sonin.mn

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөдөөнөөс сонгогдсон гишүүдээс орон нутагт ажиллая гэсэн санал хүсэлт маш их ирж байгаа. Үүнийг харгалзан үзээд энэ долоо хоногт бүх хуулиудаа баталчихвал чуулганыг завсарлуулж магадгүй. 


Сонгууль ойртсон энэ үед хууль хэлэлцэх маш хүнд байдаг. Өмнөх парламент хурууны хээгээр санал өгдөггүй байсан учраас "төгөлдөр хуурдах" гэсэн нэр томьёотой байсан. Долоон гишүүн сууж байгаад л хууль баталчихдаг, ирц бүрдүүлчихдэг байсан жишээнүүд байдаг юм билээ.


Нэг гишүүн 10 секундэд есөн гишүүний кнопыг дарж рекорд эвдэж байсан" гэлээ. УИХ-ын даргын дээрх байр сууринаас харвал чуулган удахгүй буюу энэ долоо хоногт ч завсарлаж магадгүй байна. Чуулган завсарлахтай зэрэгцэн Хянан шалгах түр хорооны сонсголуудыг цуцлах асуудал яригдана. Одоогоор УИХ-ын хянан шалгах тухай хуулийн хүрээнд байгуулагдсан гурван ч сонсголын түр хороо байгуулагдаж, зарим нь сонсголын товоо зарлаад байна.


Нэгдүгээрт, Ашигт малтмалын лиценз олголтыг шалгах түр хорооны сонсгол. Энэхүү түр хороог УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг ахалж байна. Түр хорооны нээлттэй сонсголыг тавдугаар сарын 20-25-нд зохион байгуулахаар бэлтгэл хангаж буй юм.


Хоёр дахь сонсгол нь Ногоон автобусных. Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажиллаж байна. Одоогийн байдлаар тус сонголд 120 гаруй хүнийг гэрчээр дуудахаар төлөвлөжээ. Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ " УИХ-ын тогтоолтой учраас сонсголыг зайлшгүй хийх ёстой. Хянан шалгагч, шинжээчид бүх асуудлыг шалгаж, судалж үзсэн. Түр хорооны дараагийн хурлыг ирэх сарын 6-нд хийнэ гэж тогтоогоод байна. Давхардсан тоогоор 103 гэрч дуудна. Гэрч нарын дотор бидний мэдэх дарга нар бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, хотын дарга асан Д.Сумъябазар нарыг дуудсан " гэсэн мэдээллийг өнгөрсөн долоо хоног өглөө.


Гурав дахь нь газрын сонсгол. Энэхүү сонсголын түр хороог ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж буй. УИХ-ын дарга Г.Занданшатар газрын сонсголыг тавдугаар сарын 15-ны дотор зохион байгуулах үүргийг ажлын хэсгийнхэнд өгч байв. Тэгвэл УИХ-ын чуулган энэ долоо хоногт завсарлахаар болвол дээрх сонсголууд нь цуцлагдана гэсэн үг. Харин баасан гарагт болсон чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар энэ асуудлаар арай өөр байр суурь илэрхийлэв.  


УИХ-ын гишүүн Т.Доржханд:- Ногоон автобусны худалдан авалтаар нээлттэй сонсгол хийх ёстой ч Түр хорооны ирц бүрдэхгүй байна. УИХ-ын сонгууль болохоос өмнө энэ асуудлаар нээлттэй сонсгол хийх ёстой. Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэхүү ногоон автобусны худалдан авалттай холбоотой асуудлаар маш ноцтой зүйлүүд ярьсан шүү. 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар: 


-Гишүүдийг ирцээ бүрдүүлж, нээлттэй сонсголуудыг зохион байгуулах бэлтгэл хангах хэрэгтэй. Нэгдүгээрт, УИХ-ын даргын захирамж гарсан, Хот тосгоны эрхзүйн байдлын тухай болон Малчин өрхийн нэгдсэн холбооны тухай хуулийн төслийг иргэдээр хэлэлцүүлж, санал дүгнэлтээ байнгын хороондоо ирүүлнэ. Хоёрдугаарт, ашигт малтмалын лиценз олголттой холбоотой олон асуудал хөндөгдөж байна. Иймд ашигт малтмалын Хяналт шалгалтын Түр хороо үйл ажиллагаагаа идэвхжүүлэх хэрэгтэй. Ажиллаж буй орон нутгаасаа ашигт малтмалтай холбоотой санал гомдлыг авчирч, Хяналтын шалгалтын Түр хорооны нээлттэй сонсголыг тавдугаар сарын 20-25-нд зохион байгуулах бэлтгэлийг хангах хэрэгтэй. "Ногоон автобус", газрын асуудлаарх нээлттэй сонсголуудыг яаравчлах, түргэвчлэх талаар УИХ-ын гишүүд санаачилгатай ажиллаж, ирцээ бүрдүүлж, Хяналт шалгалтын Түр хороо хуралдахгүй байгаа асуудлыг онцгой анхаармаар байна” гэлээ. Тэгэхээр пүрэв гарагт УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг завсарлуулна гэсэн бол баасан гараг түр хорооны ажлыг эрчимжүүлэх үүрэг өгөв. Харин энэ долоо хоногт чуулган завсарлах эсэх, сонсгол болох эсэхэд ямар нэгэн шийдвэр гарна гэсэн хүлээлттэй байна.



Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин