sonin.mn
Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа 20 дахь сар руугаа орж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс америкийн The Wall Street Journal сэтгүүл, ОХУ-ын Төрийн Думын депутат асан, Самар хотын дэд дарга асан, хүний эрхийн төлөө тэмцэгч Марк Фейгиний ярьснаас орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
 
Нэг жил 8 сар байлдаж байна. Ямар дүгнэлт хийх вэ? Владимир Зеленский:–Бидэнд бууж өгөх эрх байхгүй. Дайн зогсонги байдалд ороогүй. Бид цэргээ хайрлаж байна. Оросууд шиг цэргээ нядалгаанд явуулж чадахгүй. Орос тэнгэрт давамгайлж байна. Гарц нь юу вэ гэхлээр F-16 дээр бэлтгэгдсэн манай нисгэгчид ирэхийг бид хүлээнэ. Тэд ирнэ, бид давших болно! В.Зеленский 100 метрийн гүйлттэй дайнаа зүйрлэж, 100 метрийн 70 метрийг гүйчихсэн, одоо 30 метр үлдсэн, гэхдээ хамгийн хүнд үе өмнө маань байна гэжээ.
 
Цэргийн шинжлэх ухаан ингэж үзжээ:–Үнэн хэрэгтээ Орос аль хэдийнэ ялагдсан. Цэргийн шинжлэх ухаанд зааснаар, 1) Стратегийн ганц ч ялалтгүйгээр, дээрээс нь ийм их хохиролтойгоор улайран байлдаж, шувтан давшиж, тэгэхдээ давших тоолондоо бутцохиулан байршилдаа буцаж ирж байгаа нь ялагдал мөн. 2) Орос цэргийн байлдах ур чадвар, байлдааны дүрэм, тактик, командлах арга барил цаг үеэсээ дэндүү хоцрогдсон нь харагдав. 3) Ар талд нь Орос эх орон нь дэлхийн түүхэнд хамгийн их хоригт орсон, асар том хэрнээ түгжигдсэн, ганцаардсан, буланд шахагдсан шархтай том араатан шиг улс болжээ. 4) “Россия” гэдэг нэр “террорист” гэдэгтэй адил ойлгогддог болсон. 5) Оросын технологи, зэвсэглэл хог гэдэг нь ил болов. 6) Эдийн засаг, санхүү, худалдаа, бусад бүх талаараа Хятадын атганд оров. Дүгнэж үзэхэд аугаа их Орос жижигхэн хөрш Украиндаа түрэмгий дайн хийгээд ийм болов. Үүнийг ЯЛАЛТ гэх үү гэсэн асуулт цэргийн шинжээчид, оросын зарим суртал нэвтрүүлэгчид тавьж байна. 
 
Украин дахь Оросын цэргийн авантюр 310 мянган орос цэргийн амь залгиж, байлдааны нэн хэрэгцээт 13 000 техникийг сэг үнс хог болгожээ. Энэ эрчээрээ хүнд техникүүдээ гарздаад байвал жилийн дараа гэхэд Оросын зэвсэгт хүчин их буу артиллергүй болно. Нийт 20 сарын шуурган байлдааны дараа маршал Сергей Шойгу цэргийн заводуудаараа явж ирээд сөнөөлгөсөн 13 000 техникээ орлуулах зүйлгүй, зэвсэглэлийн үйлдвэрлэлийн нөөцгүй болсноо гэнэт мэдэж, ҮАБЗ-ийн орлогч дарга Дмитрий Медведевт хандахад цаадхи нь гособоронзаказ (зэвсэг үйлдвэрлэх улсын захиалга) саатуулбал сталины арга барилаар хатуу шийтгэнэ, мөн нэгэнтээ гадаад орнуудад өмнө нь худалдсан зэвсэг техникийн эд ангиудыг эргүүлж буцааж ав гэсэн шахуу үүрэг өгчээ.
 
Одоогийн байдлаар Оросоос зэвсэг техник худалдан аваад зэвсэглэлдээ оруулчихсан байгаа Пакистан, Египет, Беларусь, Бразилаас зэвсэглэлийн эд ангиудаа авахаар шавдуулж байна.  Америкийн WSJ сэтгүүлд бичсэнээр, Орос нь Пакистан, Бразил, Беларусиас цохилтын ба тээврийн нисдэг тэрэгний хөдөлгүүр буцааж худалдан авахаар цэргийн төлөөлөгчдөө илгээжээ.Пакистаны армийн зэвсэглэлд байгаа Ми-35М маркийн нисдэг 4 тэрэгний хөдөлгүүр эхний ээлжинд, цаашаа нэмж 12-ыг авах төлөвтэй байна. Бразилтай 2008 онд 12 нисдэг тэрэгний контракт $150-аар байгуулсан, оросууд үйлчилгээ үзүүлнэ гээд хүлээлгэж байгаа, тиймээс тэр чигт нь наймаа буцаж мэдэх юм. Пакистаны ГХЯ нь дээрхи мэдээг няцаасан, харин Бразил нь мөргөлдөгч хоёр талын алыных нь ч талд орохгүй учраас Орост нисдэг тэргүүдийг буцааж өгөхгүй гэсэн мэдэгдэл хийгээд байна. Харин Беларусь Орост Ми-26 нисдэг тэрэгний 6 хөдөлгүүр буцаан зарсан, цаашдаа ч худалдах талаар идэвхтэй хэлэлцээ хийж байна. Дээр үед Египeт рүү зарсан Ми-8, Ми-17 нисдэг тэрэгний хэдэн зуун хөдөлгүүрийг буцааж авах хүсэлт тавиад хүлээж байна. Өнгөрсөн 4 дүгээр сард оросын зэвсгийн төлөөлөгчид тус улсын Ерөнхийлөгч Абдул-Фаттах Ас-Сисид бараалхаж, хүсэлтээ уламжлахдаа АНУ-д мэдэгдэлгүйгээр тун шуурхай нууцаар наймаалцая гэснийг нь египетчүүд хэвлэлд задруулжээ.
 
Оросын банкуудад хориг тавьсны дараа зэвсгийн наймааны мөнгө Орос руу шилжүүлэх осолтой, найдваргүй болж, “дараа төлбөрт зэвсэг” Оросоос хил даван одсон түүх үлгэр шиг хөвөрнө. Орос ч мөнгө төлж буцааж авах тухай ярихад эрт байна. Беларусиас бусад нь Оростой бэлэн мөнгөөр наймаа хийх эрхгүй. Давхар санкцдуулна. Иймд Оросоос үр тариа экспортлон, түүнийгээ даян дэлхийг өлслөнгөөс аврах гэсэн хүмүүнлэгийн шошготой болгож, хариуд нь хуучин шинэ зэвсэг, хөдөлгүүр, зэвсгийн чиипээ авахаар оросууд сэтгэжээ. Удахгүй 12 дугаар сараас эхлэн Египетээс нисдэг тэрэгний 150 хөдөлгүүр Орос руу цувах баримжаа тов зарлагдсан. Нисдэг тэрэгнийхээ хөдөлгүүрийг Орос үйлдвэрлэж чадахгүй болсон зураглал буухаар байна. 
 
WSJ сэтгүүлд Оросын зовлонг ингэж тайлбарлажээ. Оросын агаарын ба сансрын цэргийн бахархал болдог байлдааны нисдэг тэрэгэний парк үлэмж сүйдсэн, эрс хорогдсон, жишээ нь Ми-8, цохилтын Ми-35М, цохилтын Ка-52 Аллигатор, цэргийн тээврийн нисдэг тэргээ маш ихээр алдсан. Оросууд өөрсөддөө мэдээлж байгаагаар 132 вертолетоо алдсаны 102-ыг агаарт сөнөөлгөсөн, 28 нь эргэж ашиглах аргагүй гэмтсэн, 2-ыг нь украинчууд булаагаад авч одсон гэх боловч Украины Жанжин штабын мэдээгээр оросын вертолетны хохирол 330 руу дөхөж явна.  
 
 
 
ОХУ-ын эрх баригчид фронт дээр ч, улс орныхоо дотоодод ч нөхцөл байдлыг хяналтнаасаа алдахад тун ойрхон байна. Октябрийн баяраар баахан эхчүүд, эхнэрүүд Москва хотын төвд Их театрын талбайд улаан тугтай, баахан цаасан лоозонтой гэнэт жагсав. Тэд нөхөр хөвгүүдээ фронтоос татуулах шаардлага бүхий жагсаал хийж эсэргүүцлээ ил илэрхийлэн, Путинээ муулсан ярилцлага өгцгөөж байв. “Хойтон сонгогдоно гэж гонж. Путин их муу хүн” хэмээн залуу бүсгүй ярьсан бичлэг сайтуудад байна. Өөр хачин хачин мэдээ тасрахгүй.   
 
 
Крымд дайчлагдсан мобикууд хурандаагаа үхтэл нь зодож зугтаажээ. Херсонд цэргээс оргох явдал маш их байна. Шоронгуудаас Вагнер биш, бүр БХЯ нь цэрэг татдаг болов. Хүн амины хэрэгтэй ялтнуудыг Путины зарлигаар уучлан ялаас мулталж, фронт руу илгээнэ, тэнд мах цусаараа гэмт хэргээ цайруулах хэрэгтэй хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков хэнэг ч үгүй ярина. Инфляцыг тогтоон барьж чадахгүй, хяналтнаасаа алдсан гэдгийг Төв Банкны дарга Э.Набиуллина хүлээн зөвшөөрсөн хэвлэлийн хурал хийнэ. Оросын хотуудад эзэн хариуцагчгүй гэнэтийн гал түймэр цэргийн ба химийн үйлдвэрүүдэд үргэлжилнэ. Украины дроны халдлага хаана л бол хаана сад тавихад бэлхэн. Оростоо маш халгаатай байж мэдэх, алслагдсан бага жижиг үндэстнүүдийг бослогод уриалж мэдэх “Сибирийн батальон” Украинд байгуулагдаж, якут, буриад эрс олноороо элсчээ. Тэдний талд оргож очих орос залуусын нэрс эхнээсээ тодорно. 
 
Дагестанд еврейчүүдийг ангуучлах өдөөн хатгалга хэн сэдэв гэдэгт хоёр хариулт байна. Кремлийн албан ёсны версиэр бол украины тусгай алба АНУ, НАТО-гийн заавраар бандерчуудыг дагестан-мусульман болгож жүжиглүүлсэн, харин оросын сөрөг хүчний нотлож байгаагаар ФСБ энэ ажиллагааг гайхамшигтай зохиож байгуулжээ гэв. Украины эсрэг дайны ид өрнөлтийн үед ХАМАС Израиль руу гэнэт халдаж, дэлхий дахины анхаарлыг Ойрхи Дорнод руу хандуулсан тэрхэн мөчийг Орос овжноор ашиглаж, Дагестанд еврейчүүдийг ангуучлах өдөөн хатгалга дэвэргэсэн нь ирээдүйд Израиль ба Украины харилцааг бусниах гэсэн далдын зорилгоос нь үүдэлтэй хэмээн Марк Фейгин үзжээ.
 
Даян дэлхийг түгшүүлсэн хөндүүр сэдэв бол яах аргагүй Израилиас ХАМАС-тай хийж байгаа энэ дайн билээ. Харин Дагестанд еврейчүүдийг ангуучлахаар аэропорт руу халдаж түйвээсэн нь ямар үр дагавартай юм бэ? “10 дугаар сарын 7-ны үйл явдал” бол яахын аргагүй террорист акт. Энгийн иргэдийг алж талсныхаа төлөө ХАМАС хариуцлага хүлээх ёстой. Москвагаас маш урт том гар энд оролцоод явж байна. ХАМАС-ын ард Москва зогсож байна гэсэнд нь би дүгнэлт өгөхгүй, яг үнэн үү гэдэг нь хэнд ч тодорхой биш байна. Харин барууны хэвлэлд энэ тухай ид бичиж байна. ХАМАС-ыг Орос хоёр жил бэлтгэсэн, Москва руу ХАМАС-ын төлөөлөгчид байнга цувдаг, өндөр түвшинд тэднийг хүлээн авдаг, С.Лавров тэдэнтэй уулздаг, тийм учраас “10 дугаар сарын 7-ны үйл явдал”-ын төлөвлөгөөг Москвад огт мэдээгүй байна гэдэгт ямар ч тэнэг итгэхээргүй болжээ.
 
Энэ сэдвийг Москвад маш овжноор шүүрэн авч, НҮБ-ын түвшинд тогтоолыг гуйвуулж, тэгснээрээ  ХАМАС-т дэмжлэг үзүүлэв. Еврейн эсрэг антисемит энэхүү үзэл бодлыг Орост дэвэргэв. Дагестанд салафит бүлгүүд өдөөн хатгалга үйлдэв. Уурсаж хорссон залуус зочид буудал руу халдлаа, тэндээсээ бөөн хүч бол нэгдээд аэропорт руу дайрлаа. Нислэгийн талбайг эзлэн авлаа, еврейчүүдийг хайлаа. Харин олдсонгүй. Юу ч болсонгүй. Гэхдээ тэднийг хэн ч саатуулж зогсоосонгүй, Росгварди ба армийн зүгээс ямар ч арга хэмжээ авсангүй, үйл явдал хаашаа эргэж байгаа нь ч тодорхой боллоо. Аэропортыг түйвээж байгаа нь гар утсанд бүрэн бичигдлээ. ФСБ тэнд нь давхар ажиллаж, бичлэг хийж, бүгдийг нь баримтжууллаа. Дараа нь Путин Дагестаны хүчнийхэнтэй зөвлөлдлөө. Тэнд юу болж өнгөрснийг дүгнэж ярилцлаа. Одоо ингээд нөгөө салафитуудаа барьж хорих боллоо. Путин тэднийг өдөөн турхирчихаад гэнэт еврейчүүдийн хамгаалагч болчихов. 
 
 
Украины холбоотон болчихсон АНУ, Европыг Ойрхи Дорнод руу хандуулаад хэрэв Израилийг их дэмжээд байвал Европ чинь Дагестаны адил болно, Лондон, Парисд жагсаал цуглаан тасрахаа болино, Европ даяар еврейчүүдийг ангуучилна, түйвээнэ, еврейчүүдийг алж устгахыг Европын төвд үй түмэн хүн уриална, Украинд өдүүлсэн Оросын дайны хариуцлагыг нэхэх манатай юм болно, Европ мусульманчуудын хөлд дарагдан үймнэ, энэ бүхэн маш логиктой, улс төрийн, цаг үед нь тохирсон алхам юм биш үү, Кремлийн хувьд? 
 
Энэ түймрийг амжиж унтраахгүй бол хяналтаас алдагдах дараагийн зохиомж бэлэн байна. Дагестан дахь еврейн эсрэг үймээн Умард Кавказыг бүхэлд нь бүчин авах зохиомж. Кремлийн хувьд Сири дэх мусульманчууд юу боллоо, туршлага сургамж бий. Сирид Оросын арми суннит-мусульманчуудыг хайрлахгүй хядаж өгсөн, Асадыг дэмжсэн, тэгснээрээ шиитүүдийн талд орж, хамтран мусульманчуудыг устгасан туршлага бий. Харин яг одоо Дагестаны салафитуудыг ФСБ ангуучилж байхад Кадыров огт эсэргүүцэхгүй байгаа нь илт ажиглагдаж байна, энэ чинь ОХУ-ыг задлах исламын тэсрэх бөмбөг юм биш үү  хэмээн оросын цагдаагаас эрэн сурвалжлагдаж буй М.Фейгин бичжээ. 
 
Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь