sonin.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Монгол Улсын Сангийн яам, Төрийн Худалдан авах ажиллагааны газар, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар болон дүүргүүдийн Худалдан авах ажиллагааны албад хамтран өнөөдөр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.




Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн. Тэгвэл өнөөдрийн хэлэлцүүлгээр хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, цаашид шийдвэрлэх арга замыг тодорхойлох чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг боллоо гэдгийг оролцогч талууд хэлж байсан юм.




Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэлсэн үгэндээ “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбоотой харилцаанд орж байгаа бүхий л байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж, шинэ тутам хэрэгжиж байгаа хуулийнхаа давуу сайн талуудыг ярилцаж, том жижиг гэлтгүй тулгарч байгаа алдаа дутагдлаа шүүн тунгаахаар энд цугласанд баяртай байна. Гадаадын томоохон аж ахуйн нэгж байгууллагууд манай тендерт оролцоход тендерийн баталгааг цахимаар байршуулах зэрэгт хүндрэл үүсээд байна. Бид сая хот байгуулалттай холбоотой олон улсын зөвлөх үйлчилгээний тендер зарлахад тендерийн баталгааг цахимаар байршуулахтай холбоотой харилцаанаас шалтгаалж, материал дутуу гэдэг шалтгаанаар манайхтай хамтарч ажиллах боломжгүй болсон. Одоо энэ тендерийг гурав дахь удаагаа зарлаад явж байна. Энэ мэт жижиг боловч хүндрэл учруулж байгаа асуудлуудаа засах шаардлага зайлшгүй байна” гэдгийг онцолсон юм.

Түүнчлэн хэлэлцүүлэгт Улаанбаатар Төмөр зам ХНН, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс Монгол ХХК, МИАТ ТӨХК зэрэг томоохон худалдан авагч байгууллагууд болон Авлигатай тэмцэх газар, нийслэл дэх Төрийн аудитын газар, Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар зэрэг 60 гаруй байгууллагын төлөөлөл оролцлоо.



Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул “18 жилийн дараа хуулиа шинэчилж байна. Ингэснээрээ өмнө нь гардаг байсан алдаа дутагдлуудыг засаж чадсан. Бид одоогоор хэрэгжүүлээд удаагүй байгаа учраас туршлагын болон ойлголтын зөрүүнүүд гарч байгааг үгүйсгэхгүй” гэдгийг онцлоод хэлэлцүүлгийн үеэр хууль хэрэглэгч байгууллагуудын төлөөллөөс гаргасан санал, асуултад тухай бүрд нь хариулт өгсөн юм.



Харин нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Батцэцэг “Нийслэл бол төрийн том худалдан авагчдийн нэг. Олон улсын нээлттэй тендерийг зарлахад системийн хэлний асуудал үүсэж байна. Маргаан гарлаа гэхэд манай улсын шүүхээр шийдэх үү, арбитрын шүүхээр явах уу гэдэг асуудал гарч байна. Гэрээнийхээ дүнг төгрөгөөр байгуулах уу, валютаар байх уу зэрэг анзааралгүй орхиж болохгүй хүчин зүйлстэй тулгарч байна” гэдгийг онцоллоо.