sonin.mn

Үзвэр эхлэхийг анхааруулсан хонх гурвантаа дуугарахад театрт ирсэн үзэгчид өөрийн суудлыг эзэлж, танхимд нам гүм байдал ноёрхоно. Театрын хамбан улаан хөшиг нээгдлээ. Жил гаруйн хугацаанд засвартай байсан УДЭТ энэ өдөр шинэ дүр төрхтэйгөөр үүдээ нээсэн нь энэ. Аан бас шинэ Аннатай шүү.


 


Анна Вронский хоёр харц тулгарав …





Ирээдүй ба энэ цагийг төлөөлөх хоёр Анна. Тэд бие биетэйгээ зөрчилдөнө. Хэнийх нь зөв юм бол. Хоёр Аннаг ямар хувь тавилан хүлээж байгаа бол... Галт тэрэгний хүнгэнэсэн чимээ аниргүйг эвдэж, Москвагийн авто зогсоол хөл хөдөлгөөн ихтэй байв. Язгууртан Степан Облонский их л сандарсан байдалтай хэн нэгнийг хүлээнэ. Гэтэл түүний дүү үзэсгэлэнт Анна Каренина. Жижигхэн бие, цав цагаахан царай, улаан улаан уруул. Хэн ч харсан гоо үзэсгэлэнг нь бишрэм энэ бүсгүй язгууртан Алексей Каренинийн гэргий, найман настай хүүгийн ээж билээ. Харин түүний цаана залуухан офицер Алексей Вронский ээжийгээ тосох ажээ. Цэх шулуун мөр, өндөр хамар. Хэн ч харсан харц булаам төгс эр хүн. Москвагийн охидын хүсэмжлэлт залуу. Түүний ээж Варя Вронская Петербургээс Аннатай хамт нэг галт тэргээр иржээ. Вронский Анна хоёр харц тулгарав...


Энэ бол Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” сонгодог жүжгийн дөнгөж эхлэл. Энэхүү жүжгийн зохиол нь гэр бүлийн цаашлаад сэтгэл зүйн романуудын ноён оргил болж, дэлхийн олон театрын тайзнаа найруулагчдын ур чадвар, эмэгтэй жүжигчдийн торгон мэдрэмжийг сорьсоор бидний энэ үетэй “учраад” байна. Түүх сөхвөл энэхүү зохиолыг 1937 онд Москвагийн уран сайхны театрт, энэхүү театрыг үндэслэгч В.И.Немирович Данченкогийн найруулгаар анх тавьсан байдаг. Тайзны жүжгээс гадна кино хэлбэрээр дэлгэцэд мөнхөрч, эх зохиол нь олон мянган уншигчдыг соронзон мэт татсаар байна. Түүнчлэн өрнө, дорнын нэр хүндтэй, заавал унших ёстой урт, богино номын жагсаалтад “Анна Каренина” үргэлж дээгүүрт жагсдаг ажээ. Энэхүү зохиол нь реализмын үеийн сонгодог, сор болсон төлөөлөл. Мөн унших сэтгэл төрсөн ч зориг хүрдэггүй тийм л том утга санаа, драматургитай гэж дэлхийн театр судлаачид онцолсон байдаг. Харин монголчуудын хувьд Лев Толстойн бүтээлүүдтэй 1930-аад оноос эхлэн танилцсан байдаг. Зохиолчийн “Дайн ба энх”, “Анна Каренина”, “Сэхээрэлт” роман, “Балчир нас”, “Бага нас”, “Өсвөр нас”, “Найрын дараа” зэрэг бүтээл нь монгол хэлнээ хэвлэгдсэн ажээ. Энэ дундаас “Анна Каренина” роман хэд хэдэн хүний орчуулгаар нэг бус удаа хэвлэгдсэн бол энэ удаад зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон орчуулжээ. 


 


Язгууртны амьдралд хүлэгдсэн Анна





Москва хотын язгууртан Ван Щербацкий. Түүний охин Кити. Вронский үзэсгэлэнт Кититэй сүй тавихаар тохиролцжээ. Гэвч Аннаг харсан цагаас Вронскийн зүрх хүчтэй цохилж эхэлнэ. Түүнтэй яг адилхан мэдрэмж Аннагийн цээжинд булиглана. “Анна Каренина” жүжигт XIX зууны үеийн Оросын язгууртан, дээдсийн хүрээллийн амьдралыг харуулдаг. Эрхэмсэг бүсгүйчүүд. Анна ч тэдний нэг байв. Чамин хувцаслаж, дарс шимэн, үдэшлэгт уригдаж, цэнгэн хөгжилдөх дуртай. Түүний нөхөр Алексей Каренин ч энэхүү хүрээлэл дундаа албан тушаал, эрх мэдэл, бэл бэнчингээрээ дээгүүрт эрэмбэлэгдэнэ. Үүний хирээр Аннаг сонирхох, сонжих хүн олон. Бүсгүйн хувьд ч тэдний дунд хэрхэн биеэ авч явах, яаж харилцахаа сайн мэддэг нэгэн. Гэвч Вронскийд дурласан түүний сэтгэл Аннаг энэ хүрээллээс зугтах, гарах хамгийн том шалтгаан болох ажээ. Эр нөхөртэй мөртлөө залуухан офицерт сэтгэл алдарсан түүнийг дээдсийн хүрээнийхэн үзэн ядаж, үгийн муугаар доромжилсон ч бүсгүй эрхэмсэг, бардам, нугарашгүй байгаа нь түүний Вронскийд өгсөн чин сэтгэлийн хайрыг илэрхийлэх ажээ. Анна доромжлолын өмнө ч бууж өгөлгүйгээр ганцхан түүнийг хайрласан. Гэвч ...


 Лев Толстойн энэхүү зохиол нь хайр сэтгэл, гэр бүлийн харилцаа болоод хүний дотоод сэтгэлийн нарийн, нандин сэжмийг хөндөж чадсан учир өнөөг хүртэл оршин тогтнож, мөнх насалж байгаа нь лавтай. “Анна Каренина” нь киноноос гадна балет хэлбэрээр түгсэн байдаг. 1972 онд Москвагийн Их театрт Р.К.Щедриний найруулгаар “Анна Каренина” балет, 2005 онд П.И.Чайковскийн хөгжимд Борис Эйфман, 2010 онд Маринскийн театрт А.Ратманскийн тавилтаар, 2017 онд Хамбургийн бүжгийн жүжгийн театрт Жон Ноймаерийн найруулгаар тус тус тавигджээ. Харин мюзикл хэлбэрээр 2003 онд Санкт-Петербургийн Дуурь, бүжгийн театрт, 2016 онд Москвагийн театрын тайзнаа тоглосон бол тус романыг жүжиг болгосон нь тун ховор байдаг ажээ.


 


Киттигээс Аннад


 


УДЭТ-ын хувьд “Анна Каренина” жүжиг шинэ биш. Учир нь тус бүтээлийг анх 2021 онд анх тавьсан билээ. Дэлхийн сор болсон энэхүү бүтээл Монголын тайзнаа ирэхэд Анна Каренинад хэн тоглох бол гэсэн яриа, таамаглал театр сонирхогчдын дунд хөвөрч байсан юм. Гэвч УДЭТ-ынхны хувьд хэн тоглох нь тодорхой, хүлээн зөвшөөрчихсөн байсан гэдэг. Мэдээж Н.Баярмаа. Тэрээр тухайн цаг үед хэд хэдэн гол дүрд тоглочихсон, үзэгчид болоод театрынхандаа хүлээн зөвшөөрөгдсөн солист жүжигчин болчихсон байв. Үнэхээр түүний авьяас чадвар, гоо үзэсгэлэн Монголын театрын түүхэнд түүнийг Монголын анхны Анна болгож мөнхөлсөн юм. Тэгвэл шинэ Анна хэн бэ. Жүжигчин Н.Баярмаа театраас өрх тусгаарлаж, “Клеопатра”-аар тайзыг эзэгнэж байгаа үед УДЭТ шинэ театрынхаа нээлтийг “Анна Каренина”-аар хийж байгаа нь соньхон. Шинэ Анна “төрөх”үү, хуучин Аннагаа дуудах уу. Тэгвэл найруулагч Н.Наранбаатарын энэ удаад Аннаг дахин “төрүүллээ”. Тэр нь жүжигчин О.Хонгорзул байв. Түүний хувьд “Анна Каренина” жүжгийн хувьд бол шинэ хүн биш. Тэрээр тус жүжиг анх нээлтээ хийхэд Китигийн дүрд тоглож байсан. Гэнэн хонгор бүсгүйн дүрээр үзэгчидтэй уулзаж байсан О.Хонгорзул энэ удаад хэрсүү, гунигтай, тэгсэн мөртлөө зоригтой, үнэнч Аннагийн дүрээр өөрийгөө тунхаглав. Дэлхийн театруудын тайзнаа тоглож буй мянга, мянган эмэгтэй дүрийн дотроос Анна бол хэд дахин хүнд дүр. Тэрээр жүжгийн туршид хайрлаж дурлаж, унаж босож, шаналж зүдэрч, тэмцэж, тэмүүлсээр дуусдаг юм. Жижигхэн бүсгүй хүнд баймгүй зоригтой алхам, шударга занг нь харахад Анна бол шударга эмэгтэй. Тэрээр хэн нэгний нууц амраг болж, насан туршдаа жүжиглэж амьдрахыг хүсээгүй. Анна хайр сэтгэлийнхээ төлөө эр нөхрөөсөө эхлээд Оросын нийгмийн өөдөөс тэмцэж өөрийгөө золиослож чадсан эмэгтэй юм.



Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА



Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин