sonin.mn

Хүний уураг тархи бол гадаад орчин болон өөрийгөө танин мэдэх гайхамшигтай, ухаалаг биокомпьютер юм. Таван мэдрэхүйгээрээ авсан мэдээлэл ч хүнд үнэн мэдлэг өгдөг, мөнхүү мэдээллийг ашиглан сэтгэн бодоод ч үнэн, шинэ мэдлэг олдог. Нас ахих хэрээр хүний шууд ажиглалт ч тун гярхай болдог, ажиглаж авсан мэдээлэл дээрээ тулгуурлан бодох, бясалгах чадвар ч тун их хурцлагддаг. Гярхай ажиглаж, ухаалгаар бясалгаж дадсан их туршлагатай хүн “ид шидтэй” гэгдэхээр танин мэдэх чадавхитай байдаг, “далдыг ч хардаг”. 

Ажиглаж авсан мэдээ, баримтуудыг задлах, нэгтгэх, харьцуулах, ургуулан бодох, өөр өнцгөөр харах, оновчтой дүгнэлт, гаргалгаанд хүрэх, ижил, ижил бусаар нь бүлэглэх, далд шинж чанарыг нь тодруулах гэх мэт олон арга хандлагаар хэний ч олж чадаагүй үнэнийг таньж сурсан хүн гэж байнаа. Ийм хүн аль ч улс оронд олон байжээ.


Ардын аман зохиол, ардын дуу, ардын урлаг, ардын домог, ардын зүйр, цэцэн үгс хэмээн ярих, нэрлэхийн адил ардын гүн ухаан (философи) гэж ангилж, нэрлэж, судалж, тодруулж мөн болох юм.


Гүн, алсуур, хийсвэрлэн, нэгтгэн дүгнэж сэтгэсэн мэдлэг, түгээмэл шинж, зүй тогтол (хуулиуд) мэтийг таньж, хэрэглэж байгаагүй ард түмэн гэж үгүй. Энэ нь философи сэтгэлгээ бол өнө эртний суурь, уламжлалтайн илрэл, нотолгоо болно. Ардын философи нь ялангуяа зүйр, цэцэн үгүүдэд шингэж, агуулагдаж үлдсэн байдаг. Монголчуудын зүйр, цэцэн үгүүдэд Монгол ардын философийн баялаг өв сан агуулагдаж, гүнийн утгаараа гайхагдаж ирсэн түүхтэй. 


Ардын гэж овоглодог мэдлэг, мэдээллийн угт нь практик амьдралаар урт удаан хугацаанд шалгагдаж тогтоогдсон үнэн мэдлэг, зөв мэдээлэл ямагт шахам байдаг. Ардын гэгдэх биет болон биет бус соёл нь үнэн ба зөвөөс гадна үндэсний, өвөг дээдсийн гэх утгаараа сэтгэлд нэг л дотно, нийцтэй, эевэргүү байдгаараа онцлог. Өнгөрсөн дэх үнэтэй бүхнээ, үнэн бүхнээ, зөв бүхнээ, монгол хүний бие болоод сэтгэлд нийцэх, таарах бүхнээ уламжлан авч, хэрэглэж байх нь тун олон талын ач холбогдолтой, баттай эерэг үр дүнтэй. 

Нүүдэлчид, тэр дундаас монголчууд аливаа юмс, үзэгдлийн учир, шалтгааныг гүн гүнзгий таньж, тогтоогоод түүнийгээ оновчтой цөөн үгээр илэрхийлж, зүйр, цэцэн үгний хэлбэрээр үр удамдаа үлдээж, өвлүүлсээр иржээ. “Өлсөж байж толгой ажилладаг, идэж байж булчин ажилладаг” гэсэн үгийг захчин хөгшид хэлэх дуртай байв. 1960-аад оны үед би энэ үгний утга, түүнд агуулагдаж буй мэдлэгийн талаар ер бодож байсангүй. Гэтэл дээрх үг яах ч аргагүй л шинжлэх ухааны туршилтаар нотлогджээ. 24-30 цаг хоол идээгүй хүний тархины эсүүд ихэд идэвхжиж, хоорондох холбооснууд нь олширч, үүний улмаас хүний сэтгэн бодох чадавхи хүчтэй болдог нь туршилтуудаар батлагджээ. Ийм болдгийг өвөг монголчууд практикаас олоод мэдчихсэн л байгаа юм даа. Хүний уураг тархины таних, дүгнэх чадавхи үнэнхүү гайхамшигтай ажээ. 


Ганц биеэр бядан, хэрэн явагч бадарчин, бүхнээс тусгаарлан бясалгал үйлдэгч даяанч нар нэг хэсэгдээ л үнэнийг эрэх, олохыг хүсэгчид байлаа. Гэхдээ энэ бол тухайн цаг үедээ түгээмэл хэрэглэгдэж байсан үр дүн багатай арга, хандлага байв. Цөөн хэд нь л аль нэгэн хэмжээнд “гэгээрч”, сургаал номлолоо үлдээсэн нь үнэн. 

Системчлэгдсэн сургалт, өндөр боловсролтой багш, нарийн багаж, сорил, туршилт, тухайн салбарын тусгай онол, түүний философи үндэслэл, маргаан, хэлэлцүүлэг, шүүмж ба няцаалт зэрэг оюуны баялгийг бүтээх иж бүрэн тогтолцоо, технологи гарч ирснээр танин мэдэх үйл явц чанарын огт өөр түвшинд шилжжээ. Шинжлэх ухааны олон салбар үүсэж, хөгжиж, өнөөдрийг авч иржээ. 


Мэргэжлийн судлаач биш хүний хувьд ч гэсэн гярхай ажиглалт, ухаалаг бясалгал, бүтээлч сэтгэлгээ насан туршид нь хэрэг болдог. Юмс үзэгдлийн шалтгаан, явц, үр дагаврыг таньдаг, урьдчилан харж чаддаг зөнч хэмээн алдаршсан хүн манай захчин хошуунд ч байжээ. Бүр хэд хэдээрээ ч байсан баримт буй. 


Гярхай ажиглагч байх, гүнзгий хийгээд алсуур сэтгэгч байхын ач холбогдлыг үзүүлэх зарим жишээ дурдая. 

Өргөн уудам тал газрын дээгүүр нүүж байгаа үүлс нүүн нүүсээр тэнгэрийн хаяа дахь газрын цаагуур ордог. Нүүдлийн шувуудын том сүрэг ч мөн л нисэн ниссээр газрын цаагуур далдардаг. Тал газарт өглөөний нар хөл дороос урган гарч мөн хол доогуур шингэдэг. Гярхай, ухаалаг, сэтгэгч хүн эдгээрээс дэлхий маань бөөрөнхий юм байна хэмээн дүгнэж чаддаг. Учир нь зөвхөн бөөрөнхий том гадаргуй дээгүүр нэгэн хэвийн өндөрт нисэж байгаа шувуу, нүүж байгаа үүлс л газарлуу шингэн орж буй мэт харагдах нь тодорхой юм. 

Сарын эхний хавирган сар, сарын дундын тэргэл сар, мөн сарын хуучдын хавирган сарын хэлбэрийг үндэс болгон учрыг ухах аваас сар бол бөөрөнхий биет, нарруу зөвхөн нэг талаараа харсаар дэлхийг тойрдог биет болох нь тогтоогдох жишээтэй. Зөвхөн тийм биет л хавиргалж, бас дүүрсээр тэргэл болж, мөн хавиргалж, хорогдсоор битүүнд үл үзэгдэх нь ойлгомжтой юм. 

Дэлхий дээр маань яагаад өдөр, шөнө ээлжилдэг юм бэ? Яагаад дөрвөн улирал тогтмол солигддог юм бэ? Яагаад нам доор газар дулаан, өндөр уул дээр сэрүүн, бүр хүйтэн байдаг юм бэ? гэх мэтийн олон асуултанд гярхай ажиглагч, ухаалаг бясалгагч хүн зөв хариултыг бодож, зурж, элдвээр төсөөлж байгаад л олох, хэлэх чадавхитай байдаг. 


Бидний нэрлэдгээр огторгуй дахь сүүн зам, хойт туйлын туяа мэтийн учрыг ч гярхай, ухаалаг хүн шууд олох, таних боломжтой. Тэнгэр дэх том, жижиг бүр эрхэс гэрэл ойлгодог, зарим нь бүр өөрөө гэрэл цацруулдаг (гаргадаг), цасан хунгар, цасан уул, мөсөн уул, мөстэй эрэг, хөвж яваа мөс бүгд л гэрэл ойлгодог болохоор ойсон олон гэрлийн өтгөн сүлжээ, огтлолцол сүүн зам болж цайран харагдах, туйлын туяаг үүдэх нь ч гарцаагүй юм. 


Энгийнээр, “хар ухаанаар” дэлхийн үүсэл, эхэн үеийн нь төлөв байдлыг (халуун хайлмагаас хөрсөөр хатуу гадаргуй, уулс, хавцлууд, хотгор, хонхрууд үүссэн), тэрчлэн дэлхий гадаргуйдаа устай болсон нөхцөлийг мөн л “суутаар” тааварлан хэлж ч болох юм. Галактикийг үүсгэгчийн их тэсрэлтээр, эсвээс супер хар нүхний дэлбэрэлтээр шидэгдэн гарсан халуун хайлмаг, их масс гравитаци болон соронзон хүчний хосолсон нөлөөгөөр энэ байршилд орж, мөнхүү хүчний нөлөөгөөр нарыг тойрон эргэлдэх болсон ба аажимдаа хөрч хатуу гадаргуйтай болжээ. Дэлхийн гүнд болон гадаргуйд явагдсан физик, химийн процессууд асар их хэмжээний устөрөгч болон хүчилтөрөгч хийг ялгаруулжээ. Тэр хийнүүд нь хүчилтөрөгчтэй элдвээр нэгдэж олон янзын минералыг буй болгожээ. Устөрөгч исэлдэж усыг ч үүсгэжээ. Устөрөгчийн исэлдэх процесс олон зуун мянган жил тасралтгүй явагдсаар нууруудыг, улмаар далайнуудыг, мөн үүл, манан, цас, мөсийг ч нөхцөл нь бүрдсэн газруудад буй болгожээ... Энэ бүхнийг мөн л гярхай ажиглалтанд тулгуурласан ухаалаг бясалгалаар таньж мэдээд, гаргаж хэлэх боломжтой юм. 


х      х      х


Сүүгээр бойжигч хөхтөн амьтан болохынхоо хувьд хүн нь орчноо таньж, харьцах маш өндөр чадавхийг олжээ. Юу байгааг ялгаж харах нүдтэй, сонсох чихтэй, үнэрлэх хамартай, амтлах хэлтэй, хүрэлцэж мэдрэх арьстай, таван мэдрэхүйгээр авсан мэдээллийг боловсруулах, хадгалах, сэргээн санах мэдрэлийн эсүүдтэй байна гэдэг бол маш өндөр чадавхи, орших, амьдрах дээд боломж, амьтдын хаан байх төрөлх эрх юм. Гэхдээ хүн төрөлхтөн энэ эрхээ байгальд ээлтэйгээр эдлэх үүрэгтэй гэдгээ хатуу санаж, мөнхөд биелүүлж байх учиртай. 

Амьтдын хувьд хамгийн том нь биш, хамгийн хүчтэй нь биш, харин хамгийн ухаантай нь “хаан ширээнд” суусны жишээ, үлгэрлэл, залгамжлал мөн нийгэмд ч мөрдөгддөг хэмээн үзэж болох юм. Ингээд бодохлоор оюун ухааны үүрэг роль үнэхээр чухал ажээ. Нийгмийн үзэгдлүүдийн хувьд оюун ухаан анхдагч байх нь олонтой тохиолддог жам юм. 


Хүний хувьд сэтгэлзүй, ухамсар, нийгмийн хувьд дээдэлдэг онол, сургаал (аль нэгэн -изм, шашин), улстөрийн субьектын хувьд эрх баригч нам, төрийн тогтолцооны хувьд парламент, Засгийн газар, шүүх засаглал, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм анхдагч нь, өдөөгч нь гэж дүрслэн ярьж, үзүүлж болох юм. Энэ бүхний зорилго, чиглэлтэй, ухамсартай үйл ажиллагааны цаана нь, угт нь оюун ухаан л байдаг, оюун ухаан л эсвээс хөгжүүлж, эсвээс доройтуулдаг. 


Хорвоо ертөнцийн хувьд матери анхдагч хэдий ч материйн хувьсал, хөгжлийн үр дүнд буй болсон оюун ухаан цааш цаашдаа орчноо хийгээд өөрийгөө өөрчлөгч хүч болон жанжлах нигууртай ажээ. Өөрчлөгч, хувьсгагч, хөгжүүлэгч хүч, эхлэл болохынхоо хувьд матери, оюун ухаан хоёр, нийгмийн ахуй, ухамсар хоёр байр сууриа, үүрэг ролио хэд дахин ч сольж болох юм. Харьцангуйгаар ингэж үзэх нь танин мэдэхүйн арга, аргачлалын хувьд зохистой, оновчтой байх болно. 

Хувьсал, хөгжлийн тухай тухайн үе шатны онцлогоор нөхцөлдөж анхдагч ба хоёрдогчийн, шалтгаан ба үрийн байр солигдож байж ч болох билээ. Энэнийг үгүйсгэх аргагүй юм. 


Хүний уураг тархи (мэдрэлийн эсүүд) бол мэдээллийг хүлээн авагч төв, боловсруулагч төв, хадгалагч төв, шийдвэр гаргагч төв, мэдрэлийн эсүүд хооронд түмэн янзын холбоо тогтоож танин мэдэх процессыг улам ихээр чадваржуулагч төв ажээ. Энэ гайхамшигтай биокомпьютерийг дууриалган хиймэл оюун ухаан, сэтгэгч роботыг бүтээх санаа, сэдэл эдүгээ оролдлого болон туршигдсаар байна. 

Байгаль аливаа бүхнийг (юмсыг, амьтдыг, бүр хүнийг) урсгал хувьслаараа, сулдаа бүтээсэн бол харин оюун ухаан хүмүүст хэрэгтэй, ашигтай бүхнийг, шинэ материал, амьтдын шинэ үүлдэр угсааг, бүр өөрийг нь орлох, өөрт нь үйлчлэх хиймэл интеллектийг байгаль дахь хувилбаруудыг нь дууриалган бүтээхийг ийнхүү зорилгоо болгожээ. Тэр бүү хэл хиймэл хүмүүс-роботууд аажимдаа жинхэнэ хүмүүсээ захирч, боолчилж эхлэх вий хэмээн эмээх байдал ч буй болов. Оюун ухаантай амьтан-хүмүүс хэмээх нэгэн “солиотой тоглогч” гарч ирснээр дэлхий дээрх байгаль, амьгүй, амьтай бүхэн тэдний тоглоомын материал, түүхий эд болж хувирчээ. Дэлхий дээрх байгалийн цаашдын хувьсал өмнөх чөлөөт байдлаа алдлаа. Хүн дүрстэй мичүүдээс хүн үүсэх процесс ч тасалдлаа. Хүмүүс бүхнийг дарангуйлах, эрхшээх, өмчлөх, ашиглах, тоо хэмжээг нь тогтоох, хянах болов. Ашиггүйг нь, ашиг багатайг нь устгаж дуусгах, ашигтайг нь л үлдээх хандлагад автаад байна. 


Хүний мэдрэлийн эсүүд бол бусадтайгаа олон янзаар холбогдож байж л танин мэдэх, шийдвэр гаргах чадвартай болдог ба эзэн нь өтлөх хэрээр хоорондоо холбогдох сэртэнгүүд нь цөөрч, тасарч, таних ба санах чадамж нь буурдаг, хүн зөнөж эхэлдэг. Иймд мэдрэлийн эсүүдээ амраах, дархлааны эсүүдээ нөхөх, сэргээх аргыг хүмүүс мэддэг байх нь чухал юм. Ядаж л оройн 10 цаг 30 минутын үед орондоо орж шөнийн 3-4 цаг хүртэл тайван, бөх унтаж сурах хэрэгтэй. Энэ үеийн нойр л хамгийн чухал байдаг. 


Долоо хоног дутамд нэг хоног өлсөж байх нь сэтгэн бодох чадавхийг ихэд хурцалдаг. Энэ үзэгдлийг одоогоос 2500 жилийн өмнө Хинду шашны лам нар таньж мэдээд, даянчилж, өлсөж, бясалгалд сууж сэтгэлзүй, сэтгэхүйн мөнхүү өвөрмөц төлөв байдлыг ашиглаж чадаж байжээ. Гэхдээ тэд ид шидийг олж байгаа мэтээр ойлгож, тайлбарлаж байсан нь харин буруу байв. 24-30 цаг өлсөх нь хүний нервийн эсийг ихэд идэвхжүүлж, хоорондох холбоог нь олшруулж санах, сэтгэх чадавхийг нь хүчтэй болгож, ердийн үеийнхээс нь илтэд нэмэгдүүлдэг болохыг орчин үеийн шинжлэх ухаан нотолжээ. Эрүүл биетэй хэн ч болов сард нэг удаа 30 орчим цаг өлсөөд үзэхэд жин хасахад хэрэгтэйн дээр тархины эсүүдээ идэвхжих чигт дасгалжуулахад мөн тус болох юм. Хүний амьдрал ер нь элдэв тансаглалаас тэвчих, аливаад хатуужих, өлсөж чаддаг, өөрийгөө захирч чаддаг, зорьсондоо хүртлээ зүтгэж, хөдөлмөрлөж чаддаг байхыг шаарддаг үйл явц юм. “Өглөөний нар нар биш, өлсөхийн жаргал жаргал биш”, “Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим”, “Зовохын цагт тэвчээр хэрэгтэй”, “Эрхийг сурахаар бэрхийг сур”, “Жаргалд бүү ташуур, зовлонд бүү бууж өг”, “Хичнээн жаргалтай байсан ч орондоо бүү дуул, хичнээн зовлонтой байсан ч орондоо бүү уйл” гэхчилэн өвгөд маань үр, ач нараа амьдралын хатуу, ширүүнд бэлтгүүлж иржээ. 


Судлаач, профессор Д.Чулуунжав