sonin.mn

ДАЛЛАС, 2024 оны тавдугаар сарын 1 /AP/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ “Жеймс Уэбб” сансрын дуран Морин толгой мананцрын хамгийн тод зургуудыг авч, дэлтэй төстэй хэсгийг нь илүү нарийвчлан харуулсан байна.

Орион /Марал/ одны ордын Морин толгой мананцар нь дэлхийгээс 1300 гэрлийн жилийн алсад оршдог. Нэг гэрлийн жил нь ойролцоогоор 9.7 их наяд км-тэй тэнцдэг.Зуу гаруй жилийн өмнө илрүүлсэн уг мананцар нь толгойгоо өргөж буй морьтой төстэй харагддаг тул ийн нэрлэсэн байна. 




“Уэбб”-ийн сүүлд авсан зургуудад морины толгойтой төстэй хэсгийн дээд талыг илүү нарийвчлан авчээ. Эдгээр гайхалтай зургууд нь одон орон судлаачдад мананцрын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд тус дөхөм болж чадна.

Морин толгой бол одон орон судлаачдыг сонирхлыг ихээхэн татдаг мананцруудын нэг юм. Өнгөрсөн онд Европын “Евклид” сансрын дурангаас уг мананцарын шинэ зургийг хүлээн авч байв.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг