sonin.mn

ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /DW/. Их Британид болсон дуудлага худалдаагаар “Титаник” хөлөг онгоцны нэгэн зорчигчийн халаасны алтан цаг 1.175 сая фунт стерлинг буюу 1.38 сая еврогийн үнэ хүрч зарагдсан нь уг хөлөг онгоцны сүйрлээс үлдсэн эд зүйлсээс хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол болжээ. 

Дуудлага худалдааг зохион байгуулсан “Henry Aldridge & Son” ордноос мэдээлснээр, Жон Жейкоб Астор хэмээх америк саятны зүүж байсан энэхүү цагийг АНУ-ын нэгэн цуглуулагч худалдан авсан бөгөөд түүний нэрийг олон нийтэд зарлаагүй байна. 

Хөлөг онгоц живж байх үед тоглож байсан хийл хөгжим уг хөлөг онгоцноос үлдсэн эд зүйлсээс хамгийн өндөр үнэ хүрч зарагдсан эд зүйлд тооцогддог байв. Энэ хөгжмийн зэмсгийг 2013 онд дуудлага худалдаагаар 1.1 сая фунт стерлингээр зарж байжээ.




"Титаник"-аас үлдсэн дурсгалын зүйлсийг худалдсанаас олсон нийт дүн "үнэхээр итгэмээргүй" гэж дуудлага худалдаачин Эндрю Олдриж онцолжээ. 




Жон Жейкоб Астор бол “Титаник” хөлөг онгоцны хамгийн чинээлэг зорчигч байжээ. Хөлөг онгоц Атлантын далайд мөсөн уултай мөргөлдөн живж эхлэх тэр мөчид түүнийг хамгийн сүүлд тамхи татан зогсож байхыг харсан байна. Тэрбээр эхнэр Мадленээ аврах завинд суулгаснаар эхнэр нь амьд үлдсэн гэж түүхчид өгүүлдэг.

Тухайн үед Астор 47 настай байжээ. “Титаник”-ийг живснээс долоо хоногийн дараа түүний цогцсыг Атлантын далайгаас олсон бөгөөд хувийнх нь эд зүйлсийн дотор өөрийнх нь нэрийн энхний үсгийг сийлсэн халаасны алтан цаг байсан байна. Дуудлаг худалдааны ордны төлөөлөгчдийн хэлснээр, түүний эд зүйлсийг сэргээж, гэр бүлийхэнд нь эргүүлэн өгсний дараа Асторын хүү олон жил эдэлж хэрэглэжээ.

Тухайн үеийн зорчигч тээврийн хамгийн том хөлөг онгоцод тооцогдож байсан "Титаник" хөлөг 1912 оны дөрөвдүгээр сард Саутгемптон хотоос Нью-Йорк руу аялах замдаа мөсөн уул мөргөж живсний улмаас 1500 орчим хүн амиа билээ. 


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг