ЛОНДОН. /TASS/. Оксфордын их сургуультай хамтран коронавирусний вакцин бүтээж байгаа Их Британи-Шведийн эмийн үйлдвэрийн “AstraZeneca” компани зарим шинжээч вакциных нь үр дүнд эргэлзэж байгаатай холбогдуулан нэмэлт судалгаа явуулахаар болжээ. Энэ тухай тус компанийн гүйцэтгэх захирал Паскаль Сорио “Bloomberg” агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
 
 
 
Оксфордын их сургуулийн вакцины эмнэлзүйн туршилтын урьдчилсан дүнг өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт танилцуулсан юм. Их Британи, Бразил улсуудад явуулсан туршилтуудад 20 мянган хүн оролцсон бөгөөд вакцин дунджаар 70 хувийн үр дүн үзүүлжээ. Туршилтын үеэр вакциныг их тунгаар нэг сарын зөрүүтэй хоёр удаа хийхэд халдвараас хамгаалах түвшин 62 хувь байсан байна. Судалгаанд оролцсон хүмүүст эхлээд бага тунгаар, дараа нь хоёр дахь тарилгаар тунг ихэсгэх үед вакцины үр нөлөө 90 хувьд хүрч нэмэгджээ.
 
 
 
“Вакциныг ямар аргаар тарих нь илүү үр дүнтэй болохыг тодруулсан. Гэхдээ бидэнд нэмж судалгаа хийх шаардлагатай байна" гэж Сорио хэлээд энэ судалгаа нь янз бүрийн орнуудын сайн дурын оролцогчдыг хамарсан туршилт болно гэдгийг онцолсон байна. "Өндөр үр дүн үзүүлсэн гэдгийг бид мэдэж байгаа учраас энэ удаад илүү хурдан үр дүнд хүрнэ гэж найдаж байна. Тиймээс цөөн тооны хүнийг оролцуулна" гэж тэрбээр хэлжээ. Үүний зэрэгцээ “AstraZeneca” компанийн тэргүүн шинэ туршилт нь Их Британи, ЕХ-ны зохицуулагчдын вакциныг нь хэрэглэхийг батлах шийдвэрт нөлөөлөхгүй гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Их Британийн Засгийн газар “AstraZeneca”-гаас 100 сая тун вакцин худалдан авах урьдчилсан захиалга өгчээ. Энэ нь 50 сая хүнийг дархлаажуулахад хангалттай хүрэлцэх юм. Оксфордын Женнерийн хүрээлэнгийн захирал Адриан Хилл өмнө нь тус компанийн вакциныг 12 дугаар сараас британичуудад хийж эхэлж магадгүй гэж мэдэгдэж байжээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг