sonin.mn
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн ням гарагт АНУ-ын аль ч удирдагчтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэж, хууль ёсны шийдвэр гарсны дараа АНУын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагчаар тодорсон хүнд албан ёсоор баяр хүргэхээ мэдэгджээ. Гэхдээ тэрбээр ялагчийг өрсөлдөгч нь албан ёсоор хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг онцолсон байна. Тодруулбал, Дональд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрсөн цагт л Байденд баяр хүргэнэ гэсэн үг юм.
 
 
 
Жо Байден аравдугаар сарын сүүлчээр ОХУ-ыг “АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа гол аюул” хэмээн мэдэгдэж байв. Үүний хариуд Кремль “ОХУ түүний хэлснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн нь Байден Ерөнхийлөгчөөр сонгогдвол АНУ болон ОХУ-ын харилцаа тааруу байхыг илтгэсэн юм.
 
 
 
Энэ маргаанаас үүдэн В.Путин Байденд баяр хүргээгүй хэмээн ажиглагчид үзэж байна. БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин 2016 онд Трампад баяр хүргэж, АНУ-Хятадын харилцааг тогтворжуулахад анхаарахаа зарлаж байв. Харин энэ удаа Байденд баяр хүргэсэнгүй. Хэзээ баяр хүргэх талаар асуухад Хятадын Гадаад хэргийн сайд “Олон улсын практикийг дагана” гэснээс өөр хариулт өгсөнгүй. Хоёр орны худалдааны дайн, технологийн өрсөлдөөн, хүний эрхийн зөрчлөөс гадна цар тахалд Трамп Хятадыг буруутгасан нь харилцааг улам хурцатгасан. Тиймээс Жиньпин Байденд баяр хүргэхээс татгалзсаны учрыг олох хэцүү биш. Хэдийгээр Байден Хятадад хатуу ханддаг ч ашиг сонирхлын үүднээс хамтран ажиллана. Харин ОХУ, АНУ-ын цэгцэрдэггүй харилцаа хэрхэх нь бүрхэг хэвээр байгаа юм.
 
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин