12 гишүүнтэй болоод бүлэг байгуулаад ороод ирэх өөр нам байхгүй.


Хууль тогтоох байгууллагын чанар, чадамж сайжрахгүй ээ. Харин ч эсрэгээрээ харагдаад байна. Төлөөлөх чадвараа зүгээр механик зүйл яриад байна. Багшийн төлөөлөл, малчны төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөл, эмчийн төлөөлөл гээд. Бүх салбараас төлөөлж орж ирэх юм уу? Хаашаа юм. Гэтэл энэ чинь сонгодог парламент шүү дээ. Хэрэв 2 танхимтай байсан бол төлөөлөгчийн буюу доод танхимд нийгмийн бүх давхаргаас орж ирээд үгээ хэлж болно. Манайх шиг ганц танхимтай парламент бол мэргэшсэн байхыг шаарддаг шүү дээ. УИХ-ын гишүүд чинь хууль бичиж, санаачлан оруулж ирэх ёстой. Бусдынхаа санаачилсан хуулийг хэлэлцэж, ард түмний амьдралд ойр, хэрэгжих боломжтой хуулийг батлах ёстой шүү дээ. Баталсан хуулийнхаа хэрэгжилтийг хянаж, шалгах ёстой.


Нийгмийн бүх төлөөлөл сууснаар хууль тогтоох байгууллагын чадамж сайжирчихдаг юм биш шүү дээ. Ингэж механик зүйл яриад, иргэдийн толгой угаахаа больмоор байгаа юм. Үүнийг судалдаг, багш хүний хувьд богино хугацаанд үг хэлээд яаж сайн хууль гарах юм бэ? гэдгийг үнэхээр гайхаж байна. Чанартай хууль гаргах гэж байгаа бол олон хоног хэлэлцэх ёстой.


76 толгойноос 126 толгой илүү гэж тоогоо нэмсэн юм бол тэр 126 гишүүнийхээ бүгдийнх нь үгийг авч байж, толгойг нь ажиллуулж байж хуулийн чанар сайжирна биз дээ гэж хэлмээр байна. Түүнээс биш нийгмийн бүх төлөөллийг оруулна гэдэг идеалист, утопи зүйл байж болохгүй. Хэрэв тэгвэл хэдэн азаргатай л болно. Дээр үед бас тэгдэг байсан шүү дээ. Хэдхэн хүн азаргалаад, би л мэддэг гээд кноп даруулдаг руугаа л явна. Ингээд өнөөдөр хууль тогтоох эрх мэдлээ Засгийн газарт алдчихсан байгаа УИХ-ын чадамж бүр муудна. Нийт ард түмний эрх ашгийг хамгаалах гэдэг УИХ-ын гишүүний тангараг ч талаар болно гэж харж байна. Эхлээд сонгуулийн тойргоо жижиг мажоритар гэж байсан шүү дээ. Тэр үед бол шууд ардчиллын механизм илүү хүчтэй байх байлаа. Чамайг сонгосон хүмүүс хариуцлага нэхээд, ядаж л гишүүнээ таньдаг байлаа. Томсгосон мажоритар болох үед танихаа больчихсон. Одоо 3-4 аймаг төлөөлөөд ирэхээр бүр мэдэхээ болино. Яагаад ингэж байна вэ? гэхээр эрх баригчид өөрсдөө хариуцлагаас зугтааж байгаа юм. Тэгээд сонгогчид сонголтоо хийхдээ танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр гэдэг бодол дээр тулгуурлаж байна. Албаар ийм сонголт руу түлхэж байна. Тэр том жагсаалт дээр шинэ намуудаас танихгүй бурхад орж ирнэ. Тэгэнгүүт таньдаг чөтгөр авлигачин намайг зурж л таарна гэж тооцож ийм схем хийсэн байхгүй юу. Тийм учраас ард иргэдэд хандаж, чиний таньдаг чөтгөрөөс танихгүй бурхан нь дээр шүү гэдэг эсрэг сонголт хийгээрэй гэж хэлмээр байна. Тэгвэл зөв болно шүү гэж уриалмаар байна. Ингэж байж бид авлигачдаас, хуулийн хулгайчдаас сална шүү. Тэгж байж л нөгөө системийн авлигыг багасгана шүү.




Ярилцсан М.Чойжал