sonin.mn

БАКУ, 2024 оны тавдугаар сарын 2 /TASS/. Азербайжан, Узбекистан, Казахстаны Эдийн засаг, Эрчим хүчний сайд нар гурван улсын эрчим хүчний системүүдийг нэгтгэх хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ.

Азербайжаны Эдийн засгийн сайд Микаил Жаббаровын мэдээлснээр, уг баримт бичигт гурван улсын сайд нар тавдугаар сарын 1-нд Ташкент хотноо уулзсаныхаа дараа гарын үсэг зурсан байна. 




Талууд мөн ногоон эрчим хүч үйлдвэрлэж, Европ руу экспортлох талаарх хамтарсан зорилтуудыг тодорхойлсон гэдгийг Азербайжаны сайд мэдээлжээ. Тэрбээр хэлэхдээ “Энэхүү санамж бичиг нь ногоон эрчим хүч үйлдвэрлэж, Азербайжаны нутаг дэвсгэрээр дамжуулан Европын зах зээлд экспортлох талаарх хамтарсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд түлхэц болно" гэв.

Казахстаны Эрчим хүчний яамны хэвлэлийн албанаас мэдээлснээр, санамж бичигт тусгасны дагуу оролцогчид Каспийн тэнгисийн ёроолоор өндөр хүчдэлийн кабель татах замаар эрчим хүчний системүүдээ холбох боломжийг судлах ажээ. Тус улсын Эрчим хүчний сайд Алмасадам Саткалиевийн хэлснээр, Каспийн тэнгисийн ёроолоор далайн гүний кабель татах техникийн нөхцөлийн төслийг хэдийнэ боловсруулсан байна. 


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг