sonin.mn

Нийгмийн тодорхой нэг давхаргын ухамсрын хэмжээнд нь тохируулан зөвхөн тэдэнд ойлгогдохоор нийтлэл бичнэ гэдэг гэдэг бол байж болшгүй хэрэг. Олон нийтэд зориулсан нийтлэл бол мэргэжлийн мэдээллэг чанараараа хамгийн өндөр төвшинд байх ёстой, ойлгох нэг нь шууд ойлгохоор, ойлгохгүй нэг нь өөрсдийгээ тэр төвшинд өөд нь татан аваачиж байж ойлгохоор…


1. Ажил хэргийн “эцсийн үр дүн” нь гарахгүй байх шалтгаан 


Эх орон минь сүүлийн гучин хэдэн жил нийгмийн хөгжлийн хамгийн шилдэг загвар болох ардчилал, чөлөөт зах зээлийн замаар замналаа. Нийгэм улс төр, хууль зүй, соёл иргэншилийн төвшин нь Монголын өнөөгийн байдалтай жишихэд харьцангуй боловсронгуй бус олон улс гүрнүүд том бага аль нэг тэргүүлэх чиглэлээрээ дэлхийн орчин үеийн шаардлага хангахуйц төвшинд ажил хэрэг эрхлэн бодит эцсийн үр дүнг нь аль хэдийнээ гарган, дотооддоо төдийгүй дэлхийн олон нийтийн хүртээл, тогтмол хэрэглээ болгон, олон улсын хөдөлмөрийн хуваарьлалд багтан орж байр сууриа эзлэн явж, оршин тогтнох баталгаагаа улам бэхжүүлж байна. Ерөнхий бодлого нь зөв чигтэй байсаар байтал Монголд энэхүү ажил хэрэг бол үнэн чанартаа хэтэрхий нийтлэг ерөнхий уриа, бүр “дүр эсгэсэн үзүүлэн тоглолт” -ын утга санаатай “тоглоомын дүрэм”-ээр ажил хэрэгч үйлийг орлуулах жишиг нийгэмд хэтэрхий түгэн хэвшиж, хуурамч идэвх бужигнаан болж,  үйл ажиллагаа нь, их сайндаа, хоцрогдсон болхи загвараар явж эхлэл буюу өрнөл хэсгээсээ хэтэрдэггүй, эцсийн жинхэнэ эерэг үр дүн нь гардаггүй байдалтай болжээ. Үүний хамгийн том тод жишээ нь болох Оюу Толгой, Нүүрсний экспорт, Хөгжилийн банкны асуудлуудын гутамшигт нарийн ширийнтэй бүх нийтээрээ саяхан улам гүнзгий танилцаж ойлгосоор…луйвар, хууль бус ажиллагаа нь хүртэл боловсронгуй бус… 


Дашрамд нь хэлэхэд Монголчуудад ховорхон тохиосон аз завшаанаар дэлхийн соёл иргэншил болон ажил хэрэг эрхлэх өнөөгийн дэвшилтэт хэм хэмжээ жишигт бүрэн харгалзсан чиг хандлагагыг удирдамж болгон ажиллах чадвартай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн тодрон гарч ирж нэн дэвшилтэт ерөнхий бодлогоо хэрэгжүүлэхээр зүтгэж байна вэ, Монголд бүрэлдэн тогтсон нөхцөл байдал өөрийнхөө “зүй тогтоол”- оороо Л.Оюун-Эрдэнийг зайлшгүй тодруулан гаргаж ирэх магадлал тун бага байсан гэж би хувьдаа үздэг. 


За тэгээд, олон улсын хэмжээнд байр сууриа яагаад эзэлж чаддаггүй, яагаад үр дүнгүй, болохгүй, бүтэхгүй, хөгжихгүй байгаа шалтгааны эргэн тойронд олон янзын зөв буруу тайлбар нийтэд түгсэн. 

Энэ нийтлэлд зөвхөн нэгэн гол үндсэн хүчин зүйлийн тухай л авч хэлэлцэнэ. Өмнөх нийгмийн үеээс уламжлагдсан “Боловсон хүчин” хэмээх ойлголтонд утга санааны томоохон өөрчлөлт орчин үед гарч, ажил хэрэг мэргэжлийн өндөр “Чадавхи” туршлагатай “Туршлага эзэмшигч” цөөн хүмүүсийн үйл ажиллагаа л салбар салбарын том бага бүтэцүүдийн амжилт хөгжилийн өнөөгийн ба ирээдүйнх нь баталгаа болдог зарчим дэлхий дахинд хаа сайгүй хэрэгжих болсон. 


Урд хөршийн маань үсрэнгүй эрчимтэй амжилт хөгжил нь мөнөөхөн энэ зарчмыг хэрэгжүүлсний үр дүн болохоос биш тэд нийтээрээ цочирхон суга соён гэгээрч чадварлаг болсноос шалтгаалаагүй ээ. Хамгийн хатуу дэглэм тогтолцоотой улсууд, буурай хөгжилтэй улсууд, олон улсын хорион дор хүнд нөхцөлд байгаа улсууд хүртэл энэ зарчмыг баримтлан хэрэгжүүлж орчин үеийн шаардлага хангахуйц төвшинд ажил хэрэг эрхлэн бодит эцсийн үр дүнг нь гаргаад бүтээгээд, нэгэнт бүтээснээ сүйрүүлчихгүйгээр хадгалаад тордоод явж чадаж байна. 


“Туршлага эзэмшигч” гэдэгийг яаж ойлговол зохих вэ? Энэ тухай би 2015 онд бичсэн нийтлэлдээ тайлбарлаж байсан (http://www.baabar.mn/article/7001).


Ажил хэрэг эрхлэх явц бол “улс төр”- ийн, “захиргаа”- ны, “мэрэгжил”- ийн гэж ангилагдах хүрээнд явагддаг ба “Туршлага эзэмшигч”-ийн үйл ажиллагаа “мэрэгжил”-ийнх нь ангилалд голчлон хамаарна. Хамгийн дэвшилтэт шийд бол “Улс төр”- ийн, “захиргаа”- ны, “мэрэгжил”- ийн нэгдмэл, зөрчилгүй байдлыг агуулсан байдаг. “Туршлага эзэмшигч” гэж бүх шатны үйл ажиллагаа явуулах арга барилыг өргөн хүрээнд, шаардлага гарах үед нь гүнзгийлэн ойлгон хэрэглэж “эцсийн үр дүн”- г нь гаргах чадвар туршлага суусан эдгээдийг хэлнэ. Дотоод гадаадын нэр алдартай алдаргүй дээд сургуулиудыг дөнгөж төгсөгчид, эрдмийн цол зэрэг хамгаалагчид (эрдэм шинжилгээний тухайн аргачлалаа хир эзэмшин мэргэшсэнийг, тухайн чиглэлд ямар шинэ хувь нэмэр оруулж байгааг л голчлон харуулна), залуучуудад тусгайлан зориулсан төсөлд хамааран бүрэн бус уралдаант шалгалтаар гадаадын нэр алдартай компанид ажилд ороод цөөн хэдэн жил ажиллагсад, гоц авьяастан хүмүүс, он удаан жилээр эцсийн үр дүн гарахааргүй, таатай бус нөхцөл байдалд ажиллагсад (эерэг гэхээсээ сөрөг туршлага хуримтлуулагсад), тухайн үйл ажиллагаанд хамаарах хөрөнгийг хууль ёсоор өмчлөгчид, улс төрчид, заавар дүрмэнд хязгаарлагдаж ажилладаг засаг захиргааны эрх мэдэлтэн, сонгогддог албан тушаалтнууд, хөдөлмөрийн зах зээл дээр урсгалаараа солигддог “ажил эрэгсэд“ дээрх “Туршлага эзэмшигч” гэдэг ойлголтонд хамаарахгүй, нөгөө л уламжлалт шат шатны  “Боловсон хүчин” гэдэг ойлголтонд хамаарна. Туршлага эзэмшигч”- үүдийг зохион байгуулалттайгаар дагнан бэлтгэдэг сургалтын тусгай бүтэц дэлхий дээр байхгүй.


Их дээд сургуулиуд амжилттай төгсөгчидийн цөөнх хувь нь цаашдаа наад зах нь 10-15 жил ажил мэргэжлийн нэн тохиромж, тааламжтай нөхцөлд ажиллаж эцсийн үр дүн гаргах үйл явцыг бүтээлцэх замаар “туршлага” хуримтлуулж “туршлага”-тай болсон нь бүрэн нотлогдсоны үр дүнд “туршлага эзэмшигч”- үүдийн хүрээ эгнээнд шилжиж байгаа нь ихэвчлэн ажиглагддаг, энэ нь ч “туршлага эзэмшигч”-үүд бэлтгэгддэг уламжлалт зам юм.


Мөн түүнчилэн өрсөлдөх чадвар өндөртэй “ажлаа өөрснөө сонгогчид“- ын эгнээнээс өөрөөр хэлбэл, тухайн салбарт мэргэшин өөрөө ажлаа сонгож авах зиндаанд хүрсэн хүмүүс дотроос “туршлага эзэмшигч” - үүдийн залгамж үе болгохоор сонгон авч байгаа нь ч ажиглагддаг. Орчин үеийн “Туршлага эзэмшигч”- үүд байгалын шинжлэх ухаан, техник технологи, нийгмийн ухаан хосолсон дэвсгэр боловсрол эзэмшсэн байх нь ихэвчлэн ажиглагддаг. Дэлхийн хэмжээнд тухайн салбар чиглэлийн өнөө ирээдүйг бүтээн тодорхойлдог нэр хүндтэй томоохон бүтэцүүд ба компаниуд бол “туршлага эзэмшигч” - үүдийнхээ залгамж үеийг бэлтгэх өөрийн гэсэн бодлогоо хэрэгжүүлдэг. Монголд салбар салбарын “Туршлага эзэмшигч”-үүд бий болж шийдвэрлэх үүрэг хариуцлагаа хүлээн гүйцэтгэх үе ирнэ гэж би 10 -аад жилийн өмнөх нийтлэлдээ бичиж байлаа. Даяаршлалын энэ үед “Туршлага эзэмшигч”- ийн зиндаанд хүрэн ажиллаж байгаа, хүрэхэд дөхөж очсон, боловсрох явцын дунд монгол залуучууд дэлхийн хаа нэгтээ байгаа гэдэгт би итгэдэг. Үндэсний “Туршлага эзэмшигч”- ийн үүрэг хариуцлагыг гаднын “Туршлага эзэмшигч”- ийн багт даатган шилжүүлэх нь Монголын язгуур эрх ашигт огт нийцэхгүй.


Үндэсний “Туршлага эзэмшигч” бол их бага төсөл сонгон шалгаруулалтаар гүйцэтгэгч гадаадын компани, гадаадын зөвлөх компаниас ямар тодорхой асуудлыг онилж ямар цар хүрээнд ямар ажил үйлчилгээ ямар хугацаанд авч гүйцэтгүүлэхээ тодорхойлон удирдан зохицуулах үүрэгтэй. Зөвхөн наад захын ганц жишээ болгоход, саяхан батлагдсан “Үндэсний баялагын сангийн тухай” хуулийн дагуу бол “Ирээдүйн өв сан” нь хуримтлагдсан хөрөнгийг олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулах зорилготой гээд заачихсан байгаа, энэ санг олон улсын тэргүүн жишигээр ажиллуулах чадавхтай үндэсний жинхэнэ “Туршлага эзэмшигч”-ийн мэргэжлийн баг бэлтгэхгүйгээр амжилттай ажиллуулана гэж санахын ч хэрэггүй, сан ажиллуулах талаар мэрэгшсэн “боловсон хүчин” ч гэсэн сан ажиллах дэг журам сахиулахаас цааш нэг их хэтэрч ажиллаж чадахгүй, оройтож байгаа ч гэсэн дэлхийн олон том сангуудын аль нэгийн дэргэд он жилээр хүнээ дадлагажуулж гэх мэтийн арга хэмжээ авч эхлэх зайлшгүй шаардлагатай… Улсын их хуралд батлуулахаар саяхан өргөн барьсан “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль”-ийн төсөлтэй нарийвчлан танилцахад энэ хуулийн үндсэн утга санаа нь Монголд үндэсний “Туршлага эзэмшигч”-үүд цаашдаа бий болохгүй ба Монголчууд эдийн засаг ажил хэргээ дэлхийн төвшинд өөрсдөө бие даан эрхэлж явахгүй мэт ойлгогдохоор байна. 


Монголд өнөөдөр бүрэлдээд байгаа тогтолцоо дэлхийн тэргүүн жишигт нийцэх “эцсийн үр дүн” бүрэлдүүлэн гаргаж чадахгүй байгаа шалтгаан, учирч байгаа бэхшээлийг арилгах арга зам бол Монголын салбар салбарын үндэсний “Туршлага эзэмшигч”-үүдийг “суурь өгөгдөл” эзэмшигч монгол залуучуудаас сонгон тусгай хөтөлбөрөөр дамжуулан бэлтгэн бий болгож үүрэг харуцлагыг нь тэдэнд тохон хүлээлгэх явдал юм.


“Боловсон хүчин” хэмээх уламжлалт ойлголтын хүрээнд бол дэлхийд хаа сайгүй хүрэлцээтэй байдагтай мөн адилаар Монголд анхан, дунд мөн дундаас дээшхи шат шатны бэлтгэгдсэн ажилтан, мэргэжилтэн “Боловсон хүчин” харьцангуй элбэг болсон. Ер нь бол ажил олгогчид шат шатны “Боловсон хүчин”-ний хийж чадах ажлыг нь л шалгаруулан тодорхойлсны үндсэн дээр эрхэлж чадах ажлыг нь санал болгодог, нөгөө талаасаа “Боловсон хүчин” нь хийж хэрэгжүүлж үр дүнг нь гаргаж чадахгүй ажлын саналыг бол өөрөө хүлээж авдаггүй “Хүний Нөөц”-ийн зарчим үйлчилдэг, харин Монголд бол хийж чадахгүй ажил алба эрхлэхийн төлөө зүтгээд байгаа нь ажиглагддаг, мэрэгшсэн гэж тооцон үзэх арга байхгүй “Боловсон хүчин” ба хуурамч диплом өвөртлөгсөд олширсон.

Цаашид хөгжин урагшлан дэвшихэд тавигддаг нийтлэг шаардлагууд, хүчин зүйлс бол дэлхийн бүх улс гүрнүүдэд ялгаагүй ижилхэн үйлчилдэг, харин тухайн улс гүрэн өвлөн ирсэн үндэсний онцлог өв соёл, уламжлалт ёс заншлынхаа дэвшилтэт давуу тал бүхнийг тавигдаж буй эдгээр шаардлагуудыг биелүүлэх зорилгодоо зохицуулан чиглүүлж ашигладаг. Түүнээс бус, эсрэгээрээ, дэлхийн хөгжлийн нийтлэг шаардлагыг үндэсний онцлогтоо захируулан зохицуулна гэж орчин үед байхгүй болсон (13-р зууны үед л Монголчуудын шаардлага дэлхийн нийтлэг шаардлага шинж чанартай байсан). 

   

2. Цөмийн эрчим хүчний үйлдвэр Монголд


Цөмийн эрчим хүчний үйлдвэр байгуулах эсэхээ шийдвэрлэх түүхэн шийдвэр гаргах үйл явц Монгол улсад өрнөж байна. Дэлхийн тэргүүлэх шинэ техник технологи бол байгаа байгаа газар улс орнууддаа, Монгол улсаас үл хамааран, хөгжил, бууралтынхаа зүй тогтоолын дагуу хэлбэлзэн, шаардлагатай бол авч нэвтрүүлэхэд тэртэй тэргүй хэзээд бэлэн байдалтай байж байгаа. Дэлхийн тэргүүлэх тэр техник технологи бодитойгоор оршиж байгаа байдал нь “дан ганцаараа" Монголд түүнийг нэвтрүүлэхээр шийдвэрлэх шалтгаан/хүчин зүйл болж чадахгүй. Дэлхийн тэргүүлэх техник технологи эзэмшин нийлүүлэгчдийн эрх ашиг, Монголын үндэсний эрх ашиг хоёр давхцах давхцахгүй тохиолдлуудыг нарийвчлан тодорхойлж, энэ салбар дахь үндэсний язгуур эрх ашгаа эрхэмлэх зарчмыг удирдлага болгох шаардлагатай.

Маш товчхоноор хураангуйлж хэлэхэд хүн төрлөхтөн цөмийн эрчим хүчний үйлдвэрийн талаархи түүхэн туршлагаа 1950 - иад оноос эхлэн хуримтлуулсны үндсэн дээр дэлхийн улс гүрнүүдийн цөмийн эрчим хүчний хэрэглээний төлөв байдалд нь 

нэгдүгээрт, Цөмийн эрчим хүчний үйлдвэр (станц) өргөн хэрэглэдэг ба цаашдаа ч цөмийн эрчим хүчний хэрэглээний насны хязгаар эцэслэх хүртэл буцалтгүй хөгжүүлэн хэрэглэх улсууд (Франц тэргүүтэй), 

• хоёрдугаарт, Цөмийн эрчим хүчний үйлдвэр хөгжүүлэн хэрэглэж ирсэн боловч цаашдаа ч цөмийн эрчим хүчний хэрэглээнээс ямар ч хамаагүй үнээр татгалзаж байгаа улсууд (Герман тэргүүтэй),  

гуравдугаарт, Цөмийн эрчим хүчний үйлдвэр шинээр барьж байгуулах шийд гаргаад хэрэгжүүлж байгаа Цөмийн эрчим хүчний үйлдвэргүй байсан улсууд, 

дөрөвдугаарт, Цөмийн эрчим хүчний үйлдвэр барьж байгуулахгүйгээр шийдсэн улсууд гэдэг ангилал бүрэлдэн тогтсон. 

Энэ ангилал бүрэлдэн тогтоход улс улсын “үндэсний эрх ашиг”-ийн зайлшгүй шаардлага мөн олон улсын хөдөлмөр хуваарилалтын бодит зүй тогтоол шийдвэрлэх гол хүчин зүйл болсон. Энэ тухай миний түрүүчийн нийтлэлүүдэд илүү дэлгэнгүй дурдагдсан (http://baabar.mn/article/mongol-dakhi-tsumiin-erchim-khuchnii-uildwer); (http://www.baabar.mn/article/tsumiin-erchim-khuch-tsumiin-tekhnik-tekhnologiin-mongold-tulgamdsan-zarim-asuudluud-ba-mongol-ulsiin-undesnii-erkh-ashig).


Цөмийн эрчим хүчний үйлдвэрийн түүхэн замналын эхэн ба дунд үед Цөмийн эрчим хүний үйлдвэр шинээр байгуулах асуудал бол цэвэр “улс төр”- ийн шийдвэр байдаг байсан ба Цөмийн эрчим хүний үйлдвэр байгуулчихвал “тэнгэрийн умдаг атгах” нь мэдээж мэт цорын ганц хувилбарын үзэл бодол давамгайлдаг байсан, одоо ч гэсэн ийм үзэл бодол санаанд нь “царцаад” хадгалагдан үлдчихсэн хүмүүс мэр сэр байсаар…Өнөөдөр бол улс улс өөрийнхөө “үндэсний эрх ашиг”- т нийцсэн хувилбараа сонгох замналд хүрчээ. 

Монгол улс чухам аль ангилалд багтан орох тухай түүхэн шийдвэрээ гаргахаар ажиллаж эхэлсэн. Цөмийн эрчим хүчний үйлдвэр анх удаа барьж байгуулахаар сонирхож байгаа улсууд болон энэ үйл хэрэгт оролцогч бүх талуудад туслах зорилгоор Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА) - аас тусгайлан зориулж боловсруулан гаргасан “Цөмийн эрчим хүчний үндэсний дэд бүтцийг хөгжүүлэхэд эрхэмлэх хүчин зүйлс” (“Milestones in the Development of a National Infrastructure for Nuclear Power” No. NG-G-3.1 (Rev.1), сүүлчийн хувилбар) зөвлөмж удирдамжийг удирдлага болгон ажилладаг жишиг тогтсон. Энэ чухал удирдамж нь үндэсний дэд бүтэцийн тодорхой 19 асуудал тус бүрийг 3 эрхэмлэх хүчин зүйлс тус бүрээр нь 3 үе шаттайгаар яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг бэлээхэн загварчлан тодорхой зааж өгсөн “замын зураглал” юм.


Монгол улсын өнөөгийн байдал бол энэ баримт бичигт заасан эхний 1-р үе шат буюу зөвхөн “Цөмийн эрчим хүчний хөтөлбөр эхлүүлэх эсэх албан ёсны шийд гаргахын өмнөх үе”- д хамаарч байгаа ба манай улсын холбогдох яам газрууд нэгдэн байгуулсан ажлын хэсэг “Цөмийн эрчим хүчний хөтөлбөр хэрэгжүүлэх байгууллага (ЦЭХХХБ)” хэмээх тусгай бүтэц байгуулах зорилт тавин улсынхаа бодит нөхцөл байдлыг тавигдаж буй шаардлагуудтай нь уялдуулан судалж тодорхойлон дүгнэх ажлаа эхэлсэн байна.



Эхний 1-р үе шатанд хийж гүйцэтгэх шаардлагатай 19 чиглэлийн 70-аад асуудлууд байгаа ба эдгээрийн 35% орчим нь эхлээгүй үйл ажиллагаа, 35% орчим нь гүйцээж хийх шаардлагатай байгаа гэсэн урдичилсан мэдээ саяхны "Монголын эрчим хүчний систем ба Цөмийн эрчим хүчийг ашиглах боломж" эрдэм шинжилгээний хурлын илтгэлд тавигджээ. Мөн Монгол эрдэмтэд МУИС-ийн ЦФСТ-т цөмийн эрчим хүчний шинэ үеийн реактор бүтээх эрдэм шинжилгээ судалгааны ажилд дэлхийн бусад эрдэмтэдтэй хамтран ракторын голомтыг загварчлан тооцоолж турших гэх мэт нарийн чиглэлээр оролцон хувь нэмрээ оруулан ажиллацгааж байна, эдгээр эрдэмтэд мэргэжлийн мэдээлэл сурталчлах ялангуяа шинээр бүтээгдэж буй реакторуудын хэрэглээг баталгаажуулан лиценз олгох үйл явцад нөлөөлөх эерэг сөрөг гол чухал эмзэг хүчин зүйлсийг тайлбарлан олон нийтэд хүртээл болгоход хувь нэмрээ оруулах нь дамжиггүй. 


Онцолж тодруулан тэмдэглэхэд, ажлын хэсэг буюу хариуцсан ЦЭХХХБ нь 

• “Цөмийн эрчим хүчний хөтөлбөрийн үүрэг хариуцлагыг ухамсартайгаар хүлээн зөвшөөрөхөд бэлэн” эсэх тухай эхний 1-р үе шатанд 19 чиглэлээр шаардагдах шинээр хийх болон дутууг нь гүйцээх ямар бэлтгэл ажлуудыг ямар нөөц бололцоогоор, хэдий хугацаанд, ямар хөрөнгөөр, хэрхэн гүйцэлдүүлэх тухай мэргэжлийн дүгнэлт гаргаж “Цөмийн эрчим хүчний хөтөлбөр” хэрэгжүүлэх эсэхийг засгийн газраар шийдвэрлүүлэхээр хэлэлцүүлэх үүрэгтэй. 

• Засгийн газраас эерэг шийд гарсан тохиолдолд Монгол улс цөмийн эрчим хүчний хэрэглээний төлөв байдлаараа дээр дурдсан гуравдугаар ангилалд албан ёсоор багтан орж 2 ба 3 -р үе шатны зорилтот ажил цаашид үргэлжлэх ба сөрөг шийд гарвал дөрөвдүгээр ангилалд албан ёсоор багтан орж энэ чиглэлийн ажил үргэлжлэхгүйгээр 1-р шатаар дуусгавар болно. 

• Ажлын хэсэг бол хөтөлбөрийн урт богино хугацааны шийдвэрлэгдсэн шийдвэрлэгдээгүй бүхий л эерэг ба сөрөг үр дагавар, үзүүлэлтүүд, хүчин зүйлсийг ижил төвшин хэмжээнд ялгавар үзэлгүйгээр мэргэжлийн цэвэр хандлагаар хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр ил тодоор гарган тавих ёстой. 


“Цөмийн эрчим хүчний хөтөлбөр” хэрэгжүүлэх эсэхээ шийдэх шатандаа байгаа Монголын өнөөдрийн нөхцөл байдалд Монголд цөмийн эрчим хүчний үйлдвэр барих хэрэгтэй юу, үгүй юу гэж мэдэх мэдэхгүй хүмүүсээс шууд асуух, энэ асуултанд “тийм” буюу “үгүй” гэсэн шууд хариулт авах өгөхийг оролдох, цаашилбал хүмүүсийг энэ асуудлын “эсрэг” эсвэл “төлөө” гэж ялгаварлан ангилах гэх мэт утга учир үндэслэлгүй, байж болшгүй, мэргэжлийн бус хандлага ажиглагдах тохиолдол гарч байна.


Зүйрлэн хэлэхэд, Монголд цөмийн эрчим хүчний үйлдвэр барих хэрэгтэй гээд одоо шууд илэрхий урдичилан сурталдаад байгаа зарим хүмүүс бол энэ чухал “тоо бодлого”-ыг эхний өгөгдөлүүдээс нь эхлэн дэс дараатайгаар бодож хэрэгтэй/хэрэггүй хэмээх “хариу”- г гаргахын оронд бүр манайд тохирох тохирохгүй нь тодорхой бус харь орны бэлэн “хариу”-наас нь эхлэн хөөж урвуу дараалалаар “тоо бодлого”- гоо бодох гэж оролдож байгаатай нэн адил гэж үзэхээр үйлдэл хийж байна. Бүх нийтээрээ ойлгон хүлээн зөвшөөрөхүйц, мэргэжлийн дээд зэрэглэлийн үндэслэлтэй, маш тодорхой “хариу” нь 1-р шатны үйл ажиллагааны төгсгөлд зөвхөн Засгийн газраас эцэслэн гарах ёстой.

 “Улс төр”- ийн, “захиргаа”- ны, “мэргэжил”- ийн нэгдмэл байдлыг агуулсан, “зөвшөөрөл”- ийн төдий бус, өнөө ба хойч үеийнхээ өмнө жинхэнэ “үүрэг хариуцлага” хүлээсэн, үлгэр жишээ шийд Засгийн газар ухамсар төгөлдөрөөр эцэслэсэн гаргана гэдэгт би итгэж байна. 


Олон Улсын Атомын Энергийн Агентлагт Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх хяналтын НҮБ-ын Байцаагч (Инспектор)-аар 30 жил ажиллаад чөлөөндөө гарсан, Физик-Математикийн ухааны доктор (PhD), Балчин овогтой Чимэдбазарын Жаргал