sonin.mn

АН-ын Тэргүүн Дэд дарга С.Баярцогт, АН-ын ҮБХ-ы гишүүн С.Эрдэнэ нар фракциудаа нэгтгэж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.


Энэ үеэр С.Баярцогт: "Ардчилсан нам дотроо олон бүлэг, фракцтай. Анхнаасаа ардчиллын төлөө 5 намын нэгдэл дээр суурилсан нам байсан. Ардчилсан намын үнэт зүйлийг тээж яваа, төрийг жижиг байлгаж, ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилтын үүднээс АН доторхи "Олуулаа" клуб, "ОД" клуб, МҮДН фракцууд нийлж "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан. "Гранд Монгол" нэгдэлд өнөөдөр "Ардчилсан хүчний холбоо" нэгдэж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж байна. " гэсэн бол С.Эрдэнэ: "Өнөөдөр АН-ын түүхэнд нэг чухал үйл явдал болж байна. С.Баярцогт даргын хэлсэнчлэн АН анхнаасаа олон ургальч үзэлтэй, олон үзлэ санааны нэгдэл болж бий болж байсан нам.



Өнгөрсөн 30 жилийн хугацаанд АН жижиг, том нийлсэн 20 орчим намыг өөртөө нэгтгэж, баруун төвийн үзэл санаа, хувь хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг хамгаалах суурь үзэл дээр нэгдэж боссон нам юм.



Сонгууль дөхсөн хариуцлагатай цаг үед АН дотор байгаа бүлэг, фракцууд нэгэн зорилгын дор нэгдэж байна. Үндсэн дүрэм, үзэл санаа нэг хэдий ч үйл ажиллагаа, тактикийн хувьд янз бүрийн байр суурьтай байснаа нэгтгэж, цаашдаа нэгдмэл, нэг үйл ажиллагаатай байх зорилгын төлөө "Гранд Монгол" нэгдэлд "Ардчилсан хүчний холбоо" нэгдэн орж байна. " гэв.





М.Чой