sonin.mn

МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийн дуу хоолойгоор мэдэгдэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.



 

 

Монголын нийт ард түмэндээ, өнөөгийн эрх баригчид, хэвлэл мэдээллийнхэндээ
Миний зарласан хуурай өлсгөлөн түүний эрүүл мэнд амь насанд үзүүлэх эрсдэл хариуцах эздийн тухай


 


Миний бие 2012 оны 04 сарын 13-ний өдөр үндэслэлгүй хууль бус шийдвэрээр хууль зөрчсөн цагдаа хүчний байгууллагын бие бүрэлдэхүүний хүчирхийллийн арга хэмжээний үр дүнд албадуулан саатуулагдаж цагдуулан хоригдсон. Тэр цаг хугацаанаас өмнө явуулж байсан хууль зөрчсөн үйл ажиллагаагаа АТГ хүчлүүлж хуулийг өөрт ноогдуулаагүй эрх мэдлийг эдэлж эрүүгийн хуулийн 150.3 хэмээх зүйлтэй зохиомол хэргийг шалгах хэрэггүй мөртлөө шалгаж, мөрдөн байцаагчид нь алхам тутамдаа хууль зөрчиж прокурорууд тэдэнтэй үгсэн хуйвалдаж тэдний үйл ажиллагааг хянахын оронд харин өөгшүүлж шүүх нь авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид болон тэдэнтэй хуйвалдсан прокуроруудын хэлсэн үг болгоныг ёсчлон баталгаажуулж хараат бус байдлаа алдсанаа удаа дараагийн үйлдлээрээ баталлаа.

 

Энэ бүхэн намайг улс төрийн зорилгоор хилс хэрэгт холбогдуулах улмаар сонгуульд шудрагаар оролцож өрсөлдөх боломгүй болгож миний болон МАХН ба түүний хамтран ажиллаж байгаа нам эвсэлийн Оюутолгойн гэрээг засаж Монголын талд ашигтай болгох Таван толгойн ордыг бүхэлд нь 100 хувь ард түмний мэдэлд өгөх хээл хахууль авилгатай тэмцэж арилгах, олигархи системийг бүр мөсөн халах төр болон улс төрийн намуудыг ард түмний хяналтад оруулах, шударга ёсыг эргүүлэн тогтоох зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд саад болох зорилготой хэлбэрээрээ ч хууль зөрчсөн агуулгаараа ч ард түмний эрх ашгийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа юм.

 

Энэхүү балмад үйл ажиллагаатай үл эвлэрч миний бие энэ оны 5-р сарын 4-ний өдөр хуурай өлсгөлөн зарлаж тодорхой шаардлагуудыг тавьсан. Өлсгөлөн зарлсанаас хойш 7 дах хоног өнгөрч 8 дахь хоног болж байна. Эрх баригчид миний тавьсан шаардлагад одоог хүртэл дорвитой хариу ирүүлээгүй байна. Харин тэд гэнэт миний эрүүл мэндийн асуудалд анхаарлаа хандуулж байгаа мэт жүжиг тоглож өөрсдийн шилж сонгосон төлөөний эмч нарын баг ирүүлдэг боллоо.

 

Иймд миний зүгээс  аль болохоор өлсгөлөнийгин шаардлагуудыг биелүүлэхгүй байх харин өөрсдийн шилж сонгосон эмч нараараа өөрсдийнхөө санаанд нийцсэн дүгнэлт гаргуулж, миний биеийн эрүүл мэнд хэвийн сайн байгаа мэт ойлголт өөрсдөө авч санаа амар юу ч болоогүй юм шиг малийж суух, олон түмэнд худал мэдээлэл өгч тайвшруулахыг оролдож байгааг нотолж байна. Тэд бас өөрсдийн хүнээрээ дамжуулан айлган сүрдүүлэх аргадан сэнхрүүлэх аль аль аргыг хэрэглэж өлсгfлөнгөө зогсоохыг надаас хүсч бас шаардаж байна.

 

 

Өлсөглөн зогсоох хоёр арга бий.

 


Нэгдүгээрт

Өлсгөлөнг би өөрөө зогсоох.Гэхдээ аливаа юманд учир байдаг тэр тусмаа амь нас эрүүл мэндээ дэнчин тавьж тэмцэж байгаа өлсөглөнг зарлахад ихээхэн учир бий. Ямар ч байсан өлсгөлөнг эхлэхэд түүнийг зарласан тухайн хүн гэхээсээ илүү эрх баригчдын хууль бус хүний эрх эрх чөлөөг уландаа гишгэсэн үйл ажиллагаа буруутай гэж тооцогддог. Өлсгөлөн бол зүгээр нэг маяг биш харин эрх баригчдын даварсан хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох засаж залруулахын тулд бүхий л хууль ёсны арга хэрэглээд болохгүй болхоор аргагүйн эрхэнд эхлүүлж буй тухайн хүндээ ихээхэн эрсдэлтэй үйлдэл юм. Гэм буруутай хүн бол өлсгөлөн зарлах сэтгэлийн тэнхээгүй байдаг.  Тийм учраас зарлаж чаддаггүй. Харин гэм буруугүй хүн өлсгөлөн ч зарладаг, сэтгэлийн тэнхээтэй ч байдаг, тууштай ч тэмцдэг. Эхлүүлэхэд амаргүй.  Хуулийн зөрчил балмад үйл ажиллагаа засраагүй байхад өөрөө зогсоох нь боломжгүй алхам юмаа.

 


Хоёрдугаарт


Эрх баригчид тавьсан шаардлагыг бүхэлд нь эсвэл эхнээс нь хэсэгчлэн биелүүлж эхэлвэл өлсгөлөн зогсоно.  Энэ нь ардчилсан хүмүүнлэг нийгэмд хэрэглэгддэг  баримталдаг арга юм. Өөрөөр хэлбэл иргэдийнхээ зовлон жаргалыг  хуваалцдаг төр өлсгөлөнг зогсоохын тулд өөрөөсөө санаачлага гаргаж эхний алхамаа хийдэг гэсэн үг юм. Ингэснээр төр өөрийгөө иргэний эрх эрх чөлөөг хүндэтгэдэг иргэнийхээ эрүүл мэнд амь насыг онцгой анхаардаг энэрэнгүй, хүчтэй,  зоригтой төр мөн гэдгээ харуулдаг.

 

Тийм ч учир миний бие өдий болтол төр өөрөө хууль зөрчсөн үйл ажиллагааг үйлдэл эс үйлдлээрээ дэмжиж өөгшүүлж гүнзгийрүүлж ирсэн бөгөөд харин одоо буй болсон нөхцөл байдлыг эрүүл саруулаар харж алдаагаа засах анхны алхамаа хийх чадвартай шударга хүчтэй төр мөн үү үгүй юу гэдгийг анхааралтай харж, хараад зогсохгүй шаардаж байна. Өнөөгийн төр ийм алхамыг хийсэн тохиолдолд буюу намайг хууль бусаар хорихоо больж элдэв худлаа зохиомол хэрэг тулгаж саад учруулалгүй сонгуульд бусад намуудын удирдлагуудтай ижил тэгш чөлөөтэй оролцох,  шударга өрсөлдөх, сонгох сонгогдох эрхээ эдлэх бүрэн бололцоогоор хангавал би ухамсартайгаар өлсөглөнгөө зогсоох алхамаа хийх болно. Эс тэгвээс иргэний эрүүл мэнд амь нас нь өнөөгийн төрд огтхон ч хамаагүй юм байна гэж үзэж хамаатай байх ёстой гэдгийг ойлготол нь өлсгөлөнгөө үргэлжлүүлэх болно.

 

Энэ бол зөвхөн миний асуудал ч биш нийт монголчуудын шударга ёсыг эргүүлэн тогтоох байгалын баялагтаа эзэн суух төрөө ард түмний хяналтанд байлгах хараат бус шүүх хууль хяналтын байгууллагын тогтолцоог сэргээж бат бэх тогтоох тэмцлийн нэг л хэсэг учир ийм шийдэлд хүрч байгаа юм. Тэгээд ч миний шаардлагыг биелүүлэхийг шаардаж өөр олон иргэн өлсгөлөн зарласан тул эрх баригчид алдаагаа ухамсарлаж өөрийн зүгээс хийх алхамаа хийх шаардлагатай гэж үзэж байна. Өлсгөлөн зарласан хүмүүст хандаж мөн тэдний өлсөглөн зарласантай нь холбогдуулж дараах зүйлийг онцлон хэлж байна.

 

Үүнд: Нэг.  

Уг нь та бүхэн маань өлсгөлөн зарлах хэрэг байсан уу? Өлсгөлөн зөвхөн сайн дурын үндсэн дээр зарласан байх ёстой. Та нарын маань өлсгөлөн нойтон өлсгөлөн байх ёстой юм шүү.  Мөн өлсгөлөнд суусан улс заавал эрүүл мэндийн хувьд шаардлага хангасан байх ёстой шүү. Хоорондоо эвтэй нэг нэгэндээ сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байна шүү гэдгийг анхааруулъя. Та нарынхаа эр зориг, сайхан сэтгэл, тууштай тэмцэх чанарыг биширч байна. Та бидний хамтын тэмцэл эхэлсэнээрээ ялалтыг улам ойртуулж байна.

 

Хоёр

Эрх баригчид өлсгөлөн зарласан хүмүүсийн шаардлагыг нэн даруй биелүүлэхийг шаардаж байна. Эс тэгвээс тэдгээр хүмүүсийн эрүүл мэнд амь нас хохирвол өнөөгийн төр засаг хариуцлага хүлээх ёстой хэмээн мэдэгдэж байна.

 

Гурав

Ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө тэмцэлд өөрийн эрүүл мэнд амь насаа золиослон тэмцэж байгаа зоригтнуудад сэтгэл санааны болон бусад дэмжлэгийг үзүүлэх,  ялангуяа өнөөгийн эрх баригчдад хатуу шаардлагыг тавьж өлсгөлөн зарласан иргэдийн шаардлагыг нэн даруй биелүүлэх шахалт үзүүлэхийг нийт олон түмэндээ хандан уриалж байна.

 

Ард түмний итгэл дэмжлэгээс илүү зүйл хаана ч юу ч байхгүй ээ. Монголын ард түмэн маань  миний улс эх орныхоо эрх ашгийг ямагт хамгийн өндөрт тавьж ард түмнийхээ тусын тулд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж ажиллахдаа өөрөө бодохдоо чамлахаар өнөөгийн эрх баригчдын хийсэн бүтээсэн зүйлтэй зэрэгцүүлвэл чамлахааргүй зүйлийг хийж бүтээснийг маань сайн мэдэж байгаа.  Би өнөөгийн эрх баригчидтай адил ард түмнийхээ баялагаас завшаагүй гадныханд найр тавьж өгөөгүй ээ сонгууль луйвардаж байгаагүй ээ.

 

Миний ажиллаж байх үед хээл хахууль өнөөгийхтэй адил цэцэглэж байгаагүй ээ. Миний ажиллаж байх үед улс төрийн зорилгоор өрсөлдөгчөө хиймэл хэрэг тулган олон хоног орон шоронд оруулж байгаагүйг бүр сайн мэднэ. Нэг эрх баригчийн хурууны үзүүрээр хөдөлдөг хэнд ч хохиролтой. Харин ард түмэнд шударга ёсонд хажуудаа шийдэж болох асуудлыг хүндрүүлж хүний эрүүл мэнд амь нас хохироох аргаар шийдэх гэж муйхарлавал өнөөгийн олигархи системийн эрх баригчдын харгис ажиллагаа улам олон хүний дургүйцэл зэвүүцлийг төрүлэх нь ойлгомжтой бөгөөд эднийг эсэргүүцсэн ард түмний тэмцэл уулам өргөжин гүнзгийрэх нь тодорхой . Өнөөгийн эрх баригчид яаж ч эсэргүүцсэн шударга ёс Монголд ялж тогтохдоо л тогтоно.

 

Шударга ёсны тэмцэлд хэн ямар байр суурь баримталж байсныг шударгаар шүүх цаг ирэхэд нүүр улайхааргүй байхаар өнөөдөр хамтдаа тэмцэцгээе. Монгол ахан дүүсээ миний тэмцэл бол ард түмний тэмцэлийн нэг хэсэг ард түмнийхээ ашиг сонирхолыг хангах нь миний тэмцэлийн гол зорилго юм. Хуурай өлсгөлөнгөөс болж миний эрүүл  мэнд амь насанд хор хохирол учирвал өнөөгийн эрх баригчид Тухайлбал Ц Элбэгдорж, Д.Дэмбэрэл,Д.Дорлигжав, Зориг, Ц.Нямдорж, Сү.Батболд нар болон тэдний гар хөл бологсод буруутайг хариуцлагатай мэдэгдэж байна.

 

Харин эмч нар ямар ч буруугүй бөгөөд тэд нарт ил далд дарамт үзүүлж бурууг тэдэнд тохох гэж оролдвол, эсвэл тэдэнд хүчээр тулгалт хийж надад албадан эмчилгээ хийлгэх гэсэн аливаа оролдлогыг эсэргүүцэж байгаагаа болон ийм оролдлогоос гарах аливаа эрсдэлийг гагцхүү дээр нэр нь дурдагдсан этгээдүүд хүлээх болно.

 

 

Шударга ёс мандтугай!

 

 

 Хууль бусаар хоригдож байгаа хуурай өлсгөлөн зарлаад 8 дахь хоног дээрээ байгаа Н Энхбаяр
          Улаанбаатар хот     2012 оны 5-р сарын 11- ний өдөр

 

 

Би энэ мэдэгдлийг албан ёсоор бичгээр үйлдэж диктафонд бичүүллээ

 

 

Монголчууддаа би итгэдэг шүү та нартаа би хайртай!