sonin.mn

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой 2024 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлууд болон Үндэсний баялгийн санг тойрч ярилцлаа. Тэрбээр Үндэсний баялгийн сангийн нэг Хуримтлалын сангийн орлогыг төвлөрүүлэгч тус нэгдэл ирэх жилүүдэд ямар стратегиар, хэрхэн ажиллахыг тоймлолоо.


-2024 он улирч, 2025 он гарах гэж байна. Шинэ оны босгон дээр Та нэгдлийнхээ энэ оны хамгийн чухал амжилтуудаас дурдвал?


-“Эрдэнэс Монгол” нэгдэл Засгийн газрын манлайлал дор компанийн засаглал, үр ашиг, үйлдвэрлэл, санхүүгийн нэгдмэл удирдлагын тогтолцоотой боллоо. Нэгдлийн бүрэлдэхүүний зарим компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг татан буулгаж, улмаар хараат бус гишүүдийн тоог 30% байсныг 49% болгож нэмэгдүүлэх зэргээр компанийн засаглалыг олон улсын сайн жишигт нийцүүлэх ажлууд хийгдсэн. Ингэхдээ сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй явуулж, мэргэжил туршлага болон ур чадвартай мэргэжлийн ТУЗ бүрдүүлэхийг хичээн ажиллаж байна. Мөн удаан хугацаанд үр дүн гаргаагүй хоёр төслийн нэгж, үр ашиггүй ажиллаж байгаа зургаан компанийг татан буулгаж, хоёр компанийг нэгтгэсэн. Хамгийн чухал нь, бид юуны төлөө оршин тогтнож, ямар бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлж, хаана очих вэ гэдэг хүрэх цэгээ тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, 2024-2028 онд хэрэгжүүлэх дунд хугацааны стратегиа шинээр тодорхойлон батлуулж, хэрэгжүүлж эхэлсэн нь бид бүхний онцлох том ажил юм. Энэхүү стратегиа хэрэгжүүлж тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бүрэлдэхүүний компаниуд, хувьцаа эзэмшигч болон салбарын экспертүүдтэй нэгдсэн ойлголцолд хүрч, хамтдаа урагшлахаар болсон нь хамгийн эхний алхам юм. Нэгдлийн дунд хугацааны стратеги маань үндсэндээ дөрвөн зорилт дэвшүүлж байгаа. Нэгдүгээрт, ирээдүйн бизнесийн өсөлт, төрөлжилтийг оновчтой бүрдүүлэх. Чингэхдээ нөөц баялгаа тогтвортой нэмэгдүүлэх, өөрийн эзэмшлийн 6 стратегийн ордоо түшиглэж аж үйлдвэрийн үндсэн түүхий эд үйлдвэрлэх цогцолборуудыг үйлдвэрлэл, технологийн парк (ҮТП)-н загвараар барьж байгуулах, ингэснээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг түүхий эд, эрчим хүч, ус хангамж, тээвэр логистикийн дэд бүтцээр найдвартай хангах. Хоёрдугаарт, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, үргүй зардлыг бууруулах замаар үйл ажиллагааны тогтвортой өсөлтөө хадгалах. Гуравдугаарт, стратегид тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх болон үйл ажиллагааны тогтвортой өсөлтийг хангах эрчим хүч, ус хангамж, тээвэр логистикийн дэд бүтцийг бий болгох. Дөрөвдүгээрт, сайн засаглал, хариуцлагатай уул уурхайн олон улсын зарчмуудыг нэгдлийн бүрэлдэхүүний компаниудын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх зэрэг юм.


-Төрийн өмчит уул уурхайн компаниуд нэгдсэн удирдлагатай болоод санхүү болон үр ашгийн хувьд хэр зэрэг өөрчлөлт гарч байгаа вэ? Үүнийг илтгэх тоо баримтаас хуваалцана уу? 


-Бид 2024 оныг “Хэрэгжилт – үр дүн” хэмээн зарлан чамгүй олон ажил амжууллаа. Та санхүү болон үйлдвэрлэлийн үзүүлэлтийг сонирхоод байх шиг байна. Санхүүгийн үзүүлэлтийн тухайд, намайг ажил авахаас өмнө буюу 2022 онд нэгдлийн хэмжээнд борлуулалтын орлого 4.1, цэвэр ашиг 1.2, татвар төлөлт 2.3 их наяд төгрөг байсан бол 2023 онд энэ бүх үзүүлэлт 2-3.6 дахин өсөж, борлуулалтын орлого 14.9, цэвэр ашиг 4.5, татвар төлөлт 4.4 их наяд төгрөг болж түүхэн амжилт үзүүлсэн. Мөн нэгдлийн хэмжээнд 200 орчим тэрбум төгрөг, толгой компанийн АХБ-аас авсан 32 тэрбум төгрөгийн арилжааны зээлийг бүрэн төлж барагдууллаа. Эдгээр өсөлтийн үзүүлэлт 2024 онд ч үргэлжилж гуравдугаар улирлын байдлаар нэгдлийн борлуулалтын орлого 17.4, цэвэр ашиг 5.4, татвар төлөлт 4.6 их наяд төгрөг болж, 2023 оны үзүүлэлтээс даваад байна. 2024 оны эцсийн нэгдсэн дүнгээр үзүүлэлт үүнээс нилээд нэмэгдэж гарна. Ийм итгэлтэй хэлж байгаа цаад учир нь нэгдлийн хэмжээнд удирдлагын манлайлал хэрэгжиж эхэлснээр үйлдвэрлэл, борлуулалтыг ил тод нээлттэй болгож, бүтээгдэхүүний арилжааг биржээр хийснээр ийнхүү бүх түвшинд үзүүлэлт эрс сайжирч байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр, шуудхан хэлэхэд өмнө нь тодорхой хэмжээний үр ашиггүй байдал, манлайлалын дутагдал зэрэг асуудлууд байжээ гэж бас харж болно. Бид цаашдаа ч нэгдлийнхээ ил тод байдлыг сайжруулах ажлуудаа шат дараатай үргэлжлүүлээд явна.


-Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг санаачлан батлуулсан хүний хувьд үр дүнг нь одоо хэрхэн харж байна вэ? 


-Ковид-19 цар тахал, төрийн өмчийн уул, уурхайн компаниудын үйл ажиллагааны доголдол зэргээс болж 2022 онд улсын гадаад валютын албан нөөц (ГВАН) багасаж, төгрөгийн ханш суларч, иргэн аж ахуйн нэгжүүд гадаад төлбөр тооцоогоо хийхэд ноцтой хүндрэл бий болсон нь 362 дугаар тогтоолыг гаргах урьдач нөхцөл нь болсон л доо. Ингээд миний бие төрийн өмчит уул уурхайн компаниудад цогц өөрчлөлт, шинэчлэл хийж, экспортыг эрчимжүүлж, ГВАН-ийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлэх багц арга хэмжээний саналыг боловсруулж Засгийн газарт танилцуулснаар уг тогтоол гарсан. Гэхдээ эргээд тогтоолын биелэлтийг хариуцан гүйцэтгэх хүн нь би өөрөө болж, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаад яг 2 жил боллоо. Хамгийн эхний даалгавар бол улсын ГВАН-ийг нэмэгдүүлэх, экспортыг эрчимжүүлэх байв. Бид экспортыг эрчимжүүлж, биржийн арилжаанд шилжин, тодорхой менежмент хэрэгжүүлсний дүнд 2022 онд 2.1 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байсан манай улс 2023 онд 3.4, 2024 оны аравдугаар сарын 31-ний сарын байдлаар 3.6 тэрбум ам.долларыг Монголбанканд төвлөрүүлж, “Эрдэнэс Монгол” нэгдэл ГВАН-ийн 77%-ийг дангаараа бүрдүүлэн ажиллаж байна.


-Эрдэс баялгийн нөөцөө нэмэгдүүлэхэд хийсэн гол ажлууд юу вэ? 


-“Эрдэнэс Монгол” нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөний Бизнесийн өсөлтийг чухалчлан, нэгдлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлж эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх, нөөцийн тайланг олон улсын стандартад нийцүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд олон жил яригдаад огт хөдлөөгүй Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум, Алтайн хязгаарын хилийн бүсэд орших стратегийн ач холбогдол бүхий Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах Засгийн газрын даалгавраар энэ онд тус ордод хүрэх дэд бүтэц, зам харгуйг сэргээн засварлах, хэвтээ зургаан амыг нээх, тэдгээр амны гурван хэмжээст зураглалыг хийх, гадаргын байр зүйн зураглал гаргах, олон улсын нөөц баялгийн ангилал болох JORC стандартад нийцүүлэх зэрэг ажлыг төлөвлөгөө гарган гүйцэтгэлээ. Мөн Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордын нөөцийг JORC стандартад нийцүүлэх эхний үе шатны ажил болох 9086 тууш метр өрөмдлөг болон бусад холбогдох судалгаа, шинжилгээний ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн. Хоёрдугаар шатны буюу хайгуулын ажлыг ирэх онуудад хийснээр ордын нөөц бүрэн утгаараа олон улсын нөөц баялгийн ангилалд нийцэх юм. Багануурын хүрэн нүүрсний ордын хувьд, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талбайд ногдох 419 сая.тн нөөцийг улсын “Эрдэнэсийн сан”-д бүртгүүллээ. Мөн нэгдлийн бүрэлдэхүүн дэх стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний ордын нөөцийг 8.3 тэрбум.тн болгон нэмэгдүүлсэн. Харин Төмөртэйн төмрийн хүдрийн орд газарт олон улсын стандартын дагуу хайгуул хийж, 131.3 сая.тн нөөцийг шинэчлэн тогтоож, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд бүртгүүлэхээр ажиллаж байна.


-Засгийн газраас “Эрдэнэс Монгол” нэгдлийн дараагийн реформыг дэмжсэн. Хоёр дахь шатны реформ юунд чиглэх вэ? 


-Засгийн газраас бидний өнгөрсөн 2 жилийн хугацааны ажлыг сайн гэж дүгнэн дараагийн шатны реформыг дэмжсэн. Хэдийгээр дараагийн шатны гэж байгаа ч өнгөрсөн хоёр жилд хийсэн бодлогын ажлууд үргэлжлээд явна гэсэн үг. Аливаа ажил шат ахиж, үр дүн, үр ашиг үзүүлж байвал энэ нь зөв явж байгаагийн илрэл. “Эрдэнэс Монгол” нэгдлийн эрхэм зорилго бол нэгдлийн компаниудаа нэгдсэн стратегиар манлайлан удирдаж, эрдэс баялгийн үнэ цэнийг нэмэгдүүлж, өнөө болон ирээдүйд өгөөж хүртэх тогтолцоог бүрдүүлэх явдал юм. Энэ ч утгаараа эгнээдээ 31 хуулийн этгээдийг нэгтгэсэн манай нэгдэл өндөр хариуцлагатай ажиллаж, ард түмний эрдэс баялгаасаа хүртэх өгөөжийг тасралтгүй өсөн нэмэгдүүлэх үүрэг хариуцлагыг нуруундаа үүрээд явдаг. Тиймээс нэгдлийн дараагийн шатны реформ нь Үндэсний баялгийн сан (ҮБС)-г бүрдүүлэхэд чиглэх юм. Тодруулбал, стратегийн ордуудын төрд ногдох 34%-ийн өгөөжийг ҮБС-ийн нэг хэсэг болох Хуримтлалын сангаар дамжуулан иргэдийн орон сууц, эрүүл мэнд, боловсролд зарцуулах замаар байгалийн баялгийн өгөөжийг эздэд нь буюу монголын ард түмэнд хүртээнэ гэсэн үг. Зөвхөн 2024 онд гэхэд нэгдлийн зургаан компаниас Хуримтлалын санд 500 тэрбум төгрөг төвлөрүүлж, 10 мянган иргэний ипотекийн эх үүсвэрийг бүрдүүлсэн. Энэ мэтчилэн цаашид бид энэ санг “баян” байлгахын төлөө ажиллах юм.


-1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг дахиад хэзээ хуваарилах вэ? 


-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэгж хувьцаанд 2022 оны цэвэр ашгаас 108.7 төгрөг, 2023 оны цэвэр ашгаас 266 төгрөгийн ногдол ашиг хуваарилсан. Мөн 2012 оны 04 дүгээр сараас хойш төрсөн Монгол Улсын 900 мянган иргэнд шинээр 1072 хувьцаа эзэмшүүлэх шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн хувьцаанаас хуваариллаа. Ингэснээр Монгол Улсын нийт 3.4 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшиж байна. Ирэх онд хувьцааны ногдол ашиг хуваарилах эсэхийг хуульд заасны дагуу тус компанийн ТУЗ санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн хугацаанд хуралдаж шийдвэрлэнэ. Дашрамд хэлэхэд, ЭТТ бондын 2024 онд төлөх 337.6 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК өөрсдийн эх үүсвэрээр бүрэн төлж дуусгасан.


-Хамтарсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай танай стратеги хэрхэн уялдаж байгаа вэ? 


-Шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдаж, улс төрийн шинэ нөхцөл байдал үүссэн ч гэсэн нэгдлийн хувьд залгамж чанар хадгалагдаж байгаа. Манай талаар баримтлах Засгийн газрын бодлого үйл ажиллагаанд зарчмын хувьд гойд өөрчлөлт ороогүй. ЭЗХЯ, АҮЭБЯ зэрэг оролцогч талд бодлого стратеги, үйл ажиллагаагаа танилцуулахад зөв чиглэлд явж байна гэсэн. Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн долоог бид стратегидаа тусгасан байсан. Өөрөөр хэлбэл, нийт Монгол Улсын, ард иргэдийн, салбарын эрх ашгийг төрийн өмчит компанийн байр сууринаас тодорхойлж чадсан учраас манай стратеги дэмжлэг авч байгаа гэж ойлгох хэрэгтэй. Стратеги маань нэг талаасаа бизнесийн өсөлт дэвшлээ хангах зорилтттой, нөгөө талаас Монгол Улсын төрийн бодлогын хэрэгжилттэй нийцэж байна.


-“Эрдэнэс Монгол”-д хамаарч байгаа тэрхүү долоон төсөл ямар явцтай байна вэ? 


-Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар ҮТП-ийн байршлыг баталлаа. Түүхий эдийн зах зээлийн үнээс шууд хамааралтай эдийн засгаас мэдлэг, нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэр суурьтай эдийн засгийн тулгуур болсон ҮТП-уудын төслийн явц маш сайн байгаа. Тухайлбал, Эрдэнэтийн-Овоо зэс, молибдений ордыг түшиглэн байгуулах “Зэс боловсруулах цогцолбор”-ын дэд бүтэц 90 гаруй хувьтай байна. Авто зам барих ажил 45%, төмөр замын ажил 91%, ус хангамж, ариутгах татуургын системийн бүтээн байгуулалт 76%-ийн гүйцэтгэлтэй байна. “Зэс боловсруулах цогцолбор”-ыг 2028 онд ашиглалтад оруулж, катодын зэс, ферромолибден үйлдвэрлэхээр ажиллаж байна. Мөн “Кокс химийн цогцолбор”-ын хүрээнд Тавантолгойд 10 сая.тн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орсон. Газрын тос боловсруулах цогцолборыг түүхий эдээр тасралтгүй хангах 530 км газрын тос дамжуулах хоолойн төсөл 81%-ийн гүйцэтгэлтэй байгаа бол “Нүүрс-химийн цогцолбор”, “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-уудын хувьд паркийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулаад байгаа.


- Монгол, Францын ураны төслийн явцын талаар мэдээлэл өгөөч? 


-УИХ-аар Цөмийн энергийн тухай хууль болон дагалдах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэснээр Монгол Улс цацраг идэвхт ашигт малтмалаа эдийн засгийн эргэлтэд оруулах хууль эрх зүйн орчин бүрдлээ. Одоогоор “Орано майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээний явц 50-иас дээш хувьтай байна. Ямартаа ч хууль эрх зүйн орчин бүрдсэнээр төрийн эзэмшлийн 34 хувийг давуу эрхийн 10 хувийн хувьцаа болгож, суурь, тусгай болон өсөн нэмэгдэх гэсэн 3 төрлийн АМНАТ-ыг тооцож баялгийн өгөөжөө хүртэх өөрчлөлтүүдийг хуульд тусгалаа. Монголын тал 10%-ийн давуу эрхийн хувьцаатай болсноор төслийн хөрөнгө оруулалтад ямар нэг санхүүгийн хариуцлага хүлээхгүй. Суурь АМНАТ 5 хувь, тусгай АМНАТ 5 хувь, дээрээс нь өсөн нэмэгдэх АМНАТ-ыг үнийн түвшнээс хамааруулан тооцож авах ба нийт 19 хүртэлх хувийн АМНАТ авах юм. Хөрөнгө оруулагч талтай байгуулах гэрээний төсөл боловсруулах чиг үүрэг бүхий дэд ажлын хэсгүүдийг 6 яамны сайд нар ахалж ажиллаж байгаа. Дэд ажлын хэсгүүдэд эксперт, эрдэмтэд, иргэний нийгэм, төрийн байгууллагын төлөөлөл гээд 90 гаруй хүн ажиллаж байна. Одоогоор гэрээний төслийг хөрөнгө оруулагч талд хүргүүлэн, гэрээний зүйл заалт бүрээр нь тохиролцоод явж байгаа.


-Ярилцсанд баярлалаа.